Компаниуд засаглалаа сайжруулах тунхаг бичигт гарын үсэг зурлаа
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр
2014.12.25

Компаниуд засаглалаа сайжруулах тунхаг бичигт гарын үсэг зурлаа

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, ТОП-20 индексийг бүрдүүлдэг хувьцаат компаниудын ТУЗ-ийн дарга нар өчигдөр тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

Тунхаг бичгийн гол агуулга нь сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах амлалт аж. Энэхүү бичигт эхний ээлжинд “Говь” “Хөх ган”, Могойн  гол”, “Шарын гол”, Талх чихэр", “Дархан нэхий”, “БиДиСек” компанийнхан гарын үсэг зурав.

Санхүүгийн зохицуулах хорооноос ил тод нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай байхыг тусгасан “Компанийн засаглалын кодекс”-ийг энэ онд баталсан. Саяхан Монголын хөрөнгийн бирж бүртгэлтэй компаниудаа гурван үндсэн шалгуур тавьж ангилсан юм. Ингэхэд “Компанийн засаглалын кодекс”-ийг бүрэн хэрэгжүүлэх шалгууртай нэгдүгээр ангилалд нэг ч компани багтаагүй.

Энэ үеэр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Энэ бол эхлэл бүртгэлтэй

240 компанийнхаа засаглалыг сайжруулахаар ажиллана. Томоохон биржүүд бүртгэлтэй компаниудаар засаглалын кодексийг ягштал мөрдүүлдэг. Манай засаглалын кодексийг мөрдөхгүй байгаа” гэв. Түүнчлэн эрчим хүчний нүүрс олборлогч “Шарын гол” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх “Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэдээ компанийн үйл ажиллагааны мэдээллийг нээлттэй хүргэх нь чухал. Манай компани энэ үүргээ тодорхой түвшинд биелүүлдэг гэж бодож байна. Сайн засаглалтай, нэгдүгээр ангиллын компани болохын төлөө ажиллана” гэв.