НҮБ-ын хүн амын сангийн санхүү удирдлагын асуудал эрхэлсэн захирал ноён Субхаш Гуптаг хүлээн авч уулзлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүн амын сангийн Санхүү удирдлагын асуудал эрхэлсэн захирал ноён Субхаш Гуптаг хүлээн авч уулзлаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Монгол Улсад хүн амын насжилтын цонх үе тохиож байна. Энэ ч утгаараа хүн амын бүлгүүдээс онцгой анхаарал татаж байгаа нь залуучууд юм.
Залуучуудыг төрөөс дэмжих, тэдэнд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд НҮБ-ын Хүн амын сантай өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж ирсэнийг дуулгахад таатай байна. Ялангуяа залуу гэр бүлийг дэмжин ажиллахыг зорино. Шинэ он гараад манай улсын хүн ам 3 саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Тиймээс хүн амын өсөлт, эмэгтэйчүүдийн төрөлтийг дэмжсэн бодлого барьж ажиллахаар үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан" гэдгээ уулзалтын эхэнд онцолсон.
НҮБ-ын Хүн амын сангийн Санхүү удирдлагын асуудал эрхэлсэн захирал Субхаш Гуптаг "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулсанд танай Засгийн газарт баярлаж байгаагаа хэлмээр байна. Энэ нь Монгол Улс хүн амын хөгжлийн асуудалд онцгой анхаарч эхэлсний илэрхийлэл хэмээн ойлгож байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан цагаас эхлэн хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад, жендэрийн тэгш байдал, залуучуудын чиглэлээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран, манлайлах үүрэгтэй ороцож ирсэн.
Түүнчлэн НҮБ-аас зохион байгуулдаг олон улсын хэмжээний хурал, чуулганд идэвх санаачлагатай тогтмол оролцож байгаад баяртай байгаагаа дахин хэлье. Цаашид залуучуудыхаа нөөц боломжийг бүрэн ашиглаж, тэдний санаа бодлыг бодлого хөтөлбөрт тусган ажиллах хэрэгтэй" гэв.