Монгол улсын 295 сум шилэн кабелийн сүлжээнд холбогдлоо
“Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Бор-Өндөр, Галшар, Дэлгэрхаан, Баянмөнх сумдад суурилуулсан шилэн кабелийн суурилуулалт болон тоног төхөөрөмжийн нээлтийн арга хэмжээ 2014 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, тус газрын БХЗГ-ын дарга Ф.Ганбаатар, МХС ТӨК-ийн дэд захирал Г.Алтанхуяг, ТХН-ийн зохицуулагч Э.Алтанбагана, аймаг, сумдын удирдлагууд болон нутгийн иргэд оролцов. Нээлтийн арга хэмжээний үеэр иргэд интернэтийн сүлжээнд холбогдож цаг үеийн мэдээллийг шуурхай авч байлаа.
Дээрхи сумд шилэн кабельд холбогдсоноор төслийн хүрээнд холбогдох ёстой 150 сум бүрэн холбогдож дуусч байгаа ба 9000 км орчим шилэн кабелийн суурилуулалт хийгдэж, Монгол улсын хэмжээнд 295 сум шилэн кабелийн сүлжээнд холбогдоод байна.
Шилэн кабелийн сүлжээнд холбогдсон сумдад МЦХ ХХК интернэтийн үйлчилгээг оруулах ажлыг зохион байгуулж байна.