Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаархи хэлэлцүүлэг өрнүүлж байна
УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Баярсайхан, ЦОюунгэрэл нарын санаачилсан
2014.11.18

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаархи хэлэлцүүлэг өрнүүлж байна

УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Баярсайхан, ЦОюунгэрэл нарын санаачилсан "ШҮҮМЖЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ" хуулийн төслийн талаар санал бодлоо доорхи и-мэйл хаягаар бидэнд илгээнэ үү. 

  • bold_lu@parliament.mn
  • bayarsaikhang@parliament.mn
  • oyungerel@parliament.mn

ШҮҮМЖЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Хууль зүйн үндэслэл

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын удиртгал хэсэгт: “...хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх нь ... хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж”, 19 дүгээр зүйлд: “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” хэмээн зарлан тунхагласан.

Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын 19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт: “хүн бүр үзэл бодлоо ямарч хорио саадгүй баримтлах эрхтэй”, 2 дахь хэсэгт: “хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаарзүйлийн 16 дахь хэсэгт: “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” үндсэн эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэн баталгаатай эдлэхээр хуульчлан тогтоосонбилээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилалын гол амин сүнс болох “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх” эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх арга механизмыг бий болгосноор уг эрх тунхаг бус бодитоор эдлэх боломж бүрдэн амь орох учиртай.

 Уг эрхийн хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийг баталсан боловч уг хууль нь хувь иргэнд хүртээл багатай зөвхөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, мэдээллийн хэрэгсэлд хамааралтай байдлаар боловсруулагдсан.

Мөн Улсын их хурлын 2003 оны 10 сарын 24-ны өдрийн 41дугаар тогтоолоор  баталсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн  хоёрдугаар бүлгийн 2.2.5.5 дахь заалтад: “Иргэдээс хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан  хийх зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтан, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааны талаар өөрийн санаа бодол, шүүмж, зэмлэлээ чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн хүчтэй  баталгаа (зарчим) тогтоох”-оор заасан хэдий ч энэ талаар боловсруулагдсан, батлагдсан хууль тогтоомж алга байна.

Нийгмийн харилцаа, техник, технологи хөгжихийн хирээр хүний “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх” эрхээ хэрэгжүүлэх арга хэрэгсэл улам бүр нэмэгдэж байгаа боловч уг эрхийг хамгаалах хууль зүйн хамгаалалт үгүйлэгдэж байна.

Практик шаардлага

Хүнийг “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх” эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө хууль зүйн хариуцлага хүлээлгэх, хяхаж хавчих сөрөг үзэгдэл амь бөхтэй оршсоор байгаа төдийгүй төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтооход чиглэсэн тохиолдол гарах боллоо. Сүүлийн 4 жилийн судалгаагаар хүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэний төлөө эрүүгийн хариуцлагад татуулах өргөдөл гаргасан нийт хүний 90 хувь нь албан тушаалтан байна.

Энэ нь жирийн иргэдийн эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн бодитой хамгаалалт, баталгаа хэрэгтэйг илтгэн харуулж байна.

Хүний “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх” эрхийн гол амин сүнс нь удирдлагаа магтах эрх бус, чухамхүү шүүмжлэх эрх байдаг. Шүүмжлэл нь уг эрхээ хэрэгжүүлж буйн илрэл болох бөгөөд шүүмжлэлд өртөж буй этгээдийн хувьд алдаа дутагдлаа засах, шийдвэр, үйл ажиллагаа нь хуулийн дагуу ил тод болох нийгэм улам зөв хөгжих үндсэн нөхцөл болдог.

Шүүмжлэх эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулах нийгмийн хэрэгцээ шаардлага  зохицуулалтаа хүлээсээр байна. Уг эрхийг хүлээн зөвшөөрч хуульчилсанаар шүүмжлэгчийг айдасгүй, дарамт шахалтгүй байлгах болон Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх төрийн чиг үүрэг хэрэгжих юм.

Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хуулийн үйлчлэлд хамаарч буй байгууллага, албан тушаалтны алдаа, дутагдлыг ил болгосон шүүмжлэгч иргэний эрхийг эрхийг хамгаалах, шүүмжилснийх нь төлөө хариуцлага хүлээлгэдэггүй байх, шүүмжлэлийн эсрэг аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байхтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд 2 бүлэг 11 зүйлтэй.

Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн нийтлэг үндэслэл буюу зорилт, үйлчлэх хүрээ, нэр томъёо, зарчмыг тусгасан бол хоёрдугаар бүлэгт шүүмжлэгчийн эрхийг хамгаалах арга, механизмийг тогтоосон.

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар      

Хуулийн төсөл батлагдсанаар шүүмжлэх эрх баталгаатай хангагдах нөхцөл бүрдэнэ.Хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хяналт тавихаар зохицуулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор уг хороонд энэ чиг үүрэг нэмэгдэнэ.

Дөрөв. Хуулийн төсөл нь бусад хуультай хэрхэн уялдах, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөөгүй, Иргэний хуульд нийцсэн болно.

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл шинээр боловсруулж байгаатай холбогдуулан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулна.

ШҮҮМЖЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж байхгүй байгаа нь хүнийг шүүмжилснийх нь төлөө сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдлыг бүрдүүлээд зогсохгүй, олон төрлийн дарамт шахалтанд өртөх нөхцлийг бүрдүүлсээр байна. Шүүмжлэл бол төрийн байгууллага, албан тушаалтныг хариуцлагажуулж, нийгэмд хуулийн засаглал жинхэнэ утгаараа тогтох, шударга ёс ноёлох суурь нь болдог.

Шүүмжлэгчийн эрхийн хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг гадаад орнуудад 1970-аад оноос батлан гаргаж эхэлсэн бөгөөд эдүгээ АНУ, Их Британи, Япон, БНСУ, Норвеги, Голланд, Румын, Швейцар зэрэг улс орнуудад баталжээ.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 10 сарын 24-ны өдрийн 41дугаар тогтоолоор  баталсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг”ийг баталсан бөгөөд үүнд: “ үзэл бодлоо үзэл бодол, шүүмж, зэмлэлээ чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн хүчтэй баталгаа, зарчмыг тогтоохоор  тусгажээ.

Шүүмжлэгчийн эрхийг хууль зүйн хувьд бүрэн тууштай хамгаалахад улс орнуудын холбогдох хууль тогтоомжийн зорилго чиглэгджээ.

Энэ хуулийн төслийг боловсруулахдаа дээр дурсан улс орнуудын шүүмжлэгчийн (whistle blower-шүгэл үлээгч) эрхийг хангахтай холбогдсон хууль тогтоомж, шүүхийн практик, судлаачдын сүүлийн үеийн судалгааны хүрсэн түвшинд тулгуурласан болно.

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл батлагдсанаар хүнийг хэлмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус, алдаа дутагдалтай үйл ажиллагаа, авилгыг илчлэх, ийм төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээгээр хамгаалагдсан шүүмжлэгчийн эрхийг баталгаатай хамгаалах механизм бүрдэх юм.

            Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хууль нь 2 бүлэг, 11 зүйлтэй байна.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ  ДАРЖ ҮЗНЭ ҮҮ