С.Бямбацогтыг МҮОНТ –ийн нэвтрүүлэгт битгий оруул гэж чиглэл өгчээ
МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцохоор телевизийн хөтөлбөрт тусгагдсан байсан.
2014.10.23

С.Бямбацогтыг МҮОНТ –ийн нэвтрүүлэгт битгий оруул гэж чиглэл өгчээ

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдөр буюу аравдугаар сарын 22 –ны өдөр МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцохоор телевизийн хөтөлбөрт тусгагдсан байсан.

МҮОНТ –ийн программын алба телевизийн хөтөлбөрөө долоо хоногийн өмнөөс бэлдэж боловсруулдаг бөгөөд УИХ –ын гишүүн С.Бямбацогтыг тус нэвтрүүлэгт зочноор урьсан албан бичгээ хүртэл хүргүүлсэн байна.

Гэтэл гэнэт нэвтрүүлэг эхлэхээс хоёр цагийн өмнө С.Бямбацогтыг “Засгийн газрын асуудал шийдэгдэх хүртэл ямар ч ярилцлага, нэвтрүүлгээр оруулж болохгүй” гэдэг чиглэлийг Засгийн газраас телевизийн удирдлагуудад өгчээ. Харин түүний оронд уг нэвтрүүлэгт Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан оролцсон байна.  

Уг нь Олон нийтийн радио телевизийн хуулийн дагуу бол МҮОНТ нь аль нэг эрх баригч, аль нэг нам улс төрийн хүчний заавар чиглэлээр ажиллахыг хатуу хориглодог. Тэр ч бүү хэл  телевизийн захирал удирдлагууд нэвтрүүлгийн агуулгад хөндлөнгөөс оролцохыг ч хориглосон байдаг. Гэтэл МҮОНТ нь эрх баригчдын даалгавараар сөрөг хүчний дуу хоолойг боймлох арга хэмжээ явуулж байгаа нь зүйд нийцэхгүй.  Түүнчлэн энэхүү хэрэг хэвлэл мэдээллийн байгууллага эрх баригчдын халаасанд орсон гэдгийг илтгэж байгаа юм.