Зохиогч өөрийн бүтээлийнхээ багахан хувийг Үндэсний  номын архивт  үнэ төлбөргүй өгдөг байна
2014.10.09

Зохиогч өөрийн бүтээлийнхээ багахан хувийг Үндэсний номын архивт үнэ төлбөргүй өгдөг байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014.10.08-ны өдрийн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн  танилцуулгыг сонсов.

Номын сангийн тухай хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулах юм.

Иргэдэд ном, хэвлэл мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд туслах, мэдээллийг хүн бүрт эрх тэгш хүргэх зарчмыг хэрэгжүүлэн мэдээллийг технологийн дэвшлийг ашиглан цахим болон хэвлэмэл хэлбэрээр үйлчлэх, номын сангийн үйлчилгээг хүртээмжтэй байлгахад чиглэсэн номын сангийн харилцааг дүрэм, журмаар зохицуулж байгаа бөгөөд цаашид нарийвчлан хуульчилж, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгараад байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хэллээ.

Мөн тэрээр нийт ард иргэдийн дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх, ном унших соёлыг дэлгэрүүлэх үйлсийг дэмжсэнээр үндэсний зан заншил, иргэний нийгмийн соёлыг хамтад нь хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Энэ хууль батлагдсанаар ба номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой болох талаар танилцуулгадаа дурдав.

Номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс зөөврийн номын сан болон цахим уншлага, номын сан хоорондын ном солилцооны үйлчилгээг зохицуулах шаардлагатай байгаа талаар хэлэв.

Түүнчлэн Үндэсний хэмжээний номын архив, ном хэвлэлийн бүрдүүлэлтийн бодлого алдагдсанаар төсөв хангалтгүй батлагдах, зарим тохиолдолд номын баяжилт хийгдэхгүйд хүрч үйлчлүүлэгчдийн мэдээлэл хүлээн авах эрх бүрэн хангагдахгүй нөхцөл байдал үүсч байна.

Тиймээс зохиогч өөрийн бүтээлийнхээ багахан хувийг Үндэсний  номын архивт  үнэ төлбөргүй өгдөг байхаар тусгажээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хүн амд мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарах ба номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой болох талаар танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ, А.Тлейхан нар асуулт асууж хариулт авсан бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар дэмжигдлээ