Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурна
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Атомын энергийн агентлагийн (ОУАЭА) хооронд дунд хугацаанд хэрэгжүүлэх Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт олголоо.
Энэхүү баримт бичиг нь Монгол Улс, ОУАЭА хооронд богино болон дунд хугацаанд нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлох, техникийн хамтын ажиллагааны үзэл баримтлалаа боловсруулах үндэс болдог эрх зүйн чухал баримт юм.
2015-2019 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг эрүүл мэнд, цөмийн болон цацрагийн хяналт, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, геоэкологи, цөмийн физик, геологи, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүний нөөц бэлтгэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслүүд нь Олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжинэ.
Манай улс 1973 онд Олон улсын Атомын энергийн агентлагт гишүүнээр элсчээ. Энэ хугацаанд 13,2 сая ам.долларын санхүүжилт бүхий 63 төслийг дээрх салбаруудад хэрэгжүүлжээ.