Зарим аймгийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар автомашин хүлээлгэн өглөө
Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 322 дугаар тушаал гарсны дагуу өнөөдөр буюу 2014 оны 09 дугаар сарын 30-ний өдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах 5 автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Нийт 338.500.000(Гурван зуун гучин найман сая таван зуун мянга) төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн 5 автомашиныг Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төв, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хуваарилан өгөв.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал машин хүлээлгэн өгөх үеэрээ, “Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, түргэн тусламжын салбарыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана гэж Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан.
Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэд 5 дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Өнөөдөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 1101 автомашин ашиглагдаж байна. ЭМЯ 2013 онд хот, хөдөөгийн эрүүл мэндийн 34 байгууллагад 876,3 сая төгрөгийн өртөг бүхий 42 автомашин олгосон.
2014 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэхэд 800.0 сая төгрөгийг улсын төсвөөс баталсан. Эхний ээлжинд 461.5 сая төгрөгөөр 13 УАЗ-315195-056, Хантер маркийн автомашиныг эрүүл мэндийн байгууллагад Эрүүл мэндийн сайдын 279 дүгээр тушаалаар 2014 оны 08 сард олгосон.
Автомашины засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж, өвчтөнд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхэд автомашины бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг онцлоод түргэн тусламжийн жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай” гэж ерөөлөө.