Даатгал бол илүү зардал биш үр ашигтай төлбөр
Хэрвээ та компани байгуулбал, ажилчдынхаа эрсдэлийг хариуцаж ослын нийгмийн даатгалын гишүүн болох нь хууль. Нийгмийн өмнө харицлага хүлээж, ажилчдаа цалинжуулж л байгаа бол тэдний эрсдэлийг үүрч, даатгалд хамруулах ёстой гэсэн дүрэм Германд үйлчилдэг.
Хэрвээ ажилтан тань гэнэтийн осолд өртвөл жилийн орлогынх нь 80 хувийг эргүүлэн олгох учиртай байдаг. Харин манайд гэнэтийн ослын даатгалын тогтолцоо эсрэгээрээ сайн дурын шинжтэй байдаг.
Ялангуяа өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг уул уурхай, барилгын салбарынхан даатгалд хамрагдаж, ирээдүйгээ баталгаажуулах учиртай. Гэтэл сайн дурын шинжтэй гэнэтийн ослын даатгалд компанийн эзэд тэр бүр ач холбогдол өгдөггүй хэмээн албаныхан хэлж байна. Магадгүй тэдний үзсэнээр илүү зардал байж мэдэх.
Манай улсад компанийн ажилтан эрсдэлд орлоо гэхэд тухайн байгууллагаас ганц удаа тэтгэмж олгоод л болдог.
Харин Германд тухайн ажилтан даатгалд хамрагдсан тохиолдолд ажлын байрандаа осолд орох, ажлаасаа гарах, ирэх үедээ гэмтсэн, мэргэжлийн өвчлөлд өртсөн бол нөхөн төлбөр авах эрхтэй. Засгийн газраас мэргэжлийн өвчлөлд орох жагсаалтыг гаргаад өгчихсөн.
Тухайлбал, дуу чимээнээс үүдэлтэй, арьсны, уушгины гэх мэт өвчлөлийг мэргэжлийн өвчлөлийн жагсаалтад хамруулж, даатгалд хамруулдаг. Гэхдээ Германы даатгалын санхүүжилтийг төсвөөс олгодог. Үүнээс гадна компаниудыг хооронд нь ажлын байрны аюулгүй байдлыг хангах талаар уралдуулж, шагнал гардуулж, урамшуулдаг.
Мөн аюулгүй ажиллагааны гарын авлага гаргаж, түгээмэл тохиолдох эрсдэлийн талаар нийтэлж, урьдчилан сэргийлэх, хэрхэн шийдвэрлэх талаар ажилчдад таниулдаг байна.
Манай улсад компанийн ажилтан эрсдэлд орлоо гэхэд тухайн байгууллагаас ганц удаа тэтгэмж олгоод л болдог.
Даатгал бол татвар биш
Манай улсад гэнэтийн ослын даатгалд сайн дураар хамрагддаг болохоор ч тэр үү иргэд хүртэл тэр бүр ач холбогдол өгөхгүй байх нь элбэг. Наад зах нь банкнаас зээл авахад даатгалд хамрагдсан эсэхийг асуудаг нь иргэдэд бухимдал төрүүлдэг байна.
Иймээс л даатгал гэдгийг татвар шиг ойлгох явдал иргэдийн дунд газар авсан талаар албаныхан хэлдэг. Тэгвэл иргэдийн энэ байдлыг ажигласан компанийн зарим эзэд ч даатгалын чухлыг ойлгуулдаггүй. Өөрсдөө ч мэдэрдэггүй.
Тэдний хувьд тухайн жилд ажилчдынхаа даатгалд мөнгө гаргах нь илүү зардал гэж үзэх явдал байдаг аж. Хэрвээ тэр жил осол гарахгүй бол илүү зардал болно хэмээн ойлгодог гэнэ. Тиймээс даатгал бол илүү зардал бус үр ашигтай төлбөр гэдгийг ажил олгогчид ойлгох хэрэгтэй гэдгийг албаныхан хэлдэг.
Хэдийгээр гэнэтийн ослын даатгал сайн дурынх байх ёстой ч уул уурхай, барилгын салбарынхныг заавал хамруулдаг болох нь чухал гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн Э.Далай хэлж байв.
Манай улсын даатгалын санд 57 тэрбум төгрөг нөөцөлснөөс нөхөн төлбөрт 11.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин гэнэтийн ослын даатгалын хураамжинд 3.7 тэрбум төгрөг төвлөрсөн бол нөхөн төлбөрт нэг тэрбумыг зарцуулсан байна.
Мэргэжлийн хариуцлагын даатгалын хууль үгүйлэгдэж байна
Францад 100 гаруй хууль мөрдөгддөг. Тэгвэл эдгээрийн 60 орчим нь мэргэжлийн хариуцлагын даатгалын хууль байдаг аж. Энэ нь ажилчдын хариуцлагыг өндөрсгөж, ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой байдаг.
Тэгвэл манай улсад мэргэжлийн хариуцлагын даатгалын хууль үгүйлэгдэж байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн Э.Далай хэлсэн.
Ер нь даатгалын салбарт олон улсын практик, стандарт хэвшүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнд ажил олгогч, ажилтнуудын үүрэг чухал гэдгийг хэлсэн юм.