Монгол улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Эрхэм хүндэт барилгачид аа: Та бүхэнд Монгол улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярын мэнд хүргэе. Улс эх орны түүхэн цаг үеүүдийн зорилт, бүтээн байгуулалтанд үе үеийн барилгачид түүний дотор архитектор, инженерүүдийн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм.
Манай улсын барилгын салбарын инженер хайгуул, зураг төсөл, материал үйлдвэрлэл, барилга угсралтын ажлын хэмжээ далайц жилээс жилд өсч байна. Нийслэл, аймаг хотуудын ерөнхий төлөвлөлтүүд шинэчлэгдэж, түүнийг дагасан орон сууцны барилгажилтын ажил эрчимтэй өрнөж байна.
Өнгөрсөн онд дуусаагүй үйлдвэрлэлд хөнгөлөлттэй зээл олгосноор манай улсын түүхэнд анх удаа 20 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд ч энэ дээрхи үзүүлэлт буурахааргүй төлөвтэй байна. Иргэдийг орон сууцжуулахад ипотекийн зээлийн бодлого зохих үр дүнгээ өгч 2014 оны эхний хагас жилийн байдлаар орон сууц шинээр худалдан авахыг хүссэн 22919 иргэнд 1,3 их наяд төгрөгийн зээл шинээр олгож, 18644 зээлдэгчийн нийт 539,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжжээ.
Мөн Засгийн газрын 2014 оны 151-р тогтоолоор “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт, өөрчлөлт орсоноор орон нутагт баригдсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг 7 хувьд тогтоож, гадна инженерийн дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар болов. Аймгийн төвүүдэд баригдах 1000 айлын орон сууцны инженерийн дэд бүтцийн ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон АХБанкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэн Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Булган, Орхон, Төв, Сүхбаатар зэрэг 15 аймгийн төвүүдэд гэрээний дагуу үргэлжилж байна.
2014 оны эхний хагас жилийн байдлаар орон сууц шинээр худалдан авахыг хүссэн 22919 иргэнд 1,3 их наяд төгрөгийн зээл шинээр олгожээ.
“Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд Архангай, Булган, Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Говь-Алтай, Өвөрхөнгай, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын 16 сумдад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийг шинээр барих ажил хэрэгжиж, мөн тэнд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор ШУТИС-тай хамтран “Сумдад ус хангамж, ариун цэврийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах мэргэжилтэн бэлтгэх үе шаттай сургалт”-ыг зохион байгуулав. Мөн НҮБХХ-ийн буцалтгүй тусламжаар 4 аймгийн 8 суманд инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн онд Монгол банктай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс олонхи нь үйлдвэрлэл, технологио өргөтгөн шинэчилж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон байна.
Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаар “Үндэсний үйлдвэрлэл” нэртэй цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр сурталчиллаа. Энэ онд дотоодын цементийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн бетоны үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах зорилгоор цементийн тээрэм, бетон болон чулууны үйлдвэрлэлд энэ зээлийг үргэлжлүүлэн олгож эхлээд байна.
Оны эхний хагаст 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орж, мөн тийм хүчин чадал бүхий хэд хэдэн төсөлд Монгол улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж байна. Мөн дотоодын ган бүтээц, арматурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжиж эхэллээ.
Эдгээр бодлогын үр дүнд 2016 он гэхэд цемент, арматур, ханын материалыг хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болох юм. Барилгын үйлдвэрлэлийг улирлын эрхшээлээс гаргах зорилтын хүрээнд угсармал байшин үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж, ирэх оны хавраас угсармал аргаар орон сууц, нийгэм соёлын барилгуудыг бүрэн эхлэх боломжтой болно.
Оны эхний хагаст 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад оруулжээ
Салбарын эрх зүйн орчныг шинэчлэх бодлогын хүрээнд “Барилгын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газраар батлуулж, улмаар барилгачид та бүхнээр хэлэлцүүлэх ажил шат дараатайгаар эхлээд байна.
Саяхан Монгол улсын Засгийн газрын 250, 251-р тогтоолууд гарч: Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, зохион байгуулах чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх шийдвэрүүдийг гаргалаа.
Салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа техникийн норм, нормативын баримт бичгийг шинэчлэх бодлогын хүрээнд “Барилгын норм, дүрэмд үзлэг хийж, техникийн түвшин тогтоох” ажлыг зөвлөх үйлчилгээгээр гүйцэтгүүлж байна. Мөн Евро стандартын код, гарын авлага ном, товхимлууд орчуулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажил эхлээд байна.
Цаашид зураг төсөл боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах, барилгын үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэхэд мэргэжлийн төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг чадавхижуулан хамтран ажиллах бодлогыг хэрэгжүүлнэ.
Улирал, цаг агаарын эрхшээлд үлэмж өртөн байдаг, дулааны улиралд гол ажлаа нугалдаг манай салбарын хамт олон та бүхний байнгын анхааралд байх онцгой нэг асуудал бол барилгын талбайн хөдөлмөр зохион байгуулалтыг байнга сайжруулж, үйлдвэрлэлийн осолгүй ажиллах явдал юм.
Ингээд Монголын барилгачдын үйлс бүтээл нь улам арвин байж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил болон ард иргэдийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл амьдрах орчны хөгжилд улам ихийг бүтээнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэн сайхан баярлаарай!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.БАЯРСАЙХАН