“Дэд бүтэц” төсөл Баянголын амны шугам сүлжээний ажлуудыг ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэн өгнө
2014.08.28

“Дэд бүтэц” төсөл Баянголын амны шугам сүлжээний ажлуудыг ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэн өгнө

Эдийн засагчид орон сууцны үнийн хөөсрөл 2018 он гэхэд хагарч иргэд боломжийн үнээр хэрэглээндээ тохирсон өртөгөөр байртай болох боломж байна гэж үзэж байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд шинэ хорооллуудын ерөнхий төлөвлөгөө батлагдаж шинээр суурьшлын бүсүүд бий болж байгаатай холбоотой.

Шинэ суурьшлын бүсүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох ажлуудыг Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлээд жил гаруй хугацаанд 7 хорооллын цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугам, ариутгах татуургын ажлуудыг Засгийн газраас иж бүрнээр шийдвэрлэж төслийн нэгж гүйцэтгэж байгаа юм. Өнгөрөгч онд нийт 12 ажлыг гүйцэтгэсэн бол энэ жил үлдсэн хорооллуудын шугам сүлжээний ажлуудыг хийх бэлтгэл ажил хийгдэж байна.

Эдгээр ажлуудыг гүйцэтгэгч нарыг шалгаруулах ажил үндсэндээ дуусч гэрээ байгуулах шатанд явж байна.

Өнгөрөгч онд нийт 12 ажлыг гүйцэтгэсэн бол энэ жил үлдсэн хорооллуудын шугам сүлжээний ажлуудыг хийх бэлтгэл ажил хийгдэж байна

Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Төслийн удирдах хорооны 20 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд “Дэд бүтэц” төслөөр Баянголын орон сууцны хороололд баригдсан инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн 3 багц ажилд Улсын комисс ажиллуулж, ашиглалтад өгөх асуудлыг хэлэлцэж Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, тус яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нарт үүрэг өгсний дагуу ирэх долоо хоногт улсын комисс ажиллахаар боллоо.

Ингэснээр Баянголын аманд баригдаж байгаа Москва комплекс компаний барьж буй 8000 айлын орон сууцны хороолол, Буман-Өлзий хорооллууд дулаан, цахилгаан эрчим хүчинд холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм.