Г.Баярсайхан: Хятадтай тохиролцсон гэрээнүүд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэв үү гэж харлаа
УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа
-Есдүгээр сарын нэгэн болоод ажил алба цуглаж байх шиг байна. Таны хувьд чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байгаа вэ?
-Манай байнгын хороо төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа. Хөдөөгүүр газар тариалангийн бүс нутгаар тойроод ирсэн. Цаг агаар муудахгүй бол гайгүй ургац хурааж авах төлөвтэй байна.
Хэд хэдэн хуулийн төслүүд дээр манай байнгын хороо ажиллаж байна. Мөн Байгал нуурын эрэг дээр гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа хуралд байнгын хороогоо төлөөлөн оролцоод ирлээ.
Байгал нуурыг хамгаалах асуудал дээр яаж ажиллах вэ гэдгийг Оросын талаас тавьж байсан.' Монголд байгаль хамгаалах чиглэлээр Засгийн газар ямар ажил хийж байгааг, УИХ-аас ямар шийдвэр гарсныг бид танилцуулсан. Урт нэртэй хуулийн хүрээнд Сэлэнгэ мөрний эхэд ашигт малтмал олборлохыг хориглосон. Энэ нь Байгал нуурыг
хамгаалахад ихээхэн ач холбогдолтой болсон гэдгийг хэлсэн байгаа. Цаашид яаж хамтарч ажиллахаа ярилцсан.
-Танай байнгын хороо ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?
-Манай байнгын хороо өнгөрсөн хаврын чуулганаар зохих бүх хуулиа оруулсан. Одоо Газар тариалангийн тухай, Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого гэх зэргийн төслүүд орж ирнэ. Эдгээр төслүүд дээр байнгын хороо ажиллаж байгаа.
-Тэгэхээр саяхан манай урд хөршийн дарга ирээд явлаа. Явсных нь дараа долларын ханш буулаа, эдийн засагт эерэг дохио мэдрэгдээд ирлээ гэх юм. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Хятадын удирдагч манайд айлчилсан нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио болон очиж байгаа. Тийм учраас морьд наашаа эргэлээ гэдэг шиг манай эдийн засаг хэтдээ сайжрах нь ээ гэж ойлгож байна. Хятад улстай тохиролцсон гэрээнүүд манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэв үү гэж харлаа. Айлчлалын үеэр Транзит тээврийн талаар сайн гэрээ хийлээ. Манай Засгийн газарт сайлбал асуудал байна. Муулбал хэлэх зүйл байгаа
-Засгийн газрын ажил тааруу байгаа талаар сөрөг хүчнийхэн нэлээд шүүмжилж байгаа Та ямар дүгнэлттэй байгаа вэ?
-Засгийн газрын асуудал үнэхээр болохгүй байгаа бол ярих үед нь ярих байх. Том зочин ирж байхад нэг нэгийгээ татаж унагаах гэж, жагсаал цуглаан ярих хаа хаанаа хэрэггүй болов уу. Гадны зочин ирчихсэн байхад хоймортоо хоёр нөхөр зодолдоод байж таарахгүй шүү дээ. Ер нь Засгийн газрыг огцруулж сольсноор бүх зүйл онц сайн болно гэж байхгүй.
Мэдээж цомхон чадварлаг байх нь зөв гэж боддог. Тэгээд ч манай намын дотоодод нэлээд асуудал хуримтлагдсан байгаа. Жишээ нь ҮЗХ-гоо хуралдуулаагүй удлаа. Одоо ҮЗХ-гоо хуралдуулах шаардлагатай байна. Асуудалд ухаалаг хандаж, нам доторх эв нэгдлээ хангах шаардлагатай байна. Хараад байхад манай намынхан бүгдээрээ дарга боллоо.
Ойлголцохгүй асуудлууд нам дотор үүсээд байх шиг байна. Тиймээс манай нам одоо хариуцлагатай байж, ҮЗХ-гоо хуралдуулж бугшаад байгаа асуудлаа халуун тогоондоо ярьж зохицуулмаар байгаа юм. Хэрэв тэгэхгүй бол 1996-2000 оны түүх давтагдаж магадгүй байдаг үүсч болзошгүй.
-Одоо ийм зүйл болохгүй биз дээ?
-Ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байна. Өөрсдийнхөө сонгосон Засгийн газрыг сайжруулахын тулд манай нам өөрөө хариуцлагатай байх ёстой гэдэг байр суурин дээр зогсч байгаа даа. Нам боловсон хүчнээ цус сэлбэмээр байгаа юм. Нам шинэчлэгдэх хэрэгтэй шүү дээ, ямар ч цагт. Ингэж байж нам эрүүлждэг юм.
-Маргааш ОХУ- ын Ерөнхийлөгч В.В.Путин манайд айлчлах гэж байна. Та энэ айлчлалаас юу хүлээж байгаа вэ?
-Монголын итгэлт түнш болсон орны төрийн тэргүүн ирэх гэж байна. Манай хоёр орон сая Халх голын дайнд ялсны 75 жилийн ойг тэмдэглэлээ. Монгол Улсын тусгаар тогтнол газар шорооны төлөө амиа өгч байсан орос цэргүүдийн гавьяаг бид хэзээ ч мартаж болохгүй.
Мэдээж В.В.Путин Ерөнхийлөгчийн айлчлал үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны визийн асуудлыг энэ үеэр шийдэх болов уу гэж харж байна. Транзит тээврийнхээ асуудлыг шийдэх байх.