Х.Тэмүүжин: Шилжүүлж авсан хүмүүсдээ ял завшуулахгүй байх шаардлага БНХАУ тавьсан
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.08.25

Х.Тэмүүжин: Шилжүүлж авсан хүмүүсдээ ял завшуулахгүй байх шаардлага БНХАУ тавьсан

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй  БНХАУ- ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр байгуулсан Ялтан шилжүүлэх гэрээний талаар ярилцлаа.

-БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр Ялтан шилжүүлэх гэрээг баталгаажууллаа. Энэ гэрээг тодорхой танилцуулна уу?

-БНХАУ-ын даргын айлчлалтай холбогдуулан хоёр улсын хууль зүйн салбарт тодорхой хэмжээний гэрээнүүдийг баталгаажууллаа. Үүний нэг нь ялтан шилжүүлэхтэй холбоотой гэрээ.

Монгол Улс БНХАУ-тай Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, Ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар нэлээд эртнээс санаачилгатай ажиллаж байсан.

2012 онд Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгээ байгуулсан.

Харин энэ удаад Ялтан шилжүүлэх гэрээгээ баталгаажууллаа. Одоо БНХАУ-ын харъяанд байдаг Хонконг, Макаотой тус тусад  нь дээрх гэрээнүүдээ байгуулахаар ажиллаж байна. Энэ гэрээг байгуулснаар Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчин бүрдлээ гэж ойлгож болно.

БНХАУ-д Монгол Улсын 41 иргэн ял эдэлж байгаа. Хонконг, Макаог оролцуулан тооцвол энэ тоо нэмэгдэнэ. Ял эдэлж байгаа иргэдээс гадна шүүхээр ороогүй саатуулагдсан, байцаагдаж байгаа 105 иргэн бий. Зөвхөн Хятад улсад. Хоёр улсын хооронд иргэд чөлөөтэй зорчиж байгаагийн нэг сөрөг тал нь ийнхүү гэмт хэрэгт холбогдох явдал.

Тэр дундаа Монгол Улсын иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл  байна. Эргээр иргэний олонхи нь хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаа. Гэхдээ зохион байгуулалттай гэмт хэрэгт нь оролцохоосоо илүүтэй хар тамхи тээвэрлэсэн хэргээр золиос болох тохиолдол их.

БНХАУ-ын хар тамхитай холбоотой хууль тогтоомж нэлээд хатуу байдаг. Хар тамхи тээвэрлэсэн тохиолдолд  ч цаазаар авах ял оноох нь бий. Бид иргэдээ хууль бус зүйл хийсэн ч гэсэн эх орондоо ялаа эдэлж ар гэрийнхэнтэйгээ ойр  байх боломжийг олгох үүднээс энэ гэрээг байгуулж байгаа  юм.

Энэ гэрээний дагуу эхний ээлжид 14 хүнээ шилжүүлж авахаар хүсэлт тавьчихсан байгаа. Дараа дараагийн хүмүүс нь хурдан хугацаанд хүсэлтээ гаргаад, замын зардлаа шийдсэн тохиолдолд шилжүүлэн авах боломжтой.

Бид 41 иргэнийг бүгдийг нь шилжүүлэн авах сонирхолтой байгаа.

Гэхдээ зарим тохиолдолд манай иргэд тэндээ ял эдлэх сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. Тухайлбал, Хонконг, Макаод ял эдэлж байгаа хүмүүс ийМ сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тухайн иргэн ийм сонирхолтой байгаа бол нааш нь авч ирэхгүй.

-Ямар шалтгаанаар тэндээ ял эдлэх сонирхолтой байдаг юм бол?

-Шоронгийн нөхцөл байдал нь манайхаас дээр учраас тэндээ эдлэх сонирхолтой байдаг байж магадгүй.

Мөн ялаа эдэлж гарчихаад тэндээ ажиллаж амьдрах хүсэлтэй байж магадгүй. Яагаад гэвэл, ийм хүсэлт гаргаж байгаа хүмүүсийн олонхи нь богино хэмжээний ялтай.

-Гэрээнд гарын үсэг зурах үеэр хар тамхины хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг энэ гэрээнд хамруулах боломжгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ үнэн үү?

-Энэ бол ташаа мэдээлэл. Ямар ч гэмт хэрэгт холбогдсон хүн эх орондоо ирэх хүсэлт гаргаж болно. Бүх төрлийн ял эдэлж байгаа хүмүүсээ бид эх орондоо авч ирэх сонирхолтой байгаа. Манай улс цаазын ялыг халчихсан.

Харин өмнед хөршид маань цаазын ял хэвээрээ байгаа. Тиймээс Ерөнхийлөгч болоод Хууль зүйн яамны зүгээс манай иргэдэд битгий цаазын ял өгөөч гэсэн хүсэлтийг байнга илэрхийлдэг. Хятадын тал манай иргэдэд цаазын ял өгөхгүй байгаа. Цаазаар авах ял өгөөгүй тохиолдолд иргэнээ шилжүүлэн авах бүрэн боломжтой боллоо.

-Ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурснаас хойш 30 хоногийн дараа гэрээ хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлнэ гэж байсан. Тэгэхээр эхний ээлжийн 14 иргэн 30 хоногийн дараа ирнэ гэж ойлгож болох уу?

-30 хоногийн дараагаас бодит алхмууд хийгдэж эхэлнэ гэсэн үг. Гэхдээ гэрээ хүчин төгөлдөр болсон болоогүйгээс үл шалтгаалаад энэ 14 хүнийг авч ирэх бэлтгэл ажил эхэлчихсэн.

Харин одоо яриа хэлцлүүдээ хийгээд яг хэзээ шилжүүлэн авах вэ гэдгээ шийднэ. Тахрын алба байгуулагдсан учраас ялтан шилжүүлэх ажлыг энэ бүтэц хариуцна. Харин гарах зардлыг нь ар гэрийнхэн нь хариуцах ёстой.

-Манай улсад БНХАУ-ын хэдэн иргэн ял эдэлж байгаа вэ. Ялтан шилжүүлэх гэрээний дагуу тэнцүү тооны хүмүүсийг нутаг руу нь шилжүүлэх ёстой юу?

-Заавал тэнцүү тооны иргэнийг шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Танайхаас тавыг авна, манайхаас тавыг нь өгнө гэсэн үг биш. Тооны харьцаа хэд байхаас үл шалтгаалаад шилжүүлэх процесс үргэлжилнэ. Манай улсад яг одоо БНХАУ-ын долоон иргэн ял эдэлж байгаа. Мөн таван иргэн саатуулагдан шалгагдаж байгаа.

-БНХАУ-д ял эдэлж байгаа Монгол иргэдийн олонхи нь хар тамхины хэргээр ял эдэлж байгаа гэдгийг та хэлсэн. Харин манай улсад ял эдэлж байгаа хятад иргэд ихэвчлэн ямар хэргээр ял эдэлж байгаа юм бэ?

-Нарийн статистик мэдээллийг нь санахгүй байна. Санаж байгаагаар хүн амины нэг, хүчингийн нэг хэрэг байгаа. Бусад нь залилан зэрэг хэргээр ял эдэлж байгаа.

-Ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх орондоо ирснийх нь дараа улсынхаа хууль тогтоомжийн дагуу шийтгэлийг нь өөрчлөх боломжтой юу?

-Ялтан шилжүүлэх гэрээнд айлын талаас тавьсан гол шаардлага нь “Манай тапаас шилжүүлж авсан хүмүүсээ хорихгүйгээр ял завшуулахгүй байх”, “Эх орондоо шилжүүлж авсныхаа дараа манай шүүхээс ийм ял өгөх нь шударга гэж үзээд өгсөн ялыг нь өөрийнхөөрөө шийдэж өөрчлөхгүй” гэдэг шаардлага. Тиймээс эхний ээлжид ялтнуудаа шилжүүлж авахдаа тус улсын шүүхийн шийдвэрт тусгасан хугацаатайгаар нь шилжүүлж авна.

-БНХАУ-аае ирэх хүмүүс “Нутагтаа очоод Өршөөлийн хуульд хамрагдчихна” гэсэн бодолтой ирж магадгүй. Тэднийг Өршөөлийн хуульд хамруулах боломж бүрдэх болов уу?

-Яг үүнд хариулт өгөх цаг нь одоо биш. Яагаад гэвэл, одоо “Өршөөлийн тухай хуульд хамруулна” гээд хэлчихвэл манай хүмүүст эрх зүйн хувьд таагүй болчихно. Айлын тал ялыг нь өөрчлөхгүй шүү гэхэд бид “За” гэсэн.