Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-ны орой мөндөр орж, хүчтэй шуурга шуурснаас хүний амь эрсджээ
2014.07.29

Байгалийн гамшигт өртсөн дөрвөн иргэнийг Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлжээ

Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-ны орой мөндөр орж, хүчтэй шуурга шуурснаас хүний амь эрсдэж, олон айлын гэр, байшин нурж, бог бод нийлсэн 200 толгой мал үрэгдсэн харамсалтай явдал болсон билээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа Т.Бадралаас тодрууллаа.

-Архангай аймагт байгалийн ноцтой үзэгдлийн улмаас хүний амь эрсдэж олон толгой мал үрэгдсэн байна. Энэ талаарх мэдээллийг өгнө үү. Онцгой байдлын албан хаагчид хэрхэн ажилласан бэ?

-Энэ сарын 26-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн онцгой байдлын албанд дуудлага ирсэн. Хашаат сумын Номгон багийн Хөвөө гэх газарт хүчтэй хуй салхи салхилж, том хэмжээтэй мөндөр орсны улмаас таван айлын гэр, гурван байшин хашаатайгаа нурж, 200 мал хийсч үрэгдсэн.

Түүнчлэн хүчтэй салхи, том ширхэгтэй мөндрийн улмаас есөн хүн бэртэж нэг хүний амь эрсэдсэн золгүй явдал гарсан. Манай ажлын хэсэг голомт дээр нь шөнийн 01.00 цагт очиж дүгнэлт хийсэн. Дүгнэлтийн явцад маш хүчтэй салхи шуурсан.

Өөрөөр хэлбэл, байгалийн онц ноцтой үзэгдэл болсон.

Энэ үеэр гурван машин салхинд хийссэн. Нэг машинд нь Улаанбаатар хотын иргэн сууж байсан бөгөөд машинтайгаа салхинд хийсч амь насаа алдсан.

Мөн нийслэлийн дугаартай “Ланд круйсер” маркийн машин гурван км газар салхинд шидэгдэж бүх боолт нь сугарч, задарсан нь шуурга ямар хүчтэй байсныг харуулж байгаа юм. Харин 200 гаруй толгой малыг мөндрийн улмаас үрэгдсэн гэж дүгнэсэн.

-Хохирлын хэмжээг тодорхойлсон уу?

-Аймгийн онцгой комисс цагдаа, шүүх шинжилгээ, цаг уур орчны шинжилгээ, онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд хохирлын хэмжээг тодорхойлохоор ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хохирлын хэмжээ тодорхой гараагүй байна.

-Ослын улмаас гэмтэж, бэртсэн хүмүүс хаана эмчлүүлж байна вэ?

-Хүнд бэртсэн дөрвөн хүн өчигдөр (уржигдар) 18.00 цагийн үед Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирж, хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа. Харин хөнгөн гэмтэлтэй иргэд аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

-Тус аймагт цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэсэн юм болов уу?

-Хүмүүс маш их асууж байна. Цаг агаарын мэдээ нийтийг хамардаггүй. Баруун бүс, зүүн бүсийн нутгаар гэх мэтчилэн гардаг. Гэтэл байгалийн онц ноцтой энэ үзэгдэл нь 5-10 км-ын радиуст тохиолдсон. Энэ хэсэг нь цаг агаарын мэдээнд дурдагдаагүй юм билээ.

-Онцгой байдлын албаныхан байгалийн ноцтой үзэгдэл болоход иргэд болон өөрсдийгөө авран гарахад зориулсан тоног төхөөрөмж хангамж хэр байдаг вэ?

-2013 онд аврагчдын багаж, төхөөрөмж шинэчлэгдсэн. Тиймээс энэ тал дээр санаа зовох шаардлагагүй.

-Байгалийн гамшигт үзэгдлээс болж хохирсон тохиолдолд хохирлыг хаанаас барагдуулдаг юм?

-Аймгийн Онцгой комиссоос гаргана. Гэхдээ нэг асуудал бий. Энэ нь даатгалын асуудал. Хүн, мал, эд хөрөнгө даатгалтай байсан уу. Монголчуудын ихэнх нь даатгалд хамрагддаггүй.

Энэ тохиолдолд аймгийн Онцгой комисс хуралдаж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах учиртай. Боломжгүй тохиолдолд Улсын онцгой комиссоос гаргах юм.

-Сүүлийн үед малын гоц халдварт өвчин гарах нь ихэссэн. Одоогоор хичнээн газарт боом бүртгэгдээд байна вэ?

-Одоогийн байдлаар боом өвчний зургаан тохиолдол бүртгэгдээд байна. Булган аймгийн Хишиг-Өндөр, Өвөрхангайн Баянгол, Завхан аймгийн Дөрвөлжин суманд байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг гэх мэт. Эдгээр газарт хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Өвчний халдвар авсан хоёр хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа.

Мөн галзуу өвчний тохиолдол зургаа бүртгэлтэй байна. Сонгинохайрхан дүүрэгт гарсан гахайн сонгомол мялзан өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.