Гамшгаас хамгаалах өдөрлөгийг зохион байгууллаа
Нийслэлийн 375 жил, Онцгой байдлын алба үүссэний 10 жилийн ойг тохиолдуулж “Гамшгаас хамгаалах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Чингисийн талбайд цугласан иргэдэд гамшгийн аюулаас хэрхэн хамгаалах тухай мэдээлэл өгснөөс гадна гамшгийн үед хэрэглэдэг хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмжийг танилцуулсан байна.
Гамшгаас хамгаалах өдөрлөгийг нийслэлийн гамшгаас хамгаалах албад, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Ямар нэгэн осол гэмтэл, байгалийн аюулт үзэгдэл болон гамшиг тохиолдсон үед иргэд яаж ажиллах талаар мэдлэг хомс байдгаас өөрийгөө болон ойр орчмын хүмүүсээ аюулаас хамгаалж чаддаггүй гэдгийг Онцгой байдлынхан хэлж байна. Тиймээс онцгой байдлын алба үүссэний 10 жилийн ойн хүрээнд иргэдэд энэ талын мэдлэг олгох олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ өдөрлөг юм. Өдөрлөгийн үеэр Камаз машин дээр байрлуулсан төхөөрөмжөөр газар хөдлөлтийг иргэдэд мэдрүүлж, хэрэв газар хөдлөвөл хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өглөө. Зөвхөн томчууд гэлтгүй хүүхдүүдэд онцгой байдлын үед хэрхэн айж сандралгүй өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар дадал суулгах нь чухал гэдгийг албаны хүмүүс онцоллоо.
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж
Хүүхдүүдийн дунд усны үер, газар хөдлөлт, гал түймрийн үед өөрийгөө яаж авран хамгаалах, хажуудах хүмүүсээ хэрхэн хамгаалах вэ гэдэг талаар сургалт хийж байна. Цаашдаа ОБЕГ-аас иргэд рүү чиглэсэн, ялангуяа “аюулгүй амьдрах ухаан” гэсэн зүйлийг Боловсролын яамтай хамтраад долоо хоногт нэг удаагийн хичээл болгож оруулах талаар асуудал яригдаж байна.
Үүнээс гадна Нийслэлийн онцгой байдлын газраас ЕБС-иудын дунд ангийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохион явууллаа. Энэ тэмцээний сүүлийн шатанд шалгарсан зургаан дүүргийн сургуулиудын шалгаруулалт өдөрлөгийн үеэр боллоо. Нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрыг Налайх дүүргийн 119 дүгээр сургууль, хоёрдугаар байрыг СХД-ийн 69 дүгээр сургууль, гуравдугаар байрыг БГД-ийн 113 дугаар сургууль тус тус эзэллээ.