Зуслангийн газраа өнөөдөр өмчилж авсан ч болно
Нийслэлийн ойролцоох зуслангийн газрыг өмчлүүлэх шийдвэр гараад байгаа.
2014.07.25

Зуслангийн газраа өнөөдөр өмчилж авсан ч болно

Нийслэлийн ойролцоох зуслангийн газрыг өмчлүүлэх шийдвэр гараад байгаа.

Эхний ээлжид таван байршил дахь газрыг өмчлүүлэх ажээ. Үүнд Сүхбаатар дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэр, Ар хустайн зуслангийн айлуудын 366 га газрын 1478 айлын хашааны газар багтжээ. Мөн дүүргийн XX хороо Цээнэ зусланд 173 га газрын 666 айл газрынхаа өмчлөгч болох эрхтэй.

Түүнчлэн Цолмон зуслангийн 391 га газрыг хамруулан одоо эзэмшиж байгаа 715 өрхөд газрыг нь өмчлүүлнэ.

Чингэлтэй дүүргийн XIX хороо Жигжидэд 219 га-д 2036, Яргайтын 265 га газарт амьдарч байгаа 1313 айл ч газраа өмчилнө.

Зарим нэг бэлтгэл дутуу байгаа учраас Жигжидийн зуслангийн өмчлөх асуудал түр хугацаагаар хойшилж байгаа юм байна лээ. Бусад байршлын ногоон бүст амьдарч байгаа айл өрхүүд өнөөдөр ч газраа өмчлөх хүсэлтээ гаргах эрхтэй.

Гэхдээ түргэн, галын машин чөлөөтэй зорчуулахын тулд гарц зам хааж хашаа барьсан, өндөр хүчдэл доор буусан, дур мэдэн хашаагаа сунгасан гэх мэтийн зөрчилгүй байх үүрэгтэй.

Хэрвээ ямар нэгэн зөрчил байхгүй гэж үзэж байгаа бол кадастрын зураг, эзэмших гэрчилгээ зэрэг материалаа бүрдүүлэн оршин суугаа дүүргийнхээ Газрын албанд хандан өргөдлөө өгөхөд л хангалттай. Энэ ажлыг ирэх сарын 1-нээс албан ёсоор зохион байгуулж эхлэх юм. Гэхдээ зөрчилгүй, бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн иргэдийн хүсэлтийг хүлээж авч байгаа юм байна.

Дээрх таван зуслангийн айлууд газраа өмчилж авснаар нийтдээ 15 мянга орчим иргэн өөрийн өмчлөлийн газартай болох, ийм тооны газар эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм.

Гэхдээ ой, усны сав газарт өмчлөх эрхийг олгохгүй гэдгийг нийслэлийн Өмчийн газрын Газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнгэл хэлсэн.

Нийслэлд амьдран суух зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ бага, газар өмчлөх иргэдийн тоо эсрэгээрээ маш олон. Тиймээс зуслангийн ногоон бүст байгаа айлуудад газрыг нь өмчлүүлэх шийдвэрийг НИТХ гаргажээ.

Ингэснээр орон сууцны голдуу олон өрх газартай болох юм. Харин ямар нэгэн зөрчил байгаа бол одооноос эхлэн засч арилгаж эхлэхийг албаныхан сануулсан. Учир нь зөрчлөө арилгаагүй тохиолдолд өмчлөх эрхийг олгохгүй юм байна.