2014.07.21

Газартай болсон эсэхээ 10 хоногийн дотор мэдэх боломжтой

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 52 байршилд 15300 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр болсон билээ.

Энэ дагуу нөөцөөс хамаарч Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай гэсэн дүүрэгт газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.

Түүний хэлснээр энэ ажлын хүрээнд иргэдээс хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэн баталгаажуулах, иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын сонголт хийх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж, “Газар өмчлөлийг цахим системээр буюу программ хангамжийг боловсруулах ажлыг хийж дуусчээ.

Тиймээс газар өмчлөлийн цахим систем нь онлайн орчинд явуулах бөгөөд иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах, бүртгэх хүсэлт гаргасан иргэдийг өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчилсөн эсэхийг хянахаар болсон байна.

Мөн газар өмчлөх иргэнийг автомат үйлдлээр санамсаргүй сонголтын аргаар сонгохоор болж байгаа билээ.

Харин газар өмчлөх өргөдлөө гаргах хүсэлтэй боловч иргэний эрх үүргээ бичлэн хэрэгжүүлэх боломжгүй буюу дөнгөж төрсөн нярай, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүд, интернэт сүлжээнд холбогдох боломжгүй иргэдийн хүсэлт гаргах боломжоор нь хангах зорилгоор итгэмжлэгдсэн төлөөллөөр дамжуулан хүсэлт гаргах боломжтой болжээ.

Газар өмчлөлийн цахим системийг ашиглан иргэдэд газар өмчлүүлэх ажил наймдугаар сарын 01-ний өдрөөс дараахь таван байршилд эхлэхээр боллоо.

Үүнд: -Баянзүрэх дүүргийн XX хороо Хожуулын ам - 909 иргэн

-Сонгинохайрхан дүүргийн XI хорооны Соёондын ам - 4189 иргэн

-Хан-Уул дүүргийн XII, XIII хороонд байрлах Эрдэнэтолгой - 869 иргэн

-Багануур дүүргийн IV хороо Тарин булгийн I хэсэг -7504 иргэн

-Багахангай дүүргийн II хороо Бор-Үзүүр-1483 иргэнд тус тус газар олгоно. Эдгээр таван байршилд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсны дүнд нийт 1524 га газарт 14954 иргэнийг газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Дархан-уул Сэлэнгэ аймгийн иргэдийн газар өмчилсөн бүртгэл ихээгүй байна

Нийслэлд газар өмчилсөн иргэдийн мэдээллийн цахим системд оруулсан байгаа. Харин орон нутгийн газар өмчилсөн иргэдийн хувьд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн бүртгэл дутуу байгаагаас бүрэн нэгтгэгдээгүй байна.

Тус хоёр аймгийн иргэдийн бүртгэл ирээгүйгээс ажил удааширч, дээрх таван байршилд газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа аж.

Учир нь нийслэлийн нэг иргэн дээрх аймгуудад газар тариалангийн эсвэл өөр зориулалтаар газар эзэмшдэг боловч нийслэлээс дахин газар авах магадлалтай аж.

Хуульд иргэн бүрт нэг байршилд ганцхан газрыг үнэ төлбөргүй олгохоор тогтоосон байдаг. Иймд тус хоёр аймгийн иргэдийн бүртгэл ирсний дараагаар газар өмчлүүлэх ажлаа эхлүүлэхээр болсон бөгөөд аймгийн хороодод Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас газар өмчлөлийн ажил эхлэхээс өмнө бүртгэлийг нэгтгэж ирүүлэхийг мэдэгдсэн байна.

Давхацсан тохиолдолд сугалаа сугалуулна

Газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр явуулахад тулгарч буй нэг асуудал нь нэг газар дээр олон хүн давхцах явдал юм. Иргэд сургууль, цэцэрлэгт ойрхон газрыг илүү сонгох нь ойлгомжтой.

Зарим иргэнээс ирсэн саналыг харахад тухайн газарт хамгийн түрүүнд санал хүргүүлсэн хүнийг сонгох нь зөв гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд үүнийг эсэргүүцсэн байна. Учир нь иргэдийн дунд асуудал үүсгэнэ гэж үзжээ.

Мэдээж нэг байршлыг гурваас дээш хүн сонгоно. Дээр дурдсанчлан сургууль, цэцэрлэг, худаг, автобусны буудалтай ойрхон байршлыг сонгох иргэд илүү олон. Иймд тухайн дүүрэг, хороодын ажилтан нэг байршилд давхацсан иргэдийнхээ дунд сугалаа сугалуулж асуудлыг шийдэхээр болсон байна.

Сугалаанд сонгогдоогүй үлдсэн иргэн өөр байршилд газар сонгох боломжтой. Иргэн газраа өөрийн болгож авсан тохиолдолд худалдах, барьцаалах эсэх нь тухайн хүний шийдэх хэрэг.

Түүнчлэн өмнө нь Газар өмчлүүлэх тухай бүртгэлийг цаасаар авснаар газар өмчлөх хүсэлтэй иргэнд 90 хоногийн дотор хариу өгнө гэж хуульчилсан байдаг.

Харин энэ удаа газар өмчлөх бүртгэлийг цахим хэлбэрээр 15 хоногийн хугацаанд авч үүнээс хойш 10 хоногийн дотор таны газар сонгогдсон эсэхийг мэдэгдэх юм. Ингэснээр цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх аж.

Аж ахуй нэгжийн хооронд дуудлага худалдаа явуулна

Нийтийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилга угсралтын ажил эхлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааг эхлүүлэхдээ дуудлага худалдаагаар тус газраа авсан байх шаардлагатай.

Дуудлага худалдааны эхний ээлжийн ажлыг энэ оны есдүгээр сард эхлүүлэх бөгөөд 20 байршилд зохион байгуулахаар болов. Дуудлага худалдаанд орох газрын эзэмшлийн эрхийг мөн зааж өгсөн байна. Тухайлбал 60 жилээр эзэмших үү, 30 жилээр эзэмших үү гэдгийг заасан байх юм. Үүнээс шалтгаалан үнэ нь хэлбэлзэнэ.

Зуслангийн газар өмчлүүлэх ажил есдүгээр сараас

Зуслангийн газар өмчлүүлэхажлыг ирэх есдүгээр сарыннэгнээс эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжид дараах таванбайршилын 1414 газрыг 6186иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

-Сүхбаатар дүүрэг XV хороо, Ар хустай зусланд 366га 1478хашаа

-Сүхбаатар дүүрэг, XX хороо, Цээнэ зусланд 172га 644 хашаа

-Сүхбаатар дүүрэг, XX хороо,Цолмон зусланд 391 га 715 хашаа

-Чингэлтэй дүүрэг, XIX хороо,Жигжид зусланд 219га 2036хашаа

-Чингэлтэй, XIX хороо Яргайт зусланд 265га 1313хашаа

Эдгээр газраас Чингэлтэйдүүргийн XIX хороо Жигжид зуслан орчмын газрыг иргэдэд өмчлүүлэхийг түр хойшлуулсан байна. Учир нь, энэ хэсгийнгазар маргаантай байгаа тухай албаныхан хэлж байсан. Харин бусад газар олголтын ажил хугацаандаа эхлэх юм.

Түүнчлэн зуслангийн айл бүр газраа өмчилж авах боломжгүй. Тухайлбал ногоон бүс буюу ой савд байрладаг айлуудын газархуулиараа өмчлөлд шилжихгүй юм. Мөн зуслангийн айлуудын хаягжилтын ажлыг гүйцэтгэж дуусгахаар болжээ.