Мэндчилгээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.07.18

Мэндчилгээ

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө ажиллаж ирсэн цагдаагийн ахмад ажилтнууд, тэдний үйл хэргийг залгамжилж буй цагдаагийн нийт бие бүрэлдэхүунд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Улиран өнгөрөх түүхийн цаг хугацаанд нийгмийн хөгжил дэвшил, иргэд, олон нийтийн ухамсар, сэтгэлгээний чиг хандлагаас хамаарч цагдаагийн байгууллагаас цаг үетэйгээ нийцэн ажиллах зорилгоор зрх зүйн орчин болон албан үүргээ гүйцэтгэхэд ашиглах техник, хэрэгслийн хангамжийн хувьд бэхжин батжих талаар багагүй шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн түүхтэй билээ.

Энэхүү түүхийн үргэлжлэл өнөө үеийн жишээ бол шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлсэн зорилтын хүрээнд шинэчлэн найруулсан Цагдаагийн албаны тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн явдал юм.

Цагдаагийн байгууллагын 93 жилийн ой нь "Цагдаагийн албаны тухай”, ‘'Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулиуд, “Цагдаагийн алба хаагчийн шинэ дүрэмт хувцасны загвар батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 143 дугаар зарлиг, “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”, “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам" зэрэг чухал шаардлагатай эрх зүйн баримт бичгүүд, цагдаагийн алба хаагчдын ажиллах эрх зүйн орчин, нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг тусгасан Засгийн газрын 99 дүгээр тогтоол шинээр батлагдан хэрэгжсэн хугацаанд тохиож буйгаараа онцлог болж байна.

Өнөөдөр Монгол Улсад хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хууль зүйн дэд бүтцийг цогцоор нь өөрчлөх хариуцлагатай ажил ид өрнөж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлт нь цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил, үйлчилгээг нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн байдлаар иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх бололцоог бүрэн нээж, өгөхөд оршиж байгаа юм.

Үндсэн хуулиар тунхагласан хүний халдашгүй эрх, үнэт зүйлсийг хамгаалж, хариуцлагатай, алагчлахгүй байх үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн жишгийг өөрчлөх шаардлагын улмаас шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, Хууль зүйн яамнаас Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг багц хуулиудыг боловсруулаад байна.

Аливаа шинэчлэл хугацаа шаарддаг ч шинэ мэдлэг, илүү ур чадвартай байхыг шинэчлэгдэж буй цаг үе, эрх зүйн орчин цагдаагийн биө бүрэлдэхүүн, алба хаагчдаас шаардаж байгаа тул алгуурлалгүй урагшилж, чадавхижих хэрэгтэй.

Цагдаагийн байгууллага болон алба хаагчид Та бүхэн Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашилбал хууль зүйн салбарын шинэчлэлд их хувь нэмэр оруулна гэдэгт миний бие бүрэн итгэж байна.

Монголын цагдаагийн сүлд хийморь өөдрөг, ирээдүй гэгээлэг байг.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин