Сэлэнгийн онцгойгийнхон аваргаллаа
Онцгой байдлын ерөнхий газар, Гал унтраах техникийн олон төрөлт спортын хороотой хамтран зохион байгуулсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дахь спорт цогцолборт явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн болон Хууль сахиулахын их сургууль, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалах албаны нийт 20 багийн 160 гаруй тамирчин оролцож, 5 төрлөөр өрсөлдсөн байна.
Багийн нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн баг тамирчид 11 оноогоор 1 дүгээр байр эзэлж, алтан медалиар шагнагдсан бол Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 16 дугаар ангийн баг тамирчид удаалсан байна.
Харин Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 37 дугаар ангийн баг тамирчид гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд болжээ.