Л.Гантөмөр: Сонгуулийн дараа МАН, МАХН эвсэж л таарна
2012.05.07

Л.Гантөмөр: Сонгуулийн дараа МАН, МАХН эвсэж л таарна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Сая Хууль зүй, до­тоод хэргийн сайд Ц.Ням­доржийг огц­руу­лах асуудлыг хэлэл­цээд олонхийн сана­лаар авч үлдлээ. Огц­руу­лах үндэслэл нь хан­галттай байж чад­сан­гүй гэдэг үндэс­лэлээр?

-Ц.Нямдорж сайдыг огцруулах үндэслэлээ АН-ынхан арай өөрөөр томьёолсон. Нэгдүгээрт худлаа хэлсэн гэдгээр нь. Ц.Нямдорж "Н.Энхбаяр даргыг баривчлах ажил­ла­гаа болсон. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний бие оролцох ёс­гүй" гээд л үнэнээ хэлчих хэрэгтэй байсан юм. Гэтэл тэгэлгүйгээр "Би унтаж байсан. Тэр шүүх, про­курор, АТГ-аас нь асуу" гэж байна лээ. Энэ бол салбарын сайдын ёс зүйн хувьд яалт ч үгүй ажлаа өгөх алдаа бол­сон. Харин хоёр дахь нь иргэний бүртгэл, ухаалаг үнэмлэхийн асуудлыг гацааж луйвар, булхай хийх вий гэж бид асар их болгоомжилж байгаа.

Хар­даж ч байгаа. Хар­дах олон шалтгаан байна. Ц.Нямдорж сай­дын мэ­дэлд Бүрт­гэлийн газар очсон өдөр ухаалаг үнэм­лэх гарахгүй гэж мэ­дэгд­сэн.

Ялангуяа Улаан­баа­тар хотын бүртгэлийн асуу­дал үнэхээр бүдэг байна. Нэг сая хүний бүртгэлийн ажлыг хийж чадахгүй гэдгийг эдний­хэн мэдэж байгаа. Тэгээд ч сөрөг хүчнийхэн иргэд амьдарч байгаа газартаа хуулийн дагуу бүрт­гүүл­сэн эсэхийг хянах бо­ломж­гүй. Энэ мэтээр хард­лага дагуулах асуу­дал их байна. Үеийн үед иргэний бүртгэлээр буд­лиан хийдэг уламжлал­тай. Тэр уламжлалаа энэ удаа давтана гэж хардаж байгаа, бид. Тэгэх ч бүрэн үндэслэл байна. Тэгэхээр манайхан луйвар хийдэг­гүй, шударгаар ажил хий­дэг хүнээ тавиасай гэж хүссэн. УБЕГ-ын дар­гаар улс төрийн хүн авчирч тавьсан гэх мэт олон алдааг хийгээд бай­на, МАН-ынхан. Тиймээс л бид огцруулах асуудлыг дэмжиж оролцсон. Харин энэ үндэслэлийг бичгээр тавибал эхний санал тавь­сан хүмүүс цаашаа явах магадлалтай бай­лаа. Гэхдээ бичгээр санал хүргүүлээгүй ч зарим нөхөд нь байр сууриасаа няцсан учраас МАН-ын хүсэл сонирхлын дагуу асуудал шийдэгдлээ.

-Огцруулах сана­лаас нэрээ татаж авсан хүмүүсийн хувьд улс төрийн дарамт юм уу, тойрог хуваах най­маанд автсан гэх хард­лага дагаж байна л даа?


-Үүнийг нь бид яаж мэдэх вэ. Гэхдээ л асар хариуцлагагүй ажил хийлээ. Өөрсдийнх нь ажиллах хугацаа өдрөөс өдөрт хумигдаж байхад ийм хэрүүлийг гаргаж, төрөөр тоглодог нь буруу. Энэ дээр нэг зүйлийг онц­лоход Ц.Нямдорж сайдыг огцруулалгүйгээр сон­гуульд өрсөлдөнө гэдэг нь энэ сонгууль луйвар булхайтай болно гэдгийг улам баталгаажуулж бай­гаа юм. Мөн санал өргөн бариад буцсан нөхөд УИХ-аас уучлалт гуйх ёстой. УИХ-ын арваад хоногийн ажлыг аллаа ш дээ.

-Танай намаас гарга­сан огцруулах үндэс­лэлийн хувьд Ц.Ням­дорж сайд байр сууриа илэрхийлсэн. Энэ аж­лыг АН-ын дарга Н.Ал­тан­хуяг, сайд байх даа гацаасан гэж. Үнэ­хээр тийм зүйл болсон юм биш үү?


-Ер нь олон жил улс төрд явсан хүмүүст нэг муухай зан байдаг. Өөрөө их цэвэрхэн бусдад буруу байдаг гэсэн. Тэгээд өөрийнхөө хийж байгаа буруу ажлыг, эсвэл хийж чадахгүй зүйлээ заавал бусад руу чихдэг, түлхдэг муухай зүйл оршсоор байна. Хэрвээ Ц.Ням­дорж сайд УБЕГ-ын дар­гаараа энэ төрлийн прог­рамчлал мэддэг, систем ойлгодог, мэргэжлийн хүн авсан бол хүндрэл гарах­гүй байх байсан. Одоо Ц.Нямдоржийн багийн нөхдүүд үнэмлэх хэвлэж байгаа нөхдүүдтэй хамт­ран ярилцлагад орохдоо ямар хэлээр яриад байгаа юм. Өөрсдөө мэдэхгүй, ойлгохгүй байна ш дээ. Ойлгохгүй хүмүүстэй цаад мэргэжлийнхэн юу дуртайгаа л ярьж байгаа биз. Тэгэхээр УБЕГ-ын даргаар мэргэжлийн хүн тавих байсан. Энд маш том алдаа гарсан. Тэгээд мэргэжлийн хүмүүсийг нь ажлаас халдаг нь бүр том алдаа болсон. Ингээд харахад сонгуулиар тог­лочихье гэж бодож байх шиг байна. Үүнийг би ялахын дон гэж хэлж бай­гаа. Үеийн үед л нэг ийм зүйл хийх юм. МАН-ын­ханд ялахын дон шүглэ­чихэж. Ийм зүйл дахин дахин хийгдээд байхаар манай иргэд парла­мен­тат ардчилсан ёсноос залхаж байна. Эдгээр хүмүүсийн гол зорилго бол ардчилсан зарчмаас залхаах л даа. Эргээд нэг намын дарангуйллыг тог­тоо­хын төлөө л байгаа юм.

-Одоо яаж ч ажил­лаад ухаалаг үнэмлэ­хийг гаргах боломж байх­гүй гэсэн үг үү. Өөр гэрээ, өөр хуваарийн дагуу ажиллах боломж­гүй юу?


-Асуудлыг өнгөрсөн гэж бодоод орхиж болох­гүй. Ажлыг хийх ёстой. Манай намынхан ухаа­лаг үнэмлэх гаргахыг бүх хувилбараар шахаж шаар­даж байна. МАН-ынхны бодол бол ухаа­лаг үнэмлэхийг их шаард­вал сонгуулийг хойш­луулъя гэдэг байх шиг ээ. Гэхдээ яасан ч сон­гуу­лийн хугацааг хойшлуулж болохгүй. Сонгуулийг хугацаанд нь, ухаалаг үнэмлэхийг хэвлэн та­рааж явуулах хэрэгтэй. Бүр наанадаж Улаан­баа­тар хотын иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж сонгууль явуулах учир­тай. Нийслэлд 600 гаруй мянган сонгогч байгаа. Эрх баригчдын гол буд­лиан, луйвар хийдэг га­зар бол нийслэл. Нийс­лэ­лийнхэн нэгнээ тань­даггүй. Хороон дарга нь хүмүүсээ танихгүй, хэс­гийн дарга нь сонгогчдоо мэддэггүй гэх мэт асуудал бий. Үнэмлэх хэвлэхгүй байгаа нь энэ замбараа­гүй байдлыг л далим­дуулж луйвар хийх гэсэн оролдлого.

-Ц.Нямдорж сайдыг огц­руулах саналаасаа ухраагүй гишүүд МАХН-руу орлоо. Энэ үйл яв­цыг яаж харж байгаа вэ?


-Ер нь МАН, АН хамт­рахад сөрөг хүчний орон зай ихээр гарсан. Энэ орон зайд МАН-ынхан өөрийн намын нэг хэсэг хүмүүсийг гаргаж байна. Энэ хоёр нам сонгуулийн дараа нэгдэж л таарна. Нэг үгээр хэлэхэд АН-ын орон зайг авахын тулд намаа хоёр хувааж байна ш дээ. МАН-ыг байгуу­лахдаа МАХН гэдэг нэр­тэй нам гарахыг мэдэж байсан. Н.Энхбаярыг Бага хуралдаа сонголгүй үлдээхдээ өөрсдөөс нь салж явахыг мэдэж бай­сан. Дараа нь ямар улс төр өрнөснийг бүгд мэдэж байгаа. МАХН, МАН хоёр сонгуульд салж орно. Жаахан хэрүүл хийх байх. Сонгуулийн дараа нэгдэж, хамтарч засаг барина гэсэн ийм л тоо­цоотой байгаа хүмүүс шүү дээ. Сая л гэхэд намаа­саа гарч байгаа УИХ-ын гишүүд хэлж бай­гаа биз дээ. "Тасарсан мах, үсэрсэн цус минь" гэж. Энэ бол айхтар үг. Элгэн хайлна гэдгийг л хэлж байгаа юм даа. Нө­гөөтэйгүүр хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдгийн үлгэрийг л гаргаж ирнэ, сонгуулийн дараа. Тодорхой харагдаж бай­на ш дээ. Өнгөрсөн сон­гуу­лиар худлаа амлалт өгч ялсан. Үүний хариуц­лагыг ард түмэн тооцно гэдгийг харж байгаа. Тиймээс хариуцлагаас бултахын тулд хариуц­лага нэхэж байгаа орон зайд өөрийн хүмүүсийг гаргаж байна. Өөрийн хүмүүс нь хариуцлага нэхээд УИХ-д хэдэн суу­дал авчрах юм байна л даа. Зуун жилийн түүхтэй нам гэдэг өөрийн хүссэ­нээрээ ард түмнээрээ тоглодог юм байна. Ардын намынхны арга нь улам л нарийссаар байна даа.

-Гэхдээ үйл явцыг өөрөөр тайлбарлах хү­мүүс байгаа. Нэг сайдаа хамгаалж, дөрвөн гишүү­нээ явууллаа гэх мэтээр?


-Нэг сайдын төлөө на­маа­саа татгалзаж бай­сан түүх хэзээ ч байхгүй. Үүнээс цааш ч гарахгүй. Маш ойлгомжтой асуу­дал гэвэл дээр дурдсан сөрөг хүчний орон зайг булаах гэсэн оролдлогоо ажил болгож байгаа. Ард түмэн сон­гуульд орол­цохдоо хоёр ху­ваагд­даг юм. Нэг хэсэг нь эрх баригчдыг дэмжиж байхад нөгөө хэсэг нь сөрөг хүчний талд зогс­дог. Эрх баригчдыг сон­гож байгаа хэсэг нь тэдэн­тэй ойр байж, албан тушаал, гайгүй амьдралд хүрсэн хүмүүс. Харин сөрөг хүчнийг дэм­жигч хэсэг нь эрх баригчидтай хариуцлага тооцох гэсэн эрүүл саруул хүмүү­сийн хүрээ. Эрх баригч­дын төлөөх санал Ардын нам руу очдогоороо очно. Ха­рин хариуцлага тооцох саналын тодор­хой ху­вийг л АН-аас хувааж авах гэсэн үйл ажиллагаа яваад байна. АН энэ үнэ­нийг ард түмэнд хэлэх хэрэгтэй. Хэлж байгаад хийлгэе л дээ.

-Тэгвэл АН энэ эрх баригч хүчинтэй өрсөл­дөхөд бэлэн үү?


-АН бэлэн байгаа. Бид­ний хийх хамгийн гол ажил бол мөрийн хөтөл­бө­рийнхөө онцлогийг олон түмэнд танилцуу­лах. Тиймээс МАН-ын­хан­тай нэг их ноцол­дол­гүй энэ ажлаа хийх нь чухал байгаа юм. Бид шүүмжилсэн, шүүмж­лээ­гүй бүх үйл явцыг ард түмэн харж байна. Тэгэ­хээр болж байгаа үйл явцыг тайлбарлах гэж цаг алдахаа­саа илүүтэйгээр АН юу хийх вэ гэдгээ на­рийн гаргаж ярих хэрэгтэй байна. Тухайлахад, бо­ловс­ролын асуудал бай­на. Хүүхдийг сурах хүсэл­тэй болгоно ч гэдэг юм уу. Сурах хүсэлтэй хүүхэд л ном сур­даг. Харин юу заах вэ гэдэг тодор­хой байдаг юм. Олон өөр ухаг­дахуун заана гэж байх­гүй. Нэг сэдвийн хичээл л үзнэ. Харин яаж зааж, сургах вэ гэдэг нь чухал. Ийм программыг л бий болгох хэрэгтэй байна. Үүнийг АН ирэх дөрвөн жилд хийнэ. Манай мар­гааш бол боловсрол юм. Боловсролтой иргэн­тэй болохгүй л бол бид хөг­жихгүй. Одоо энэ сон­гуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг хар л даа. Дан­даа улс төрд удчихсан, бохир асуудалд ороо­цолд­чихсон, урваж ша­рав­сан хүмүүс л байгаа ш дээ. Гэтэл яагаад залуус энд алга байна вэ. Яагаад залуучуудын хө­дөлгөөн үүсэхгүй байна вэ гэхээр өнгөрсөн 20 жилд боловсролыг нь хэт доош нь хийсэн учраас эд нартай өрсөлдөх чадвар­тай хүмүүс олдохгүй бай­на. Тулалдах чадва­рыг олголгүй, нийтийн хүмүү­жил гэдгийг олгосноос болж байгаа юм. Энэ мэт монголчууд Монголдоо эмнүүлдэг боломжийг ярих хэрэг­тэй байна. Энэ рүү АН анхаармаар бай­гаа. Харамсалтай нь Ц.Ням­дорж нэг асуудал гаргаж ирээд л, тэгээд нэг нам байгуулагдаж олны анхаарал татаад л, эсвэл цахим үнэмлэх гэж самуу­руулаад л АН-ыг ажил хийлгэхгүй байна. Энэ самуу­рал, завхралыг МАН-аас л хийж байгаа. Манай эрх баригч нам ийм муухай л даа. Сөрөг хүчний дэв­шүүлж буй төгс төгөлдөр мөрийн хөтөл­бөр олон түмэнд хүрчих­вий гэдгээс "шээс нь гоожиж" байна.

-Яагаад. Тэд ч гэсэн өөрсдийн мөрийн хө­төл­бөртэй биз дээ?


-Жишээ байна. Өнгөр­сөн сон­гуу­лиар дэвшүүл­сэн манай намын "Эрдэ­ний хувь" гэж томьёологд­сон мөрийн хөтөлбөр үнэ­хээр ард иргэдийн амьд­ралыг дээшлүүлж, асуудлыг шийдэх тийм баримт бичиг байсан. Гэтэл түүнийг нураах зорилгоор 1.5 сая төгрөг гэж яриад л сонгуулийг сонгууль биш болго­сон ш дээ. Ингэж олон түмнийг эрүүл саруул өрсөлдөө­нөөс хол­дуу­лах бодлогыг байнга хэрэг­жүүлж бай­даг. Одоо юу сэдэж бай­гааг нь хэн мэдэхэв. Тэгэ­хээр АН нийгэм яаж ч донсолж байсан харал­гүйгээр, түүнд нь автал­гүйгээр мөрийн хөтөл­бөрөө олон түмэнд хүргэх ажлыг зохион бай­гуу­лах хэрэгтэй байгаа. Удирд­лагууддаа ч гэсэн МАН-ын нийг­мийн анхаарлыг өөр чигт хандуу­лах гэсэн арганд нь битгий гүйж ор. Ажлаа хий гэмээр байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.