Ц.Элбэгдорж Сансар, од эрхсийн ордонд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сансар, од эрхсийн ордонд зочлов
2014.06.02

Ц.Элбэгдорж Сансар, од эрхсийн ордонд зочлов

Сансар, од эрхсийн ордон үүдээ нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шинээр үүд хаалгаа нээсэн Сансар, од эрхсийн ордонд зочлов. Монгол Улсын Засгийн газраас Сансар судлал, планетари төв байгуулах шийдвэрийг 2009 онд гаргажээ. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдсан тус ордонд Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн “Минолта MS-8” тусгай багаж, тоног төхөөрөмжийг бэлэглэсэн байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нээлтээ хийсэн Сансар, од эрхсийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч зочлох үеэрээ “Сансар” танхим, “Нар, сар” кино танхим, “Од эрхэс” танхимуудаар орж нар, сар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар зэрэгтэй танилцан хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Мөн тус ордонд хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн төлөөлөлд баярын мэнд хүргэж бэлэг гардуулсан юм.

Төрийн тэргүүнийг Сансар, од эрхсийн ордонд зочлох үеэр БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.Жанибеков, сансрын нисэгч М.Ганзориг нар ордны үзмэрүүдийг тайлбарлан танилцууллаа. Ордны нээлтийг тохиолдуулан сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт нэгэн хөлгөөр сансарт аялсансансрын нисэгч В.Жанибековыг гэр бүлийн хамт Улаанбаатарт урьж ирүүлжээ.

 Сансрын тухай бодно, сансрын тухай ярилцана гэдэг нь оюун бодлыг тэлж, хүнийг өргөн утга агуулгатай болгодог

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ордонтой танилцсаныхаа дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Манай ард иргэд, хүүхэд багачуудын хүсэн мөрөөдөж байсан ийм сайхан судалгааны төв өнөөдөр Хүүхдийн баярын өдөр нээлтээ хийсэн нь бэлгэ дэмбэрэлтэй юм. Монголчуудын хувьд сансар, одон гаригийг их эрт дээр үеэс судалж ирсэн байдаг. Монголын их гүрэн байгуулагдаж байхад монголчууд одон орныг дуран авайгаар харж байсан. Монголын их хаан Хубилайн үеэс авахуулаад сансар, одон орныг судалдаг эрдэмтдийг цуглуулж дурайн авай хийж, олон  том бунхан, музей байгуулж байсан түүх бий. Энэ бүхэн өнөөдөр Иран, бусад оронд байдгийг бид очиж үзэж маш их бахархаж байсан.

Түүнээс хойш монголчуудын хүсэл мөрөөдөл болсон энэ сайхан үйл хэргийг манай бахархалтай, туршлагатай сансрын нисэгчид хамтаа бүтээж сансарт гарсан. Одоо түүнийг газарт буулгаж ард иргэд, хүүхэд багачууд, хүн бүхэн үзэх боломжийг бүрдүүлж байгаад туйлын их баяртай байна. Үүнийг хийж бүтээхэд маш олон хүний хүч хөдөлмөр, зүтгэл орсон. Монголоос гадна Япон, ОХУ, бусад орны олон хүний хичээл зүтгэлээр бүтсэн ийм сайхан ордонтой боллоо. Хүн бүхэн ирж үзэхэд үнэхээр сэтгэл уужирч, баясахаар, оюун ухаан тэлэхээр ийм нэг сайхан газар нээгджээ. Энд эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирээрэй. Оюун бодлоо тэлээрэй.

Сансрын тухай бодно, сансрын тухай ярилцана гэдэг бол оюун бодлыг тэлдэг. Хүнийг өөрийг нь өргөн утга агуулгатай болгож өгдөг. Бид хаанаас үүсэв, яаж ирэв, ямар болох вэ гэдгээ харж болдог ийм гайхамшигтай шинжлэх ухаан юм. Өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн манай сансрын баатрууд, энэ бүхнийг хийж бүтээхэд оролцсон нийт хүмүүстээ баярлалаа. Та бүхэнд Эх, үрсийн баярын мэндийг давхар хүргэе. Их баярлалаа” гэлээ.

 Арваад жилийн өмнөх мөрөөдөл биелэв

Уг ордны нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцсон юм. Тэрээр нээлтийн ажиллагааны үеэр хэлэхдээ “Сансар, од эрхсийн ордон байгуулах талаар арваад жилийн өмнөөс мөрөөдөж байсан мөрөөдөл биеллээ. Ийм ордонтой болох нь олон талын ач холбогдолтой.

Манай өвөг дээдэс хорвоо ертөнц, байгаль дэлхийн үзэгдэл юмсыг ажиглаж цаг тооны бичгээс эхлээд шинжлэх ухааны олон тооны бүтээлийг амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн. Өнөөдөр Сансар, од эрхсийн ордонтой болсноор ирээдүйд Монголд  эрдэм боловсролтой, өндөр оюунтай хүмүүс төрж гарахад дөхөм болох байх гэж бодож байна. Дараа дараагийн он жилүүдэд Монголын бусад хотуудад мөн ийм ордон нээгдэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Баярлалаа” гэлээ.