Төв цэвэрлэх байгууламжид бүрэн зогсолт хийх эрсдэл тулжээ
Төв цэвэрлэх байгууламжид бүрэн зогсолт хийх эрсдэл тулжээ
2014.05.22

Төв цэвэрлэх байгууламжид бүрэн зогсолт хийх эрсдэл тулжээ

БХБЯ-ны Зураг төсөл эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяа Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори болон Төв цэвэрлэх байгууламжийн ажил байдалтай сайд Ц.Баярсайхан танилцлаа.

Төв цэвэрлэх байгууламж 1969 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хоногт 160 куб метр усыг хүлээн авч 80-85 хувиар цэвэршүүлэн Туул голд нийлүүлж байна.  Хэдийгээр олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч  төслийн хугацаанд эвдрэл доголдол гарсан.  Эрээвэр хураавар тоног төхөөрөмж бүхий цэвэрлэх байгууламжид шинэчлэл өргөтгөл хийхгүй бол жил хагасын дараагаас ачааллаа дийлэхгүй зогсоход хүрнэ. Тиймээс шинээр цэвэрлэх байгууламж барих хүсэлт тавьж байв.

Энэ чигээрээ ажиллавал Улаанбаатар хотын ачааллыг нэгэнтээ дийлэхээ больсон Төв цэвэрлэхэд Японы Жайка өргөтгөл хийх санал тавьсан байгаа юм байна.  Хоногт 63 куб метр бохир ус хүлээн авах хүчин чадал бүхий өргөтгөл хийнэ. Төслийн өртөг 319 тэрбум төгрөг. Жилийн 0,1 хувийн хүүтэй 10 жилийн дараагаас хүүгээ төлөх нөхцөлтэй санал аж.

Төв цэвэрлэх байгууламж 1969 онд байгуулагдсан.

Харин одоо тус байгууламжид 8,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 ширхэг хиймэл нуур байгуулах ажил хийгдэж байна. Ингэснээр төв цэвэрлэхэд ирж буй бохирыг байгалийн аргаар цэвэрлэж,  цэвэрлэгээ хийгдсэн усыг 2000-ийн шугмаар буцаан хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэн Туул голд нийлүүлэх юм байна.

Хэдийгээр энэ мэтээр нөхөж цойлдох арга хэмжээ авч буй боловч дорвитой шинэчлэл хэрэгтэй гэж Төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнууд хэлж байна. Улаанбаатар хотод барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлт нэмэгдэж байна. Энэ бүгдэд урьдчилан цэвэрлэх байгууламж  хэрэгтэй. Ялангуяа ноос ноолуур, арьс ширнээс гадна мах, сүүний үйлдвэрээс асар их бохирдолтой ус ирдэг. Гэтэл хажуудаа урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр гарын таван хуруунд багтана. Тиймээс яам, хот, мэргэжлийн хяналтын байгууллагаас хамтран дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгарсан гэж байв.

Сайд Ц.Баярсайхан Төв цэвэрлэх байгууламжийн өмнө тулгамдаж буй асуудлыг газар дээр нь үзэж, шинээр цэвэрлэх байгууламж барих өртөг тооцоо, техник тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж ирэхийг хүслээ. Аль болох хурдан хугацаанд хэрэгжүүлэхийн тулд олон улсын нээлттэй тендерээр  зураг, гүйцэтгэлийг хамтад нь зарлаж шийдэх талаар ярилцлаа.

Барилгын салбарт материалын сорилт шинжилгээ чухал.  Иймээс салбарын яамнаас лабораторийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа.  Түгээмэл тархацтай ашигт малтмал болон барилгын материалын түүхий эдийг  Зураг төслийн эрдэм шинжилгээний институтын харьяа  Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторит шинжилж байна.  Нийт 12 төрлөөр шинжилгээ хийгдэж байна. Тоног төхөөрөмжийн хувьд ч нарийвчлал өндөртэй герман, японы тоног төхөөрөмж шаардлагатай гэж лабораторийнхон хэлж байна.

Сайд Ц.Баярсайхан Төв цэвэрлэх байгууламжийн өмнө тулгамдаж буй асуудлыг газар дээр нь үзэж, шинээр цэвэрлэх байгууламж барих өртөг тооцоо, техник тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж ирэхийг хүслээ.

 Барилгын материалын чанараас барилгын насжилт шалтгаалах учраас физик механик шинж чанарыг судалж үнэлэлт дүгнэлт өгдөг ийм байгуулага хэрэгтэй.  Нэгэнт бий болсон нөөц бололцоонд тулгуурлан энэ лабароторийг бүрэн дүүрэн ашиглаж чанарын гэрчилгээ өгдөг эрх бүхий байгуулага болгох нь чухал. Ийм дүгнэлт гаргадаг болсноор материал үйлдвэрлэгчдэд чанартай анхаардаг болно гэж үзэж байна.

Өмнө нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн уг лабораторийг улсын төсвийн хөрөнгө 3 тэрбум төгрөгөөр баригдсан шинэ байранд оруулсан.  Уг барилгыг 2010 онд ЗТБХБЯ-ны захиалгаар Нью Прогресс компани барьжээ.  Гэвч 2012 онд ашиглалтанд хүлээлгэн өгсөн энэ барилгыг гүйцэтгэгч компани чанаргүй барьсан байна.  Өвөлдөө шугам хоолой хөлддөг, агааржуулалт муу гэж байна. Хэт хүйтэн байгаагаас судалгаа шинжилгээний ажил явуулахад ч хүндрэлтэй байгаа талаар салбарын сайддаа танилцууллаа. 3 тэрбум төгрөгөөр баригдсан энэ барилга ийнхүү чанаргүй, алдаатай баригдсанаас дахин хөрөнгө зарах хэрэгтэй болж байна.  Цаашид гүйцэтгэгчээр дутуу ажлыг хийлгэх, шаардлагын түвшинд хүргэхгүй бол зохих байгуулагад хандахаас өөр аргагүй гэж сайд Ц.Баярсайхан хэлэв.