Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
УИХ-ын дарга З.Энхболдод 2014.05.20 УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор манай улсын эдийн засаг хурдтай өсч байгаа. Гэтэл өнөөдрийн тендерийн тогтолцоогоор төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих төслүүд цаг хугацаандаа хэрэгждэггүй, нийтэд үр ашиг багатай байна. Энэ нь Засгийн газрын хурдтай, шуурхай, үр ашигтай, олонхид чиглэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхтэй уялдуулан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч УИХ-ын даргад танилцуулав.
Хуулийг шинэчлэн найруулах үндэслэл, шаардлага
Уул уурхайн болон томоохон бүтээн байгуулалттай холбоотойгоор манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурд эрс нэмэгдэхээр байна.
Гэтэл өнөөдрийн тендерийн тогтолцоогоор төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих төслүүд цаг хугацаандаа хэрэгждэггүй, нийтэд үр ашиг багатай байна. Энэ нь Засгийн газрын хурдтай, шуурхай, үр ашигтай, олонхид чиглэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна.
Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхтэй уялдуулан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дараах үндэслэлээр шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна:
- Тендерийн ерөнхий шаардлага хангасан оролцогчдоос хамгийн бага үнэ санал болгосон этгээдийг тендерт шалгаруулдгийг өөрчилж, мэдээллийн нэгдсэн санд суурилсан тендерийн шалгаруулалтаар төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээг хугацаанд нь, чанартай хийх этгээдийг шалгаруулдаг болох хууль тогтоомжид шилжих
- Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон арга хэмжээнүүдийг худалдан авах тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн чанар, гүйцэтгэгчийн чадавхи байхаар өөрчлөх.
- Бараа, ажил, үйлчилгээний хувьд төсөвт өртөг болон тендерийн гэрээний үнийг тодорхойлж уг үнэд тендерийн гүйцэтгэгчийн олох ашгийн хэмжээг багтаана. Ингэснээр тендерт оролцогчид хамгийн бага үнэ санал болгох биш, харин чанар, туршлага, чадавхийг санал болгох нөхцөлийг бүрдүүлэх.
- Сүүлийн жилүүдэд гүйцэтгэгч компаниудын тендерт шалгарч гүйцэтгэсэн ажлын чанар болон барьж байгуулсан обьектын эдэлгээ муу, хугацаандаа хийгддэггүй зэрэг нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахад хүрч байна.
- Тендерт оролцогчдыг ажлын гүйцэтгэл болон чанар, чадавхийг шалгуур болгон шалгарсан тендерийг чанартай гүйцэтгэсэн, хугацаанд нь хүлээлгэн өгсөн эсэхээс хамааран компаниудыг эрэмбэлж нийтэд мэдээлэх асуудлыг хуульд шинээр тусгах нь зүйтэй. Энэ нь дараа дараагийн тендер амжилттай хэрэгжих үндэслэл болох бөгөөд хариуцлагын тогтолцоог сайжруулах нэг хэлбэр болох юм. Тендерт оролцогч болон оролцохыг сонирхогч компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан худалдан авалтын мэдээллийн нэгдсэн санг бий болгоно. Энэ нь компаниудын үйл ажиллагааны талаарх түүхчилсэн мэдээлэл байх бөгөөд цаашид тендер шалгаруулахад баримтлах гол хэрэгсэл болно.
- Тендер зарлах, материал хүлээн авах, шалгаруулах болон тендертэй холбоотой маргаан, гомдлыг шийдвэрлэх хугацааг богиносгох, тухайн тендерийн процессыг хурдасгах шаардлагатай байна
Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг, 57 зүйлтэй. Хуулийн төслөөр дараах харилцааг зохицуулсан:
1.Нэгдүгээр бүлэгт: Хуулийн нэр томьёо, тендер шалгаруулалтын үндсэн зарчим болсон бага үнийн аргыг хасч, тендерийн үнийг тодорхойлох, зөвлөх үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар, гадаадын этгээд тендерт оролцох шаардлага, давуу эрх эдлэх оролцогчид өгөх үнэлгээг нэмэгдүүлэх, урьдчилсан сонголт явуулах журам, ерөнхий нөхцөлийг хангаагүй гэж үзэх шаардлагыг чангатгах, мэдээллийн нэгдсэн сангаас дэлгэрэнгүй мэдээлэл авах талаар тусгасан болно. Тендерт оролцохдоо ирүүлдэг санхүүгийн саналыг эдийн засгийн үр ашигтай байх техникийн санал гэж өөрчлөн бага үнийн аргыг халж, тендерийн үнийг шууд зарладаг болсон
2. Хоёрдугаар бүлэгт: Нээлттэй тендер зарлах, түүнийг үнэлэх аргыг нарийвчлан зохицуулсан болно.
3. Гуравдугаар бүлэгт: Тендер шалгаруулалтын онцгой журмыг харилцааг зохицуулсан бөгөөд мэдээллийн санд тулгуурласан хурдавчилсан аргаар тендер шалгаруулах боломжтой болсон.
4. Дөрөвдүгээр бүлэгт: Тендерийн санал ирүүлэх хугацааг багасгах талаар тусгасан бөгөөд зөвлөх үйлчилгээ сонгох аргачлалд өөрчлөлт оруулан, зөвлөх сонгох чанарын үнэлгээний аргад техникийн саналыг үнэлэх, гэрээний стандарт нөхцөлийг батлах зохицуулалтыг тусгасан болно.
5. Тавдугаар бүлэгт: Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний нөхцөл, холбогдох заалтуудыг оруулсан болно. Гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох нөхцөлийг тусгасан.
6. Зургадугаар бүлэгт: Захиалагч нь доод шатны байгууллага, төсвийн захирагчид төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах эрхээ шилжүүлэх, худалдан авалтын мэдээллийн нэгдсэн сан бий болгох, мэдээллийн санд зайлшгүй бүртгүүлэх харилцааны зохицуулалтыг тусгасан болно
7. Долдугаар бүлэгт: Маргаан шийдвэрлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой заалтууд тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар үүсэх нийгэм, эдийн засгийн үр дагавар, ач холбогдол
Хуулийн төсөл батлагдсанаар хамгийн бага үнэтэй, хямд ажил, үйлчилгээг тэргүүнд тавьдаг тогтолцоо арилж, төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл явц хурдан шуурхай, үр бүтээлтэй, улмаар эдийн засагт өндөр үр ашигтай байна. Тухайлбал, бага үнийн саналаар бус хамгийн өндөр үнэлгээ авсан, олон улсын чанарын стандартыг санал болгож байгаа оролцогчдыг шалгаруулснаар төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж, дунд, урт хугацаанд нийгэмд болон олон нийтэд үр ашгаа өгнө.
Түүнчлэн хамгийн бага үнийг санал болгосон хэрнээ үнийн өсөлт, инфляцийг шалтаг болгон өндөр зардлаар тухайн төслийг хэрэгжүүлдэг байдал гарахгүй болно.
Өндөр хөгжилтэй орны техник технологи, чадавхийг нутагшуулж дотоодын компаниудын чадавхийг сайжруулах, инженерийн дэд бүтцийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Нэг жилийн настай зам, сургууль, цэцэрлэг барьж дараагийн жилээс засвар оруулж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг байдал үгүй болно.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар тухайн тендерт гарсан гомдол, түүнийг шийдвэрлэх хугацаанаас шалтгаалан төсөл, арга хэмжээ цаг хугацаандаа хэрэгжихгүй уддаг байдал арилна.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хууль, тэдгээрийн үзэл баримтлал, агуулга, зарчимтай бүрэн нийцнэ.