УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.05.15

С.Ганбаатар: Бонд гэдэг нь нэг талын хариуцлага

Өр, тэр дундаа улсын өр гэж юу юм бэ? гэхээр “Засгийн газрын дотоод болон гадаад зээл, санхүүгийн түрээс, засгийн газраас гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмчид давамгайлсан хууль, ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийг, мөнгөн дүн, түүнд ноогдох хугацаа хэтэрсэн хүү, алданги торгуулийн нийлбэрийг хэлнэ” гэж тодорхойлсон байгаа юм.

Тэгэхээр Чингис, Самурай гэх бондууд яалт ч үгүй Монгол улсын гэх өрөнд орж байна. УИХ-аас Монгол улсын 2014 оны төсвийг батлахдаа Монгол улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр Засгийн газар ДНБ-ий 40 хувьд бариулж гадаад өр тавих эрх нь нээгдэнэ гэсэн үг. Тэгвэл энэ заалт зөрчигдсөн байх магадлалтай.

Тодруулж хэлбэл Монгол банк шинэчлэлийн Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гурван их наяд төгрөгийг оруулаад манай улс нийтдээ гурван янзын төсөвтэй болчихоод байгаа юм. Эдгээрийг нэгдсэн нэг төсөвт оруулбал өрийн хэмжээ ДНБ-ийхээ 71.7 хувь болчихоод байна. Гэтэл Чингис бондын 1.5 тэрбум долларын зээл болон үнэ тогтворжуулах гурван их наядаа нэмээд үзэхэд өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиасаа хэтэрчихээд явж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Чин үнэнийг хэлэхэд сая Ч.Хүрэлбаатар гишүүн чуулган дээр маш чухал зүйл ярилаа. Монголын өр одоогийн миний тооцоогоор төсвийнхөө 63 хувьтай тэнцэх хэмжээний өрөнд орчихоод байна. Энэ бол аюултай зүйл. Би чуулган дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт хоёр удаа хэлсэн. Бонд гэдэг бол өрийн бичиг шүү. Зээл гэдэг бол харилцан хариуцлага хүлээнэ гэсэн үг. Би зээл аваад төлж чадахгүй бол өгсөн хүн ч бас хариуцлага үүрдэг. Бонд гэдэг нь нэг талын хариуцлага. Өр тавьсан тэр хүмүүс үр хүүхдээрээ ч хамаагүй, эсвэл юу байгаагаа барьцаанд тавиад төлнө. Энэ бол их аюултай. 

Наад валютаар авч байгаа бонд гэдэг юм уу, өрийг чинь маргааш бид валютаар төлнө. Маргааш валют олох юманд зарцуулаарай. Төмөр, зэс хайлуулах үйлдвэрээ барья, нефьтээ боловсруулъя. Яагаад мод, цэцэг, зам  зэрэг 40, 50 жилийн дараа үр ашгаа өгөх юм руу өгөөд байгаа юм бэ? Би бүр маш энгийн хэлж байсан. Долоон буудлын Должин эмээ хашаа, байшингаа барьцаанд тавиад 1.5 сая төгрөг аваад тэр мөнгөөрөө хашаа будаад, жорлон хүртэл замаа цэвэрлэчих юм бол цементэн замтай, хашаагаа будсан байшингаа барьцаанд алдана л гэсэн үг.

Тэрний оронд долоон буудлын үзүүрт очоод дугуй засварын газар ажиллуулах юм бол сар болгон 150 мянган төгрөгийн ашигтай ажиллана. Хоёр жилийн дотор хүүгээ, үндсэн мөнгөө төлөөд тэрний дараа сар болгон 200 мянган төгрөгөөрөө гудамж хөтөлбөрөө хэрэгжүүлнэ үү, цэцгээ тарина уу дараагийн асуудал. Энэ бондын мөнгөөр харамсалтай нь үйлдвэрлэл, ажлын байрны зүйлүүд рүү оруулсангүй. Одоо парламент дээр энэ талаар дахиад шаардлагаа тавина, Засгийн газраас хариу үр дүн нэхэх болно.