Д.Дамба: Энэ хуулийн төслийн зарим зүйлд сэтгэл дундуур байгаа
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байгаа билээ. Уул уурхайн салбарынхан уг хуулийн төсөлд төрийн оролцоог багасгасан өөрчлөлт бараг орсонгүй гэж шүүмжилж байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа хувийн хэвшлийнхний саналыг авсан. Хамгийн түрүүнд хаалттай байсан лиценз, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт, шилжүүлэлт зэргийг нээлттэй болгох ёстой. Мөн гадны хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд хэд хэдэн заалтуудыг өөрчлөх шаардлагатай гэсэн саналыг өгчээ. Хуулийн төсөлд дээрх саналууд тусгалаа олсон ч зарим талаар дутуудуулсан гэж уул уурхайн салбарынхан харж байна.
МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба: “Бидний зүгээс энэ хуулийн төслийн хоёр, гурван зүйлд сэтгэл дундуур байгаа. Жишээ нь, хайгуулын тусгай зөвшөөрлийн шалгуур үзүүлэлт дээр зардлын доод хэмжээг тусгасан байдаг. Үүнийг биелүүлээгүй нөхцөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцална гэж байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдын зарим боломж, бололцоог хааж боогдуулсан нэлээд дарамттай заалт. Энийг өөрчлөх талаар заалт ороогүй байгаа”
Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг ил тод, төсөвт ашигтай татвартайгаар шилжүүлдэг журмыг боловсруулж өгснийг хуулийн төсөлд тусгаагүй юм байна. Гэхдээ одоогийн хуульд ч, шинээр нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ч төрийн оролцоо , стратегийн орд гэдэг нэр томьёог салгахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр болсон нь эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж уул уурхайн салбарынхан онцолсон.