2014.05.10

Я.Содбаатар: Дэлхий монголгүйгээр явна. Харин Монгол...

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. Тэрээр манай сайтаар бүтэн жилийн турш экспертүүдээр хэлэлцүүлэгдсэн уул уурхай, эрчим хүч гэсэн сэдвийн хүрээнд, экспертүүдийн саналд хариу байр сууриа илэрхийлсэн юм.

-Уул уурхайн салбарт тодорхойгүй байдал их байна. Тогтвортой хөгжил, хууль эрх зүйн тогтвортой байдлыг бүгд хүсч байна. Эрдэс баялгийн бодлого батлагдчихлаа. Одоо яах ёстой вэ?

Уул уурхайн салбарт тогтвортой орчин л үгүйлэгдэж буйтай санал нэг байна. Тоглоомын дүрэм ойлгомжтой байвал хөрөнгө оруулагчид орж ирнэ.

Гэтэл хурдан дүрмээ өөрчилж, тодорхойгүй байдал руу өөрсдөө ороод байна. Уул уурхайн салбараа зөв ашигласан Чили, Норвеги, Канадын бодлогын орчин нь 20 жилээс дээш хугацаанд тогтвортой.
Бас нэг үгүйлэгдэж байгаа зүйл нь геологийн бодлого. Геологи хайгуулын ажлыг чөлөөтэй болгож, геологийн салбарыг дагасан шинжлэх ухааныг хөгжүүлэх ёстой. Геологи уул уурхайгаас хоёр алхмын өмнө явах ёстой. Уул уурхайн салбарын  олон шүүмжлэлийн цаад угийг нь авч үзэхээр геологийн салбарын хоцрогдол их нөлөөлдөг.

-Геологийн экспертүүд тус салбарыг тусдаа хуулиар зохицуулах ёстой гэж үзсэн. Таны хувьд энэ хэр зүйтэй санал вэ?

 Төр анхаарахгүйгээс үүссэн асуудлууд дараа дараагийн хүндрэлийг үүсгэдэг. Тиймээс 50 мянганы зураглалыг яаралтай хийж дуусгах хэрэгтэй. Агаарын геофизик, төрөлжсөн геологийн хайгуулыг эрчимжүүлэх хэрэгтэй. Тэгж байж тоглоомын дүрмээ ойлгомжтой болгоно. Геологийн хайгуулын ажлыг шинэ шатанд гаргаж бие даалгах хэрэгтэй. Төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх. Сүүлийн таван жил хайгуулын ажлыг зогсоосноос геологийн салбар элгээрээ хэвтсэн.  

-Эрдсийн бирж байгуулах цаг нь болсон уу. Ингэснээр өрсөлдөх чадвар сайжрах болов уу?

Түүнээс гадна гадаад худалдааг нарийн авч үзэх ёстой. Олон улсын зах зээл дээр худалдааны стандартын хэм хэмжээний хүрээнд, далайд гарцгүй орны хувьд, худалдан авагч нь хязгаарлагдмал орны хувьд өөрийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс бодлоготой байх хэрэгтэй.
Олон улсын түвшинд, эсвэл бүс нутгийн хэмжээнд нэгдсэн интеграцчилалд орох уу.

Магадгүй зэс, нүүрсний үнийн бодлогод орох хэрэгтэй. Удахгүй хоёр ордын асуудал шийдэгдвэл Оюутолгой, Цагаансуварга, Эрдэнэт нийлээд дэлхийн зэсийн зах зээлийн том ханган нийлүүлэгч болно. Энэ үед Чили улстай хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг эхлүүлэх боломжтой. Эсвэл нүүрсээрээ Австрали, Индонез, Энэтхэг улстай хамтарч болно. Хамтран ажилласнаар нүүрсний худалдаа ханган нийлүүлэлтийн мэдээллээ солилцож, үнэ тогтооход оролцоно.

-Өнөөгийн худалдааны байдал ямар гэсэн үг вэ?

Одоогийнх шиг түрүүлж очиж, Хятадын нэг худалдан авагчид үнээ унагаахгүй гэсэн үг. Эрдсийн бирж байгуулах боломж байгаа ч хүчээр хийж болохгүй.
Уул уурхайн салбарт дэлхий монголгүйгээр явна. Харин Монгол дэлхийгүүгээр явж чадахгүй. Тиймээс зөв бодлогоор дэлхийн зах зээлийн урсгал, тоглоомын дүрмэнд яаж зохицож, амьдралаа шинэ шатанд гаргахаа бодох хэрэгтэй. Гурван асуудалд анхаарья.
•    Байгаль орчин экологио зөв авч үйлдэх
•    Бусад эдийн засгийн салбар яаж нөлөөлөх вэ
•    Баялгийн хуваарилалтыг яаж хийх вэ.

Амбицтай хөдлөх цаг болсон
-Эрчим хүчний салбарыг хувийн салбарт шилжүүлж, үнийг чөлөөлөх бодлого барих цаг нь болсон гэдгийг олон эксперт хэлсэн. Та санал нийлэх үү?

Уул уурхай бол нэг хөл. Хоёрдох хөлийг шаах шаантаг нь эрчим хүч. Ойрын хугацаанд маш том амбицтайгаар бодлогоо гаргаж тавих ёстой. Ойрын хугацаанд дотоодын эрчим хүчээрээ хангах ёстой. Цаашилбал эрчим хүчний хамгийн бага тарифтай орон болох зорилго тавих хэрэгтэй. Дунд шатандаа эрчим хүч экспортлогч орон болох, дараа нь зүүн хойд Азийн бүс нутагт эрчим хүч экспортох зорилго тавих хэрэгтэй.

-Экспортлох боломж үнэхээр байгаа юу?

Үүний тулд хоёр том эх үүсвэрийг ашиглана. Нэгдүгээрт сэргээгдэх эрчим хүчний нөөц. Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний байгууллагаас Монголыг цаашдын баялаг бүс нутаг болгон зарласан. Хоёрдугаарт хүрэн нүүрсэнд түшиглэж, хийн дулааны цахилгаан станцыг барих, хийжүүлэх бодлогыг барихна. Манай улс 2006 онд эрчим хүч экспортлох чиглэлээр Хятад улстай санамж бичиг байгуулсан. Харамсалтай нь хэрэгжээгүй. Үүнийг сэргээх шаардлагатай.

Ярилцсанд баярлалаа.