Г.Баасан: Ахмадууд улс төржилтийн золиос болж байна
Монголын чөлөөт ахмадын холбоо ТББ-ын тэргүүн Г.Баасан
2014.05.13

Г.Баасан: Ахмадууд улс төржилтийн золиос болж байна

Монголын чөлөөт ахмадын холбоо ТББ-ын тэргүүн Г.Баасантай ахмадуудын нийгмийн хамгааллын асуудлаар ярилцлаа.

- Сүүлийн үед Ахмадын чөлөөт холбоо маань ямар ажлуудыг амжуулав?

Манай холбоо бүх аймгаар явж ахмадуудынхаа амьдралтай танилцаад ирлээ. Ахмадын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. Эрх зүйн болоод бусад мэдэж байх шаардлагатай сэдвүүдээр ахмадуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Гурван үндсэн асуудлаар ахмадуудын дунд судалгаа явууллаа. Нэгдүгээрт төсөв авч санхүүждэг ахмадын байгууллагууд хэр үр дүнтэй ажиллаж буйг тогтоосон. Хоёрдугаарт Нийгмийн хамгааллын тухай хуулиа ахмадууд хэр мэдэж, амьдралдаа ашиглаж чадаж байна уу гэдгийг, хуулийн хэрэгжилт бодит байдал дээр хэрэгжиж буй эсэхийг тодрууллаа. Гуравдугаарт Монголд үйл ажиллагаа явуулаад есөн жил болж буй геронтологийн эмнэлгүүд хэр үр дүнтэй ажиллаж, ахмадууд тэндээс эрүүл мэндийн үйлчилгээ авч чадаж байна уу үгүй юу гэдгийг судалгаагаар олж мэдлээ.

"Тэд хойч үеэсээ халамж нэхэх эрхтэй"

Бүх аймгаар яваад үзэхэд зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлт эхэлснээс хойш Монголын ахмадууд эзгүйрсэн, анхаарлын гадна орхигдсон гэдэг нь харагдлаа. Тэд сэтгэл дундуур, уйтгартай амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмж багатай. Зарим нь хамгийн сүүлд хэзээ гар дээрээ тэтгэвэр авснаа, ямар хэмжээний, хэдэн хувийн хүүтэй зээл хийснээ ч санадаггүй.

Ахмадын байгууллага гэж чухам юу юм гэсэн асуултад олонхи ахмадууд “эд угтаа МАН-ын байгууллага шүү дээ” гэсэн хариулт өгч байна. Ахмадын төлөө бодитой ажил хийсэн байгууллага тун цөөн. Нийгмийн хамгааллын хуулийн талаар ахмадууд ямар ч төсөөлөлгүй, яаж ашиглах талаар ч мэдэхгүй нь харагдлаа. Бид орон нутагт ажиллахдаа уг хуулийн чиглэлээр сургалт хийж, анхаарах, нэмж хасах зүйл юу байна гэдгийг ярилцсан.

- Орон нутагт ахмадын эрүүл мэндийн байдал ямар байна вэ?

Ахмадын эрүүл мэндийн асуудал орхигдсон, ихэнх нь мэргэжлийн эмчид үзүүлэх боломжгүй байдаг тухай ярьж байна. Монголын ахмадууд ердөө “насны доройтол” гэсэн өвчний ганцхан оноштой болчихож. Олонхи эмнэлэг, эрүүл мэндийн газрууд ахмадуудад иймэрхүү онош тавьдаг. Аймаг тус бүрт байдаг ганцхан ахмадын эмч хүний биеийг бүхэлд нь оношлох боломжгүй. Тэд голдуу таны зүрх өвдөж байна, даралт ихэссэн, үе мөч чинь муудсан гэсэн онош хэлдэг. Тэгээд хэдэн эм бичиж өгөхөөс хэтэрдэггүй. Мэргэжлийн эмч нар барагтай бол олдохгүй.

Харин хөнгөлөлттэй олгох эмийн хувьд сүүлийн үед Засгийн газар анхаарч байгаа. Гэсэн ч эмийн тоо хүрэлцдэггүй, сарын эхний тав хоногт дуусчихдаг. Дуусчихсан эмийн оронд өөр эмийг ижилхэн үйлчилгээ гэж хэлээд эм шахдаг үзэгдэл байна. Тэр байтугай 19 мянгаар зарах ёстой эмийг 25 мянгаар зарж байсан тохиолдол бий.

Энэ бүгдээс харахад ахмад үеэ халамжлах, хамгаалах тогтолцоо, эрх зүйн орчин огт алга.

- Орон нутагт ажилладаг ахмадын байгууллагуудын ажлын талаар тодруулж ярихгүй юу?

Орон нутагт чамгүй төсөв авч ажилладаг ахмадын байгууллагууд байна. Эдгээр байгууллага бидэнд ажлаа танилцууллаа. Гэтэл ямар ажил хийж байна гээч. Ахмадуудаас мөнгө хурааж нийтийн бүжиг хийдэг, шатар тоглуулдаг, аялал зугаалга, банкет, концерт зохион байгуулдаг, ахмадын мөнгөөр өөрсдөд нь шагнал өгдөг. Ийм ажлыг хэн ч хийж чадна.

Г.Баасан: Монголын бүх ахмадын 90 хувь нь тэтгэврийн зээлтэй, тэтгэврийн дэвтэр нь банканд хэвтэж байдаг

Үнэндээ ахмадын нийгмийн асуудалд чиглэсэн ажлыг хийдэггүй. Олонхи ахмадын хувьд сувилалын газраар үйлчлүүлнэ гэдэг хүсэхээс хэтрэхгүй. Ийм л маягаар аймгуудын ахмадын холбоо татвар төлөгчдийн мөнгийг үрж байна.

Нэг харуусмаар дүр төрх орон нутагт бий болчихож. Ихэнх аймгийн ахмадын байгууллага үнэн хэрэг дээрээ хуучин МАХН-ын байгууллага байдаг учраас өмнө нь намд ажиллаж байсан, өндөр тэтгэвэр авдаг хүмүүс үйлчлүүлдэг, харин жирийн малчин, ажилчин байсан ахмадуудтай ямар ч холбоогүй. Эдгээр байгууллага нийт ахмадын төлөө бус, нэг намыг засгийн эрхэнд гаргахын тулд сонгуулийн идэвхтэй ажил хийдэг улс төрийн байгууллага болоод хувирчихсан. Орон нутгийн ахмадуудын амнаас би ийм л үг сонслоо. Ахмадын байгууллагад 17 жил ажилласан хүн өөрөө хүртэл “хангалттай улс төржлөө” гэдгээ хэлж байна.

Түүхээс харахад Монголын ахмадын холбоо улс төрийн байгууллага гэдэг нь харагддаг. 1988 онд Улс төрийн товчооны 58 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хуучны МАХН-ын үзэл суртлыг ахмадуудын тархинд суулгах гол үүрэгтэй байсан. Дараа нь Монголын ахмадын гүйцэтгэх хороо, Монголын ахмадын холбоо гэх зэргээр нэрээ өөрчилсөн ч үйл ажиллагааны мөн чанар огт өөрчлөгдөөгүй.

- Орон нутгийн удирдлагууд ахмадуудын асуудлаар юу ярьж байна?

Зарим аймгийн удирдлагууд бидэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Харин зарим аймгийн удирдлагууд ахмадын холбооны үйл ажиллагааг өөрчлөх шаардлагагүй гэж үздэг. Тэд ахмадуудыг өндөр настай, бие муутайг нь далимдуулж басамжлаад байна уу гэсэн бодол төрдөг. Дундговь аймгийн удирдлагад хамтарч ажиллах санал тавихад эрс татгалзаж, аймгийн ахмадын холбоо сайн ажиллаж байгаа гэж хэлсэн. Гэтэл хэдхэн зуун метрийн цаана 90 орчим настай хөгшин орон гэргүй, дөрвөн хоног хоол идээгүй гээд гудамжинд сууж байна.

"Бурхан болсон ахмадын нэрээр тэтгэвэр тогтоолгоод мөнгө аваад сууж байсан санаанд оромгүй тохиолдол ч бий".

Монголын ахмадын нийгмийн хамгааллын тухай хуульд ахмадуудыг илт ялгасан заалтууд бий. Тухайлбал хувьсгалт тэмцлийн ажилд оролцсон ахмадуудад тэтгэвэр өгнө гэдэг. Намын нэрээр өндөр алба хашиж байсан хүмүүст өндөр тэтгэвэр өгдөг. Хууль нь хүртэл намчирхсан, улс төржсөн шинжтэй. Уг хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй.

- Авьяас тэтгэвэрт гардаггүй гэсэн үг байдаг. Ахмадуудыг хөдөлмөр эрхлүүлэх ямар гарцууд байж болох вэ?

Мөн чанартаа хүн хэзээ ч тэтгэвэрт гардаггүй, амьсгал хураатлаа бие, оюунаараа хөдөлмөрлөдөг. Гэтэл өнөөдөр “тэтгэврийн хүн” гэсэн сонин ангилал бий болчихсон. Тэтгэврийн хүн гэхээр ялгавартай ханддаг. Ялангуяа банкууд зээл өгөхдөө дургүй. Харин ч тэтгэвэрт гарсан хүн туршлагатай, хийж бүтээх боломжтой шүү дээ. Бид ахмад настныг хөдөлмөр эрхлүүлэх,  хамт олонтой байлгах, сэтгэл санаагаар дэмжих, мэдлэг, чадварыг нь ашиглах зэргээр олон талаас нь судалж байгаа. “Ахмад мэргэжилтнүүдийн үндэсний сүлжээ” нэртэй хөтөлбөр гарсан.

Манай холбооноос саяхан ахмадуудыг хөдөлмөр эрхлүүлэх зарыг орон даяар тараасан. Гэртээ сууж буй эрүүл саруул хөдөлмөрийн чадвартай ахмадуудаас эхлээд эрдэмтэн, доктор хүртэл олон хүн бүртгүүлсэн. Ахмадууд ажиллах дуртай, цагийг зүгээр өнгөрөөж чаддаггүй хүмүүс. Энэ удаа туршилтын журмаар явагдаж байгаа. Удахгүй хөтөлбөрийн маань үр дүн гарна. Ахмадуудын мэдлэг, туршлагыг ашиглая гэсэн уул уурхай, барилга, эрүүл мэнд, ногоон байгууламжийн салбарын олон аж ахуй нэгж саналаа ирүүлсэн. Одоогоор 17 байгууллагын 100 орчим ажлын байр гарчихаад байна. Ирэх долоо хоногоос хөтөлбөрийнхөө нээлтийг хийнэ.

- Түүнээс гадна манай тэтгэврийн тогтолцоо гажуудалтай юм шиг санагддаг.

Тэр үнэн. Саяхныг болтол Монгол улсын хөдөлмөрийн баатар хүн 108 мянган төгрөг авдаг байсан. Адилхан мэргэжилтэй гурван хүн гурван өөр тэтгэвэртэй байх жишээтэй. Түүнээс гадна хувилж нэмдэг. Өндөр тэтгэвэртэй хүний тэтгэвэр улам их болоод, бага тэтгэвэртэйнх нь бага хэвээр үлддэг байсан. Тиймээс бид хувилж нэмэхээ болиоч ээ, 500 мянгаас дээш тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг энэ удаадаа нэмэхээ азная гэсэнсанал тавьснаар асуудал нааштай шийдэгдсэн. Түүнээс гадна тэтгэврийн жил хасдаг явдлыг зогсоох хэрэгтэй. Архив устсан нэрийдлээр олон ахмад жилээ хасуулсан.

Дараагийн нэг асуудал бол тэтгэврийн зээл. Олонхи ахмад хэдэн сар жилээр тэтгэврийн зээл авдаг. Жилийн 18 хувийн хүү гэдэг бол өндөр хүү. Тиймээс бид банкнуудтай энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Хаан банк, Монголын банкнуудын холбоо хариу ирүүлсэн. Бусад нь чимээгүй байна. Дараа долоо хоногоос банкнуудтай ахиад уулзана. Ахмадууд дээд тал нь гурван жил, доод тал нь гурван сарын тэтгэврийн зээлтэй. Зээлсэн мөнгөө өөрсдөдөө бус үр хүүхэддээ зарцуулдаг.

- Орон нутагт ахмадын халамжийн мөнгө хүрч чадаж байна уу?

Чадахгүй байна. Хэн засаг даргад долигонож чадна, тэр хүн авдаг. Ер нь ахмадуудын сул доройг далимдуулж, тэдний нэрийг барьж мөнгө иддэг үзэгдэл бишгүй бий. Тухайлбал Цагаан сар болон ахмадын баяраар харъяалалгүй ахмадуудад өгөх ёстой 15 мянган төгрөг байдаг. Гэтэл нэг хадаг, нэг сүүнээс илүү юм өгдөггүй гэсэн мэдээлэл олон газраас ирж байна.