Г.Баасан тэргүүн Хэнтий аймагт ажиллалаа
Г.Баасан тэргүүн Хэнтий аймагт ажиллалаа
2014.04.27

Г.Баасан тэргүүн Хэнтий аймагт ажиллалаа

Монголын Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан Хэнтий аймагт ирж ажиллалаа. Тэрээр Чингис хотын нийт ахмадтай “Ахмадын байгууллагыг шинэчлэе” уулзалт ярилцлагыг хийж, шаардлагатай сэдвүүдээр товчхон сургалт зохион байгуулсан юм.

Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын хүн амын 10 хувийг ахмадууд эзэлдэг байна. 1990 оноос хойш ахмадууд юм болгон санаснаар байдаггүй нийгэмд амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд ахмадуудын амь амьдрал, хийж бүтээсэн бүтээлүүд, эрүүл мэндээ хамгаалуулах, төрд хөдөлмөрөө үнэлүүлэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг маш олон асуудал гээгдэж хаягдсан гэж болно. Миний хувьд ахмад хүн бол биш. Хуулиар заасан ахмад настан арай болоогүй байна. Гэсэн ч 40 гаруй насандаа буюу одоогоос 10 гаруй жилийн өмнө ахмадуудтай хувь заяагаа холбосон хүн. Тэр цагаас хойш би ахмадуудын өмнө тулгамдсан асуудлыг нийгэмд дэвшүүлэн тавьж, зорилгынхоо дийлэнх хувийг хэрэгжүүлж чадсан.

Уулзалтын үеэр ахмад настны нийгмийн хамгаалалд зориулагдсан хуулийн талаарх мэдээллийг агуулсан олон төрлийн лекцээрээ сургалт зохион байгуулсан нь их л үр дүнтэй байв.

Тухайн үед “Монголын ахмадын чөлөөт холбоо” “гудамжны” гэгдэх нэртэй байсан бол өнөөдөр төр засгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын нийт ахмадуудын төлөө нэгдэж ажилладаг төв байгууллага болсон. Одоо бид нэг ч настан үлдээхгүйгээр бүгдэд нь хүрч ажиллах зорилго тавиад байна.

“Монголын ахмадын чөлөөт холбоо” 2013 оны хоёрдугаар сард Засгийн газартай, гуравдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, тавдугаар сард өмнөх ажиллаж байсан ахмадын холбоотой тус тус хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдэд үндэслэн хөдөөгийн ахмадуудыг үнэн зөв мэдээллээр хангах зорилго тавин ийнхүү ажиллаж байна” гэснээр яриагаа эхэлсэн юм.

 Тэрээр одоогоор 18 аймаг, тэдгээрийн бүх суманд ажиллаад байгаа гэнэ. Орон нутагт хүрч ажилласны үр дүнд ахмадууд мэдээллийг маш сайн олж авч чадаж байгаа аж. Уулзалтын үеэр ахмад настны нийгмийн хамгаалалд зориулагдсан хуулийн талаарх мэдээллийг агуулсан олон төрлийн лекцээрээ сургалт зохион байгуулсан нь их л үр дүнтэй байв.

Уулзалтын үеэр явуулсан судалгааны дүнгээр ахмадуудын ихэнх нь өөртөө зориулсан хуулиа мэдэхгүй гэдэг хариултыг өгчээ. Наад зах нь л тэтгэврээ ялгаж мэддэггүй, ямар төрлийн тэтгэвэрт хамрагдаж байгаагаа ч ойлгоогүй хүмүүс их байгаа аж. Мөн тэтгэврийн зээлийн хүү өндөр байгаа гээд тэтгэвэр тойрсон асуудал их байв. Ахмадууд өөрийн орлого болох багахан тэтгэврээ өндөр хүүтэй урт хугацаатайгаар банкнаас зээлж,  бусдын амьдралд зориулж байгаа нь судалгаанаас харагдаж байгаа аж. Тухайлбал, Хамгийн доод тал нь зургаан сар, дээд тал нь гурван жилээр тэтгэврээ зээлж авсан байна. Зээлээр авсан тэтгэврээ оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, дотуур байрны хөлс, бас ажилгүй хүүхдүүдийнхээ амьдралыг нь залгуулдаг. Мөн шинээр гэр бүл болж байгаа хүүхдүүддээ гэр орныг нь бэлдэж өгч, өвчтэй, зовлонтой байгаа хамаатан садангийнхандаа зарцуулдаг байна.

Орон нутагт хүрч ажилласны үр дүнд ахмадууд мэдээллийг маш сайн олж авч чадаж байгаа аж

Үүнтэй холбогдуулан МАЧХ-ныхон Монгол Улсад тэтгэвэр олгодог бүх банкны төлөөлөлтэй гуравдугаар сарын 20-нд уулзаж, ярилцсан байна. Энэ үеэр банкнаас авдаг зээлийнхээ бичилтийг ойлгодоггүй, банк биднийг дээрэмдээд хүүн дээр нэмж хүү авдаг гэсэн ойлголтыг ойлгомжтой байлгахыг хүсчээ.

 Тус холбооноос олон ажлыг санаачлан хийж байгаа аж. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон болсон. Гэтэл Хүний эрхийн Үндэсний комисст ахмад настны эрхийг хамгаалах ажлыг хариуцсан хүнгүй байжээ. Тиймээс тус байгууллагад хандаж, ахмад настныг хариуцсан орон тооны бус зөвлөхтэй болжээ.

Ахмадуудад зориулсан тэднийг нээлттэй сонсох 70001181 утсыг өдөр бүр ажиллуулж байна. Энэ утсанд ахмадууд маш их ханддаг. Одоогийн байдлаар 8000 гаруй хүн хандаад байгаа. Мөн орон нутагт 70 гаруй мянган ахмадтай уулзалт хийсэн. Ахмадууд бол хүний эрх, эрх чөлөөг хамгийн их хүртэх ёстой хүмүүс. Тиймээс ахмадуудаа сонсдог төртэй байя, ард түмнээ үлгэрлэн дагуулдаг ахмад үетэй байя, аав, ээжийгээ хайрладаг үр хүүхэдтэй байя гэсэн уриан дор холбоо маань ажиллаж байна.

Хүн хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Яагаад гэвэл хүн мөнхийн хөдөлмөрч байж байгаад энэ хорвоог орхидог жамтай. Дээрээс нь манай ард түмэн их цөөхөн. Тийм байж 55-60 хүрсэн хүнийг тэтгэвэрт гарчихдаг. Үүнээс өмнөх насныхан ч тэтгэвэрт гарах тохиолдол бий. Урлагийн ажилтан, цэргийнхэн, олон хүүхэдтэй, залуугаараа тэтгэвэрт гарч байгаа хүмүүс байдаг.

Энэ нь хүнд цаашид амьдрах бүх зүйл нь зогсчиж байгаа юм шиг, зөвхөн тэр тэтгэврээр амьдралаа залгуулах ёстой юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг ч бас засч залруулмаар байна. Хүмүүсийг ахмад гэж өөрийгөө бодохгүйгээр бүтээлч байлгах боломжийг бүрдүүлэхийг хүсч байгаа хэмээлээ.

 Өнгөрсөн оны 11-р сард Шинэчлэлийн Засгийн газрын Сангийн сайд ахмадуудад зориулсан төсвийн мөнгийг зөвхөн Монголын ахмадын чөлөөт холбоонд хуваарилж ахмадуудын төлөө ажилла гэсэн шийдвэрийг гаргажээ. Тус холбоо нь 2013 оны 3-р сарын 1-нээс улсын төсвөөс төсөв авч Засгийн газрын гэрээгээр ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн онд 117 сая төгрөг, энэ онд 155 сая төгрөгийн төсвийг авч өөр ажиллаж байна.

Энэ удаагийн уулзалтын үеэр Г.Баасан тэргүүн Монголын ахмадын чөлөөт холбооны Хэнтий аймгийн салбарыг байгуулан тэргүүнээр нь Ж.Уртнасанг томилсон тушаалаа танилцууллаа.

Иймээс тэрбээр бүх аймагт ахмадын чөлөөт холбооны салбараа байгуулж тэргүүнийг нь томилон ажлаа цэгцэлж яваа нь энэ аж. Г.Баасан тэргүүн мөн Шинэчлэлийн Засгийн газрын орон тооны бус зөвлөх болж, 9 жилийн турш ахмадуудын төлөө “гудамжны Баасан” нэртэй тэмцэж явсны эцэст ахмадын төв байгууллагын тэргүүн болж төсвийн эрх мэдэлтэй ажиллах болжээ.

Энэ удаагийн уулзалтын үеэр Г.Баасан тэргүүн Монголын ахмадын чөлөөт холбооны Хэнтий аймгийн салбарыг байгуулан тэргүүнээр нь Ж.Уртнасанг томилсон тушаалаа танилцууллаа.

Ж.Уртнасан багш мэргэжилтэй, аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч хүн. Хэнтий аймгийн ахмадын хороо өнгөрөгч оны сүүлээр бага хурлаа хийж аймгийн ахмадын хороогоо татан буулгаж, чөлөөт холбоонд нэгдэн үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах шийдвэр гаргасан юм байна. Ийм эр зориг гаргасан аймгийн ахмадын хорооны дарга Д.Дашдоржид Г.Баасан тэргүүн талархал илэрхийлсэн ч хамтарч ажиллах хүнээ ийнхүү сонголоо.

Тэрбээр Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллахаар Хэнтийгээс мордлоо.