Германы эдийн засагч докторуудтай уулзлаа
Улсын Их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд
2014.05.13

Германы эдийн засагч докторуудтай уулзлаа

Монгол Ардын нам, УИХ дахь МАН-ын бүлэг, “Стратеги” Академиас 2014.05.14-16 өдрүүдэд “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвт “Хаврын академи”-ийг ХБНГУ-ын Фридих Эбертийн сантай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэнэ. Энэ хүрээнд  ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер, Норвеги Улсын эдийн засгийн ахлах судлаач, доктор Хельге Редвик нар УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн  С.Бямбацогт нартай уулзаж  МУ-ын хөгжлийн бодлогын талаар санал бодлоо солилцжээ.

Уулзалтын үеэр М.Энхболд Монгол Улсад эдийн засаг, нийгмийн хүндрэл нүүрлээд буй энэ цаг үед МАН хариуцлагатай, зүүн төвийн улс төрийн хүчний хувьд Монголын хөгжлийн бодлогыг шинэчлэн томъёолоход ач холбогдол бүхий “Хаврын академи”-ийг “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвтэйгээр зохион байгуулж гадаадын олон оронд ажилласан туршлагатай экспертүүдийг урин оролцуулж байгааг тэмдэглээд тус хурал нь МУ-ын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах бодлогыг тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын удирдлагууд оролцохын зэрэгцээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Д.Оюунхорол, МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор Ч.Хашчулуун, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Даваасүрэн, МАН-ын Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг, мөн доктор Алфрэд Пфаллер, Хельге Редвик нар өөрийн орны хөгжлийн туршлага, арга барилаас хуваалцаж илтгэл тавих юм байна. Тус арга хэмжээнээс МУ-ын нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлогын талаар зөвлөмж гаргаж холбогдох төрийн байгууллагууд, улс төрийн намуудад хүргүүлэх юм байна.