Б.Золтуяа: Нийт хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс гадаад худалдааг хуулийн этгээд гүйцэтгэнэ
Эдийн засаг хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Золтуяатай ярилцлаа.
-Өнөөдөр манай улсын худалдааны эрх зүйн орчин ямар байна. Худалдааны хуулийг батлан гаргах “цаг хугацаа” нь болсон уу?
-Манай оронд худалдааны харилцааг 50 гаруй хуулиар хэсэгчлэн зохицуулж байна. 2013 оны байдлаар ДНБ-ний 17.4 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 130 гаруй мянган хүнийг ажилтай орлоготой байлгаж байгаа худалдааны салбар суурь хуульгүй явсаар ирлээ. Сүүлийн жилүүдэд манай улс 140 шахам улстай худалдаа хийж, худалдааны нийт эргэлтийн хэмжээ 11 тэрбум ам.долларт /2013 оны байдлаар 10.62 тэрбум доллар/ хүрээд байна. Худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжиж байгаа өнөө үед худалдааг салбарын суурь хуулиар зохицуулах, төрөөс баримтлах нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага тулгарч байна.
-Гадаад, дотоод худалдааг хөгжүүлэхэд гарч буй бэрхшээл нь юу байна?
Манай улсын худалдаанд ерөнхийд нь тоймлон хэлэхэд тулгамдсан хэд хэдэн асуудал байна. Нэгт, цөөн зах зээл, цөөн нэрийн түүхий эдээс хамаарсан экспортын эмзэг бүтэц бий болж, гадаад худалдааны тэнцэл алдагдаж байна. Хоёрдугаарт, төрөөс баримтлах нэгдсэн бодлого, зохицуулалт дутмаг байгаагаас худалдаа нь салбар тус бүрийн салангид бодлогоор зохицуулагдах болсон. Гуравдугаарт, Худалдаатай холбогдох төрийн институт бэхжээгүй, өөрөөр хэлбэр 4 жил тутамд худалдааны асуудал нь яамд дамжиж байна. Дөрөвдүгээрт, Худалдааны салбарын хүний нөөцийн асуудалд бодитой хандах шаардлага бий болсон. Учир нь салбарын хүний нөөцийн бодлого алдагдсан.
МСҮТ жилдээ 120-130 хүн төгсгөж байгаа ч салбарын хувьд 130 мянган хүн ажилладаг томоохон салбар учир хомсдолтой байдаг.
2011 оны судалгаагаар худалдааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 17 сургууль байгаа ч дотоод худалдаагаар 70 хувь нь бэлтгэж байна. МСҮТ жилдээ 120-130 хүн төгсгөж байгаа ч салбарын хувьд 130 мянган хүн ажилладаг томоохон салбар учир хомсдолтой байдаг. Түүвэр судалгаагаар худалдагчдын мэргэшсэн байдлыг үзвэл 54,5 хувь л мэргэшсэн. Ихэнхи нь түр сургалтын төвөөр дамжин суралцдаг байгаа юм.
-Бид дотоод зах зээлээ хэрхэн хамгаалах ёстой юм бэ?
-Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд, дүрэм, журамд нийцүүлэн гадаад худалдаатай холбоотой ойлголт, зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид нутагшуулах, бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байгаа үед дотооддоо худалдааг нэгдсэн хуулийн хүрээнд зохицуулах гарцаагүй нөхцөл тавигдаж байна. Бид олон улсын зах зээлд хөл нийлэн яваа ДХБ-ын гишүүн орон. ДХБ-д элсэн орохдоо авсан үүрэг амлалтын хүрээнд дотоодын зах зээл, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах шаардлага бидэнд бий. Үүнийг бид тарифын бодлого, зохицуулалтаар хийх боломжтой.
- Гадаад худалдааг өргөжүүлэх тал дээр?
-Гадаад худалдааг өргөжүүлэх тухайд, манай улс Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Энэхүү хэлэлцээрээр манай улсын экспортын бүтээгдэхүүн Японы зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрэх, Японы хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологи манай улсын зах зээлд орж, манай улсын өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлөх нөхцөл бүрдэнэ.
-Худалдааны хуульд тусгагдах ёстой хамгийн гол зохицуулалт нь юу вэ?
-Худалдааны хуулийн төсөлд гадаад худалдааг хуулийн этгээд гүйцэтгэхээр зохицуулалт орж байгаа. Энэ нь сүүлийн үед нилээд шүүмжлэлд өртөж байгаа хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Ер нь бусад орны туршлагаас үзэхэд гадаад худалдаа, ялангуяа хүнсний импортын асуудлыг нарийн зохицуулж байдаг. Манай улс шиг нийт хэрэглээний 70 гаруй хувийг импортоор авч байгаа улсад ийм зохицуулалт шаардлагатай байна гэдэг нь өнөөгийн байдлаас харагдаж байна. Энэ бол нийгмээс урган гарч байгаа бөгөөд нийт хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс ийм зохицуулалт оруулж байгаа.