Ц.Элбэгдорж: Нэлээд хэдэн сайдыг дуудаж “Чи өргөдлөө өгөх болсон байна” гэж хэлсэн
"UBS" телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлгийн бямба гаригийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцлоо. Төрийн тэргүүний цаг үеийн асуудлаар өгсөн асуулт хариултыг түүвэрлэн хүргэж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - За та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.
Хөтлөгч И.Буянжаргал :-Тавлаг сайхан хаваржиж байна уу, Та?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Сайхан хаваржиж байна. Хаваржаа сайхан уу?
Хөтлөгч И.Буянжаргал: - Сайхан хаваржиж байна. Бие тэнхээ данги уу.Саяхан Япон яваад эмчлүүлээд ирсэн.Эмчилгээ сайн болов уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь сайн болсон.
Хөтлөгч И.Буянжаргал: - Дээрхийн гэгээнтэний хэлсэн үг энэ мөчид санаанд бууж байна. Монголчууд та нар минь амьдрал ахуй гэж явсаар байгаад эрүүл мэнд гэж том зүйлээ алдах юм аа. Дараа нь эрүүл мэндээ олж авах гээд хамаг хүчээ тавих юм аа гэсэн үг. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг бол хүнд хамгийн их чухал баялгийн нэг юм аа даа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь хүн бүрт хамгийн чухал баялаг бол эрүүл мэнд. Эрүүл байвал улсын наадам үзнэ гэж монголчууд ярьдаг. Ер нь эрүүл л байх ёстой. Хүн өөрийнхөө амьдралын хэв маягаас эхлээд өөрөө өөрийгөө эрүүл байлгах маш их боломж байдаг. Үнэхээр эмнэлгийн ажиллагаа, мэс ажилбар орох шаардлагатай үед тухайн цагт нь орж эмчлүүлж байх нь зөв юм шиг байгаа юм.
Хөтлөгч И.Буянжаргал: - Ер нь хэдийнээс биед тань зовиур үүссэн юм бэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ноднин намар НҮБ-ын чуулганд ороод буцаж байхад нуруу жаахан өвдөж чилдэг, хөл рүү жаахан өвддөг тиймэрхүү байдалтай байсан. Буцахдаа Японд үзүүлсэн чинь “Таны нуруунд асуудал байна, ер нь нуруугаа гүнзгий дарж байна, эвгүй хөдөлж болохгүй” гээд нэлээн хөдөлгөөний хязгаарлалтууд хийсэн.
Би чинь морь мал унадаг, өвөл цана тэшүүрээр гулгана, дугуй унана, теннис тоглоно гээд дандаа хөдөлгөөнтэй байдаг болохоор тэр бүх хөдөлгөөнийг хязгаарлаад, ер нь хагалгаа хийлгэсэн нь зүгээр юм байна гэсэн л дээ.Энд бас эмч нартайгаа зөвлөсөн. Тэгж байгаад хүмүүс амарсан үеэр ч юм уу, нэг хурдан яваад хагалгаа хийлгэчихье гэсэн бодолтой байсан юм. Ёолкны үеэр нэг явчихдаг юм уу гэж бодож байсан чбас ажил давхцаад явж чадаагүй.
Дараа нь цагаан сарын үеэр явах бодолтой байсан ч Сочигийн олимп таарчихсан.Манай хойд хөршид болж байгаа маш чухал арга хэмжээ. Хөл дээрээ л явж байгаа хойно,энэ улсын түүхэнд болж байгаа чухал арга хэмжээнд оролцох ёстой гээд олимпод оролцсон. Тэгээд байж байтал эмч нар “Одоо та эмчилгээнд явах хэрэгтэй, нэг л эвгүй суувал, нэг л эвгүй дарчих юм бол тэр чигтээ суугаа болчих юм байна” гэсэн. Нугас гэдэг юмыг чинь орлуулж болдоггүй юм байна.
Бусад юмыг орлуулдаг, бөөр, элэг гээд орлуулахгүй ч юмгүй болсон юм байна шүү дээ. “Энэ гадна хийх ёстой хагалгаа,Японд хийчихье гэж байгаа бол хийлгэчихвэл яасан юм” гэж ойр дотно хүмүүс маань хэлсэн.Манайд сайхан сэтгэлтэй хүмүүс бас их байна шүү дээ. Бид зүгээр болгоод өгнө, долоо хоногт, 14 хоногт, ийм аргаар эмчлэхэд зүгээр гэсэн хүмүүс ч байсан. Мэдээж тэр хүмүүст итгэж байсан л даа. Гэхдээ ер нь нэг очоод хагалгаа хийлгэчихвэл бас хэдэн жил эрчимтэй ажиллачих боломж бүрдэнэ гэж бодоод л явсан.
Хөтлөгч И.Буянжаргал: - Одоо ер нь дажгүй болсон уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Өө дажгүй. Ярих юм байхгүй.
Хөтлөгч Д.Сайнбаяр: - Энэ өглөө “Кофе юу, цай юу” нэвтрүүлгийг маань үзэж байгаа олон үзэгчидэд таатай байгаа байх. Таны сонголт бас их сонин байсан л даа.Яагаад Японыг сонгов, яагаад цаг хугацааг ингэж тааруулсан бэ гээд. Ер нь Японыг, Японы эрүүл мэндийн салбарыг яагаад сонгов?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь болж өгвөл эндээ хийлгэчихье гэж бодож байсан. Би Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр ч удаа эндээ эмнэлэгт хэвтэн, мэс ажилбарууд хийлгэсэн. Эмч нар аяндаа зөвлөгөө өгдөг л дөө. НҮБ-ын чуулганаас буцаж ирж байхдаа Японоор дайрч эмч нарт үзүүлэхэд Японд эмчлүүлж болно, нэлээн нарийн мэс хагалбар заавал хийх шаардлагатай гэж зөвлөсөн. Нислэгийн цаг нь ч ойр дөрвөн цаг юм гээд Япон руу явсан даа.
Хөтлөгч И.Буянжаргал: - Эрүүл мэнд гэснээс манайд эмнэлгийн орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутмаг гээд их ярьдаг. Миний санахад тэргүүн хатагтайн сангийн шугамаар хүүхдүүдийн амьсгалын аппарат дутагдаж байсныг нэлээн хэдийг нийлүүлсэн. Бөөрний аппарат эмнэлгүүдэд өгч байсан санагдаж байна. Сая бас яваад эмчлүүлээд ирэхдээ том олзтой ирсэн гэж сонссон. Монголдоо Японы тусламжтайгаар гайгүй сайн эмнэлэг байгуулах асуудлыг эцэслээд шийдчихлээ гэсэн. Энэ талаар яривал?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь бол Япон явж эмчлүүлнэ гэхэд ард түмнээсээ сонгогдсон хүн учраас санаа зовж байсан. Манай иргэдээс олон хүн Япон явж эмчлүүлээд байж чадахгүй байгаа шүү дээ. Бас хүмүүсийн хүлээлгэсэн итгэл, хийх ажил байдаг.Тэнд очоод байж байхад ч санаа зовж л байсан. Абэ Ерөнхий сайдтай өмнө нь Засгийн газрын шугамаар уулзаж байхадхэлж лбайсан.
Япон улсаас өмнөх 20 жилд үзүүлж байсан тусламжаа зогсоож байгаа. Монгол хүний амьжиргааны түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр авч үзээд “Одоо танайх тусламж авдаг орон биш харинхамтарч ажилладаг орон болсон. Гэхдээ тусламжаа зогсоохын өмнө Монголын ард түмэнд дахин нэг хэрэгтэй зүйл хийвэл яасан юм бэ?” гээд тэндээс эмнэлэг байгуулах санаа гарсан.Ер нь манай хүмүүс эмчлүүлэхээр гадагшаа их явдаг. Японы өнөөдрийн оношилж байгаа түвшинд оношилчихдог оношлогооны эмнэлэг маш хэрэгтэй.
Мөн 200 ортой байна гэж ярьж байгаа. Тэр бол үнэхээр чухал л даа. Би сая уулзахдаа хэлсэн. “Би энд эмчлүүлээд буцаж байна. Тэгэхдээ би нэг эмнэлэг аваад буцаж болох уу. Бүрэн шийдэгдсэн гэж үзэж болох уу” гэхэд “Болно оо, танай талаас л бүх зүйл хамаарна” гэсэн. Манай талаас газрынхаа судалгааг хийх зэрэг асуудал байгаа юм. Миний хүсээд байгаа зүйл бол, энэ эмнэлгийг ЭМШУИС-ийн дэргэд байгуулъя. Эмч нартайгаа, төгсч байгаа хүмүүстэйгээ холбож өгье.
Зөвхөн нэг эмнэлэг барьж өгөөд, тоног төхөөрөмж тавиад энэ асуудал шийдэгдчихгүй. Тэр тоног төхөөрөмж дээр ажилладаг эмч, сувилагч, асрагч нараа дадлагажуулъя. Тэр эмнэлгийг Японы менежментээр ажиллуулаад тодорхой түвшинд шилжилт хийе гэсэн бодол байна. Манай эмч нар туршлагатай, амархан сурна. Би долоо хоног эмнэлэгт хэвтсэн. Их хурдан, хагалгааны маргааш нь л хөл дээрээ боссон.
Түрдэг тэргээр зөөнө гэж байсан хүмүүс намайг явж байгааг хараад их гайхаж байсан, “босоод алхаж байна энэ хүн чинь” гээд. Эмнэлгээс гарангуут эмч нартай уулзалтуудаа хийж эхэлсэн.Зүрхний чиглэлийн өвчтэй хүүхдүүдэд тусладаг болон хавдрын эцсийн шатандаа орчихсон хүмүүст зориулсан үйлчилгээ, амьсгалын аппарат, хөнгөвчлөх эмчилгээний асуудлаар мөн уруул тагнай нь сэтэрхий төрсөн хүүхдүүдийг эмчилдэг хамтын ажиллагаагаа улам өргөтгөе, Ерөнхийлөгчийн ивээл дор хийе гэсэн санал тавьж эмч нар нь ч дуртай зөвшөөрсөн. Мөн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх эмч нарын баг авчиръя гэж тохирсон.
Би ард түмэндээ их баярлаж байгаа. Хамтарч ажиллаж, тусалж дэмжиж, ойлгож, байдаг хүмүүст их баярладаг. Би бол зүгээр л нэг малчны хүүхэд шүү дээ. Японд очиж эмчлүүлээд явж байх ёстой ч хүн биш. Би ажлаа хийгээд л явж байна. Мэдээж Ерөнхийлөгчийн ажил гэдэг хугацаатай. Ер нь эхчүүдийн төлөө, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө, залуучуудынхаа боловсрол, байгаль орчин гээд энэ хэдэн асуудлын төлөө би Ерөнхийлөгч ч бай, биш ч бай, үргэлж анхаарч зүтгэнэ. Энэ бол миний амьдралын зорилго юм.
Аль болох хүмүүст тусламж дэмжлэг үзүүлчих юмсан, хувь нэмэр оруулчих юмсан гэсэн сэтгэлээр ажиллаж ирсэн. Фэйсбүүк, твиттерт орохоор “Та тэнд хэвтэж байхдаа юу гэж бодож байв, бид энд эмнэлгийнүйлчилгээ ч авч чадахгүй хүнд сурталтай байна” гээд л шүүмжлэл их бичиж байсан. Ер нь эрүүл мэндийн салбараа бид өөрчлөх ёстой. Гэхдээ энд ажиллаж байгаа эмч, ажилчдын буруу ерөөсөө байхгүй. Бид сууриар нь өөрчлөн иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд бодитой анхаарах цаг болсон. Намайг ийм үед ойлгож, тусалж дэмжсэн хүмүүст баярлаж байгаа.
Хөтлөгч Д.Сайнбаяр: - Эмнэлэгт байхад нь эргэж тойрсон хүмүүсээс эхлээд уулзсан лидерүүд анхаарал татаж байлаа. Тэр тухай шум ч бид сонсч байлаа. Аваргууд нь бас эргэж очсон байна лээ, таныг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Тийм. Манай дөрвөн аварга.Үнэхээр монгол хүн хичээгээд зүтгэх юм бол юунд хүрч болдгийг харуулж байна шүү дээ. Одоо сумод 60 түрүүтэй болоод байна. Дөрвөн түрүү манай дөрвөн аваргад л байгаа.Тэд маань банштай цайгаа хийчихсэн, эхнэр хүүхдээ дагуулчихсан, гэртээ уриад л. Ер нь бид хуучин тусалж дэмжиж явсан, биднийг юу ч мэдэхгүй байхад дэмжлэг үзүүлсэн улсуудаа мартмааргүй байгаа юм. Би 1991 онд шинэхэн Их Хурлын гишүүн болоод тэнд очиход нэг япон хүн ирж уулзаад, Японы парламентын байранд оруулж танилцуулж байсан.Одоо тэр хүн бүр өвгөн болчихсон.
Тэр хүнийг дуудаад уулзахад “Өө, тэр хүн Ерөнхийлөгч болчихсон юм гэнэ лээ, намайг юу гэж л тоов гэж” гэсэн юм бодож байсан гэнэ лээ. Тэгээд дуудаад уулзахад бөөн баяр болж байсан. 40, 50 жил Монгол, Японы харилцааны төлөө зүтгэж явсан олон хүн байдаг юм.
1990 онд бид нар жаахан нээлттэй болж байхад Японы Ерөнхий сайд анх айлчлаад “Энэ улсад бид туслах ёстой, Монгол улс нээлттэй болж байна, ЗХУ-аас бүх юм нь хамааралтай явж ирсэн энэ улсад тэр нь зогсчих юм бол цахилгаан станц нь ч ажиллахгүй, автобус нь ч явахгүй, бензин шатахуун нь ч байхгүй, хүүхдүүд нь ч сургуульдаа явж чадахгүй болох нь гээд л тусламж үзүүлж эхэлсэн. Бид туслах ёстой гээд явж байсан жирийн иргэд ч бий.
Хөдөө зуд болоход гудамжиндаа гараад бүтэн сар цагаан хоолой бариад “Монголын малчид хэцүүдэж байна шүү дээ, туслая” гээд л зогсч байсан хүмүүс. Тэдэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баярлаласан сэтгэлээ илэрхийлээд уулзах нь үнэхээр хэрэгтэй л зүйл байсан.Тэвдэж явахад туслаж явсан ард түмэн юм даа.
Гишүүний ажлаа өгнө гэдэг, сайдаас огцорно гэдэг бол сүйрэл биш
Хөтлөгч И.Буянжаргал: - Нэгэнт Ерөнхийлөгчийг урьсан болохоор янз бүрийн сэдвээр ярих хүсэл байна. Нэг зүйлийг өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулаад асуухгүй байж болохгүй нь. Та улсын Их Хурлын гишүүн байж байгаад өөрийг чинь асуудалтай байна гэнгүүт, ерөөсөө би энэ гишүүний эрх дархаа өгч байгаад шалгуулчихъя гээд ажлаа өгч байсан. Ерөнхий сайдын ажлыг хоёр ч удаа хийж байгаад өгсөн.Ялангуяа гишүүний ажлаа өгснийг тань сонирхох гээд байна. Гишүүний халдашгүй бүрэн эрх дархаасаа татгалзаж байгаад шалгуулсан. Дараа нь шүүхээс цагаатгасан. Тэгээд цагаатсан хойно та яагаад гишүүн болоогүй юм бэ. Нэгэнт гэм буруугүй нь тогтоогдчихсон байхад.Хууль нь болоогүй юм уу.Эсвэл та хүсээгүй юм уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Гишүүний ажлаа өгнө гэдэг, сайдаас огцорно гэдэг бол сүйрэл биш. Одоо хүмүүс санахгүй байгаа байх.Зарим телевиз үзэж байгаа хүмүүс тэр үед төрж байсан. 1994 оны үйл явдлыг асууж байна шүү дээ. Цуглаан дээр эдийн засгийн ийм бодлого явж байна, манай орны эдийн засагт гадны нөлөө орж ирэх хандлагатай байна гэсэн үг хэлснийг маань улсын нууц задруулсан гээд Тагнуулын газраас УИХ дээр бичиг ирсэн. УИХ-ын гишүүн Элбэгдорж улсын нууц задруулсан байх магадлалтай байна, шалгана гээд. Тэгэнгүүт нь би өөрөө гараараа Их Хурлын даргад өргөдлөө бичиж өгсөн. “Намайг гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй гээд хууль хяналтын байгууллага сэжиглэж байна. Надаас юм асууна гэж байна.
Тиймээс намайг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гээд.Тэр үед манай ардчилсан хүчнээс УИХ-д тавхан гишүүнтэй байсан. Манай гишүүд намайг болохгүй гээд хориглож л байсан. Би өргөдлөө өгөөд л чөлөөлөгдсөн. Миний нэг бодож байсан бодол бол “Би ард иргэдтэйгээ хамт гудамжинд цуглаан хийгээд л явж байсан, надад ямар эрх дарх байх ёстой юм. Тэнд нэг мөрдөн байцаагч сууж байгаа, аягүй бол нэг Их Хурлын гишүүн очоод уулзахаар өөр өнгөтэй, зүгээр жирийн иргэн очиход өөр өнгөтэй байж магадгүй” гэж. Тэр үед хууль хяналтын байгууллага ч бас янз бүр л байсан. Тэгээд чөлөөлөгдөөд л очиж шалгуулсан. Би тийм байх ёстой л гэж боддог .
Хөтлөгч И.Буянжаргал: -Яагаад би үүнийг асуугаад байна вэ гэхээр, гайхаад байгаа юм. Одоогийн улстөрчдөд тийм зориг байхгүй юм шиг.Нэг гишүүн болино гэдэг, сайдын сэнтийгээс сална, албан тушаалаа өгнө гэхээр л эцэг эх, үр хүүхдээсээ салах гэж байгаа юм шиг, амьдралаасаа салаад үхэх гэж байгаа юм шиг л болох юм байна шүү дээ. Гадна дотнын мэдээ үзэхээр Япон, Америк, Европод сайд огцорлоо, сайн дураараа ажлаа өглөө л гэх юм. Тэр нь тэндээ нэг их асуудал болохгүй шийдэгдчих юм.Манайд яагаад ингэхгүй байна вэ. Ялгаа нь юундаа байна вэ?
Хөтлөгч Д.Сайнбаяр: - Тэр нь бид нарт улстөрчийн ёс зүйтэй, улс төрийн соёлтой ч юм шиг харагдаад байна л даа.
Хөтлөгч И.Буянжаргал: - Бид нар болохоор дэргэд нь төлөвшөөгүй юм шиг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Яахав ээ тэр бол миний л дутагдал байсан байх. Гишүүнээсээ гарсан, Ерөнхий сайдаасаа огцорно гэдэг миний л буруу, ажлаа л сайн хийж чадаагүйн илрэл байх л даа.Би бол сайдаас биш, бүр Ерөнхий сайдаас хоёр удаа огцорсон хүн шүү дээ. Тэр үед бүр нэг ийм үг гарч байсан.“Элбэгдорж огцорч хашрахгүй юм, эмэгтэй хүн төрж хашрахгүй” ч гэл үү. Тэгээд огцорлоо, уналаа, тоосоо гөвөөд л, цаашаа ажлаа хийгээд, алдаанаасаа сургамж аваад л явах ёстой. Энэ асуудлыг хуулиндаа оруулах хэрэгтэй юм.
Хариуцлагын хүрээнд зохицуулалт нь алга.
Сая асуулаа. Яагаад гаднын сайд дарга нар жаахан асуудалтай холбогдохоороо л огцорчихдог юм бэ гэж. Бид нар ч судалж үзсэн.Тэнд нэг учир байгаа юм.Гурав дөрвөн шатлал байна л даа.Асуудалтай холбогдонгуут УИХ-ын гишүүдийг тойргоос нь дуудаад татаад эхэлдэг. Үүнийг 20 жил яриад хуульчлах гээд л ажиллаж байна. Ёсзүйн зөрчил гаргасан бол шууд ажлаа өгөх. Тэгэх юм бол тэр хүний хойноос заавал хууль, хяналтын байгууллага шалгаад байх хэрэггүй байдаг. Тэр ажиллагаа нь зогсчихдог. Энэ хүн ёсзүйн буруугаа хүлээгээд албан тушаалаа өглөө гээд. Бүр болохгүй бол улс төрийн хариуцлага гээд хариуцсан сайд юмуу, Ерөнхий сайд нь асуудлыг оруулж ирээд хэлэлцүүлээд улс төрийн хариуцлага тооцдог.
Улс төрийн хариуцлагаар шийтгэгдэх юм бол арай хүнд шийтгэлтэй. Дахиад сонгуульд нэр дэвших үү, үгүй юу ч гэдэг юм уу. Бүр улс төрөөрөө ч огцордоггүй, саяны хэлдгээр амь тавих гэж байгаа юм шиг зууралдаад л суугаад байх юм бол хууль хяналтын байгууллага нь орж ирдэг. Ийм лтогтолцоотой байдаг. Одоо манайд бол сонгогддог, мартагддаг, томилогддог, эсвэл дараагийн томилгоо руугаа зүтгэдэг, нэг бол шорон явдаг болчихоод байна. Тийм хачин. Хариуцлагын хүрээнд зохицуулалт нь алга. Хариуцлага гээч юмыг жаахан эхлүүлэх гэхээр энэ орчиндоо дассан хүмүүсийн эмзэглэж байгаа гэж. Монголын улс төр ийм л болчихоод байгаа юм.
Аймшгийн кино гэж байдаг даа. Эвгүйцээд байгаа мөртлөө үзээд байдаг.Түүн шиг хүмүүс улс төрөө харахаар бүгд дургүй байгаа мөртөө л сонирхоод улс төрөө яриад байдаг. Тэнд орчихсон байгаа хүмүүс нь ч энэ байдалдаа дасч эхэлж байгаа. Зарим оронд үүнийг бирдтэй хамт амьдарч сурах гэдэг.Бирдтэй хамт амьдраад, ашгаа хийгээд, тэрэнтэй яаж хамт амьдрах вэ, яаж хэрэлдэх вэ, яаж амиа тэрнээс хамгаалах вэ, яаж юмаа хуваах вэ гэдгээ сурах ийм хэмжээ рүү орж байгаа. Тэгэхээр нөгөө хариуцлагын асуудал, хариуцлагыг салгах тухай зохицуулалтыг л хийх хэрэгтэй.
Манай дарга нар, хэвлэлийнхэн бүгдээрээ хариуцлага хариуцлага гээд л яриад байна. Нэрийг нь сонсоод л яваад байгаа энэ зүйлийг одоо бүгдээрээзүсийг нь харъя. Ерөөсөө багийн дарга нараас эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл сонгогддог л бол хариуцлагаа тооцъё. Эргүүлж татдаг механизмыг оруулъя.
Тэгтэл ингэлээ, тэглээ, Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ч юм уу асуудал яриад л суугаад байна. Зарим нэг хуулийн байгууллага нэг УИХ-ын гишүүнтэй хөөцөлдөөд гурван жил болж байдаг, нөгөөдөх нь суугаад л байдаг. Ийм учраас л ард түмний тэвчээр барагдаж байгаа, Монголын төр муухай харагдаж байгаа. Одоо бид нар үүнийг засах л хэрэгтэй.
Хөтлөгч Д.Сайнбаяр: - Та яг энэ хуулийн төслийг өргөн барихдаа мэдээж ийм сөрөг ньюанс үзүүлнэ гэдгийг тооцож л байсан байх. Яриа үүн рүү орчихлоо. Одоо УИХ-аар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлд оруулах тухай, “давхар дээл”-ийг тайлуулах тухай ярьж байгаа. Энэ хуулийн төслийг олонхи нь эсэргүүцээд, цөөнх нь хөдөлгөөнд орж хүлээн авч байгаа. Энэ ньюансыг тооцож л байсан байх. Одоо олон нийт Ерөнхийлөгч бараг хуулиа буцаад татчих нь уу гэсэн олон төрлийн таамгийг ч дэвшүүлж байна л даа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Тийм ээ. Энэ бол зөвхөн ус руу хөлөө л дүрж байгаа нь шүү дээ. Уг нь би боддог юм. Би өөрөө цэргийн хүн байсан.УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг бол харуулд, эх орны манаанд, ард түмний нийтлэг эрх ашгийн манаанд л гарч байгаа байхгүй юу. Тэр хүн бороонд ч норох чадалтай, гал руу ч л ард түмний өмнөөс орж чадах ёстой.Түүнээс биш хувцсаа давхарлаад л, улам өрөөгөө томруулаад л, эрх мэдлээ нэмээд л, орж ирсэн өрмийг нь идчихээд л суугаад байх зүйл биш. Хэзээ манаач цэрэг өрөм хамаад л сууж байсан юм бэ.
Тэгэхээр дөнгөж хөлийг нь усанд дүрэхэд л ямар эмзэг байна вэ. Үүнийг буруутгадаг. Манайхны асуудал шийдэхгүй гэж байгаа л хэлбэр байхгүй юу. Одоо Засгийн газар огцруулах асуудал болоод хувирчихлаа. Засгаа огцруулна гэдэг бол бүр шал ондоо асуудал. 2016 оны долдугаар сарын 1-ээс гээд би бүр хугацаа тавьж өгсөн. 24 жилийн бидний л туршлага. Яг хугацаа тулгаад тавихаар хуулиа баталдаггүй, бэлтгэл байдаггүй, түүнээсээ болоод улс төрийн тогтолцоо нь нийцэж чаддаггүй, тэгээд ёстой маргааш нөгөөдөр нь огцордог, улс төрийн тогтворгүй байдал, янз бүрийн юм үүсдэг шүү дээ.
Ингээд 2016 оны долдугаар сарын 1-ээс мөрдье өө. Та нар хэрвээ хугацааг нь татах юм бол би хориг тавина гээд маш тодорхой хэлсэн. Яагаад 2016 оны долдугаар сарын 1-ээс гэж байгаа юм бэ. Улстөрч хүн, улс төрд оръё гэж байгаа хүн биеэ бэлд л дээ. Би сайд болъё, би УИХ-д байя. Юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёрыг салгая. Өмнө нь салж ч явсан, нийлж ч явсан. Янз бүр л байсан.
Тэнд алдаа байгаа. Элбэгдорж тэгж байсан гээд амны салиа нь арилаагүй шахуу улсууд ярьдаг. Шүүмжлэх, ингэж ярих ард түмэнтэй байна гэдэг сайхан. Үнэхээр ийм яриа байгаа, эд нар ингэж алдаж байсан гэдгийг засах л хэрэгтэй.Тэгээд сав саванд нь, дээл дээлэнд нь оруулъя. Ер нь Засгийн газар гэдэг бол Ерөнхий сайдын сав л байхгүй юу.
УИХ гэдэг бол тэр танхимдаа хуулиа баталж байх ёстой тийм л танхим.Тэгэхээр үүнийг байр байранд нь тавьж өгье.Тэгвэл хариуцлага бий болно. Тэгэхгүй 17 нь юм уу, арван хэд нь Их Хурлаас суучихсан, тэд нар нь азаргалчихсан, тэгээд суухдаа фракцын дүрэмд орчихдог, нэг юмыг нь хөдөлгөх гэхээр нөгөө засаг нь уначих гээд байдаг, бие биеэ барьцаалсан, шийдвэр гаргаж чаддаггүй. Манай энэ төрийн нэг эмгэнэлтэй юм нь шийдвэр гаргаж чадахаа болилоо. Шийдвэр гаргаж чадахгүй шигээ хариуцлага хүлээж чадахаа болилоо. Биентэйгээ хариуцлага тооцож чадахаа болилоо.
Хөтлөгч И.Буянжаргал: - Та хуулиа оруулахдаа 2016 оны долдугаар сарын 1 гэсэн байгаа. Тэгтэл сая анхны хэлэлцүүлгээр олонхи нь 2014 оны долдугаар сарын 1 болгочихлоо. Тэгэнгүүтээ болохоо байлаа, Ерөнхийлөгч та энэ хуулиа татаач ээ гэлээ. Та үүн дээр ямар байр байдлаар хандах вэ. Одоо ирц хүрэхгүй байна гээд, байнгын хороогоо ч хуралдуулахгүй, Ерөнхийлөгч хуулиа татчих байлгүй гээд л цаагуураа шивэр авир хийгээд л явж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Одоо наадуул чинь ажил хийхгүй байх аргаа л харж байгаа. Ер нь бол дургүй байгаагаа маш их илэрхийлж байна. Үүгээр дамжуулаад улс орны өмнө тулгамдаж байгаа, хамгийн яаралтай асуудлаа шийдэхгүй. Энэ рүү бид анхаарах гэсэн чинь нэг ийм хууль ороод ирлээ гээд л.
Хэрэв хүсэх юм бол долоо хоногийн дотор яриад л, хэлэлцээд л дор нь батлаад л цаашаа явуулна. Хоёрдугаарт, хориг тавих болов уу үгүй болов уу, аягүй бол ингээд явуулчих юм бол огцруулчих юм биш биз гээд л. Би бол хууль татах асуудал дээрбайр сууриа илэрхийлсэн. Татна гэдэг асуудлын шийдэл биш.
2016 оны долдугаар сарын 1-ээс мөрдье өө. Та нар хэрвээ хугацааг нь татах юм бол би хориг тавина гээд маш тодорхой хэлсэн. Яагаад 2016 оны долдугаар сарын 1-ээс гэж байгаа юм бэ. Улстөрч хүн, улс төрд оръё гэж байгаа хүн биеэ бэлд л дээ.
Өөрийгөө л хуурч байгаа хэлбэр. Татаад яах юм гэхээр “Та намар дахиад оруулж ирэхгүй юу” гэж. Татаад намрынхаа ажлыг яах гэж байгаа юм. Намар дахиад л үүнийг ярина, дахиад л ийм юм болно. Шийдэх юм бол одоо л шийдчих. Одоо шийдээд хоёр жилийн дотор сонгууль, улс төрийн намынхаа хуулийг оруулъя. Тэгээд араас нь улс төрийн хариуцлагатай холбоотой маш олон хууль орж ирнэ. Энэ юу ч биш. Сая та нар харсан биз дээ. Шилэн дансны тухай хууль гээд оруулахаар...
Хөтлөгч И.Буянжаргал: - Нэрийг нь л яриад байсан. Бүгдээрээ монгол хэлний багш нар шиг л энэ шилэн гэдэг чинь зохихгүй үг байна, модон, чулуун данс гэж байдаг юм уу гээд л. Яг цаад агуулгыг олж харахгүй байгаа юм уу, харахыг хүсэхгүй байгаа юм уу.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:- Дургүй л байхгүй юу. Шилэн дансны хууль бол үнэхээр өөрөө хувьсгал юм. Төсвийн байгууллагад орж ирж байгаа мөнгө хэдэн төгрөг орж ирэв, өдөр бүхэн гардаг зарцуулалтаа компьютер дээрээ өдөр бүхэн тайлагнаж бай, 72 цаг болгон тайлагнаж бай. Тайлагнаагүй бол шууд албан тушаалаас нь огцруулдаг үндэслэл болно. Эхнэр нь ямар мөнгө аваад явж байгаа юм, нөхөр нь юу авч байна. Ямар машин авч байгаа юм. Өнөөдөр юу орж ирсэн юм.бүх юм ил тод байна.
Ер нь хүмүүст бол энэ улстөрчид юу хийж байна, хоорондоо яаж маргаж байна, үнэхээр залхуутай ажил шүү дээ. Манай нийгэмд, манай ард түмэн дунд улс төргүй амьдралаа аваад явах айл өрхийн тоо маш их нэмэгдэж байгаа. Дахин дахин нэмэгдээсэй гэж би үнэхээр хүсдэг юм. Иргэд ганцхан юмыг шаардаж байгаа. Мөнгөний зарцуулалтыг сонирхож байгаа.
Бидний төлөөд явуулсан мөнгө хаана байна аа. Наад зах нь татвар төлөгчидийн төлсөн мөнгө юу болов оо. Түүнээс биш тэр улстөрчдийн ярьдаг, хэрүүл тэмцэл шийдвэр бол үнэхээр сонин биш.Тэгэхээр тэр мөнгийг нь ил болгочихъё. Хэрвээ үүнийг бүх шатанд ил болговол олон зүйл ил болно. Аягүй бол хойшоо ухарна гээд л айдаг байх.
Би нэг юм хэлээд байгаа.Хууль баталсан өдрөөсөө л хэрэгжүүлье. Энэ чинь л эхлэх цэг. Энэ цэгээс эхлээд ийм зарчим руугаа оръё.Гэтэл нэрийг нь хараад л айж байгаа юм. Одоо би улс төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хууль гээд оруулахад бэлэн байна. Олон нийтийн сонсголын хууль гэж байдаг. Бас үүнийг хамт оруулах ёстой. Ер нь олон нийтийн сонсгол гэж заавал болж байх ёстой.
Сумын Засаг дарга нь асуудал гаргахад л Иргэдийн Хурал нь шууд хуралдаад, нийт сумандаа, аймагтаа харуулж байгаад хоёр өдөр хуралдаад чадахгүй бол ажлаас нь халах хэрэгтэй.Оронд нь хүнийг нь томилоод л, ажил явж байх ёстой. Долоон дор амьтан, байгууллагадаа, гэртээ ч гаргадаггүй авираа төрд гаргаад л. Улс үндэстнийг тэр чигт нь баллаад байдаг, өөрчлөлт хийж чадахгүй сумандаа ч тийм зүйл хийж чадахгүй, иргэд нь ч эрх байхгүй, энэ зүйлүүдийг бүгдийг нь иргэнд эрхийг нь өгөе гэж байгаа. Ирэх долоо хоногоос бид том хууль өргөн барих гэж байна.
Хуучин Эрүүгийн хууль гэж байсан, одоо Гэмт хэргийн хууль гээд асар том хууль өргөн барина. Энэ бол хүн болгон, айл болгонд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ийм хууль. Бас Зөрчлийн хууль гээд хуучнаар Захиргааны хариуцлагын хууль, дээр нь гэмт хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон хоёр хууль орно. Энэ оруулж байгаа хуулиуд одоо ял эдэлж байгаа бүх хүмүүсийн амьдралд нөлөөлнө.
Энэ хуулиуд хэрэгжээд эхэлбэл 20 орчим хувь нь биеэр эдлэх ялаас чөлөөлөгддөг ч юм уу, 60 орчим хувиас тодорхой хэмжээний ял нь хасагддаг ч юм уу, зарим хаалттай зүйл анги юм уу, ганц нэг хүний асуудал дээр олон өөрчлөлт бий болж, бидний ярьж байсан шүүхийн шинэчлэл одоо хүний амьдрал руу орно. Бид эхлээд инстицуц, шүүхийн түвшинд ярьж байсан бол одоо барьдаг хуулийг нь албан тушаалтанд нийцсэн биш жинхэнэ ард түмний эрх ашигт нийцсэн хууль болгоно.
Нөгөө талд нь албан тушаалтны эрх ашигт нийцсэн хуулийн хэсгийг улам чангалъя гэж байгаа юм. Нөгөө сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудад хэрхэн харицлага тооцох вэ гээд олон асуудал бий. Тухайн албан тушаалтнууд нэг талаараа Монгол Улсын иргэн мөртлөө олон нийтийн өмнө ийм үүрэг хүлээж байгаа болохоор хариуцлага тооцох механизим тодорхой байх ёстой. Үүнийг суманд хэрхэн хариуцлага тооцох, аймаг дээр, УИХ дээр хэрхэн тооцох вэ гээд бүгдийг нь хийж өгч байгаа юм. Ийм чухал хуулиуд оруулж байхад сая давхар дээлийн хууль гээд яаж хойш нь татаж байна даа.
Хөтлөгч И.Буянжаргал: -Одоо өөрсөдтэй нь холбоотой, хариуцлага тооцох тухай хуулийг оруулж байна. Ийм хуулийг батлаж өгөх болов уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Батлуулж л таарна даа. Ингэхгүй бол болохгүй. Өөрсөд дээр нь асуудал шийдэхээр болоод очиход Үндсэн хууль зөрчсөн байна, Үндсэн хуульд нийцээгүй байна гээд ярих л байх.
Хөтлөгч И.Буянжаргал: Одоо яг таны наад ярьж байгаа зүйлийг тэд ярьж байгаа. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд Үндсэн хуульд оруулчихсан дордуулсан долоон өөрчлөлтийг засахгүйгээр болохгүй гээд зарим гишүүд ярьж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Тэр бол асуудлыг нэг талаас нь томоор харж байгаа ухаантай хүн шиг харагдана. Нэг их улс орноо бодсон юм шиг. Үндсэн хуулийг батлах, Үндсэн хуулийг өөрчлөх тал дээр манай амадууд хэлдэг юм. Хөөрхий,Б.Чимид гуай хүртэл хэлдэг байсан: Үндсэн хуулийн заагдсан боломжууд огт шавхагдаж дуусаагүй шүү дээ, харин байгаа боломжуудыг ингэж өргөтгөөд дагаж гарах хуулиар улам баталгаажуулаад хийх бүрэн боломжтой гэж.
Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх, өөрчлөхгүй гэсэн шийдийг эцсийн эцэст Үндсэн хуулийн Цэц л гаргана шүү дээ. Үндсэн хуулийн цэц гаргаагүй тохиолдолд тэр хуулийн төсөл ийм байна, тэр нь тийм байна ч гэж байх шиг. Тэгээд маргаан үүсээд Үндсэн хууль зөрчсөн байвал, хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан бол Ерөнхийлөгч хүртэл өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгож Үндсэн хуульд нийцүүлдэг шүү дээ.
Энэ механизм нь Үндсэн хуулийн Цэцэд байж байгаа. Цэц дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн судалгаа хийж байгаа. Энэ асуудлаар ярьж хэлэлцэхэд бэлэн байгаа.
Үндсэн хуулийн Цэцээс гаргасан энэ дордуулсан долоон өөрчлөлттэй хамааралтай хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр байдаг. Цэцийн шийдвэрээр авч үзэх юм бол энэ долоон өөрчлөлт бол хүчингүй долоон өөрчлөлт байгаа юм. Тэгэхээр энэ асуудлаа эхлээд хүчингүй болгох хэрэгтэй.
Үүний дараа өөрчлөх тухай ярьж хэлж болж байна. Ярилцъя, зөвшилцье энэ тал дээр бол бэлэн байна. Гэхдээ хажуугаар нь үүнийг далимдуулаад зарим хүн хариуцлагагүй байдал яриад, авлигач нь авлигачаараа яваад байх ямар ч боломжгүй зүйл. Үүнд Үндсэн хууль саад болоод байгаа зүйл нэг ч байхгүй.
Хөтлөгч Д.Сайнбаяр: -Энд хугацаа л саад болоод байх шиг байгаа юм. Хэрвээ 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөөд эхэлчихвэл одоогийн Засгийн газрын хувь заяаны асуудал яригдах гээд байдаг. Хэрвээ 2016 оны долдугаар сарын 1- нээс гэвэл дараагийн сонгуулийн үр дүнгээр асуудал шийдэгдэнэ. Үүнийг нэг талаас нь одоо батлаад, 2014 оноос мөрдөөд явчихвал ирэх сонгуулийн өнгөнд нөлөөлнө гэж үзнэ гэсэн таамагууд явж байна. Та үүнийг яаж харж байна?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Яахав хүсэхгүй хүн бол шалтаг л ярьдаг юм. Тэгэхээр тэд шалтгаа л ярьж байгаа юм. 2016 оны долдугаар сарын 1-нээс гээд хийчихье. Үнэхээр энэ Засгийн газар өөрчлөгдөх бүрэн боломжтой шүү дээ. Одоо 17 сайдтай. Тэгвэл болохгүй байгаа гурван сайдаа, эсвэл болохгүй байгаа нэг сайдаа ч юм уу, Ерөнхий сайд нь маргааш эхнээс нь халуун чихийг нь атгаж хөтөлж оруулж ирээд, энэ хүний ажил хийж байгаа салбар нь болохгүй байна.
Олон түмэн дэмжихгүй байна гээд оруулах бүрэн эрхтэй шүү дээ. 17 сайдаас гурвыг нь өөрчилчихвөл юу өөрчлөгдөх вэ. Та нар хуулиа мэднэ шүү дээ. Засгийн газрын кабинетийн 50 хувь нь нэг дор огцорч нэг дор чөлөөлөгдвөл тэр Засгийн газар огцорно.17 сайдаас эхлээд гурвыг, дараа дөрвийг өөрчилсөн ч болно.
Давхар дээлийг нь тайлчих, хариуцлагыг нь давхар тооцчих, зарим нэг хэрэггүй гэж үзсэн яамыг өөрчилчих л дөө. УИХ-ын гишүүд төсвөө хэмнэе гэж байгаа. Ер нь шинээр яам байгуулаад ажил нь мундаг сайжраад байгаа зүйл харагдахгүй л байна. Энэ дээр өөрчлөлт хийхэд Ерөнхий сайдад бүрэн эрх боломж нь бий.
Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн жилээс зарим сайд нарыг дуудаж уулзаад хэлж байсан. Миний тэвчээр бас барагдаж байгаа. Үүнийг хэвлэл, мэдээллээр хэлээгүйл болохоос биш нэлээд хэдэн сайдыг дуудаж “Чи өргөдлөө өгөх болсон байна. Өргөдлөө өг” гэж хэлсэн. Би Ерөнхий сайд Н.Алтанхуягт ч хэлж байсан, энэ болохгүй байгаа сайдынхаа өргөдлийг ав, наад хүн чинь Монгол Улсад гай болж байна гэж. Монголын хөгжил дэвшилд аюул болж байна. Ийм хариуцлагагүй сайд байна, одоо явуул гэж хэлж байсан.
Хөтлөгч Д.Сайнбаяр: -Тухайлбал хэнийг?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ерөнхий сайдад тэр хэлсэн нөхдийг оруулж ирээд хариуцлага тооцоод явах тийм чадвар байх л ёстой л доо.
Чингис бондын мөнгийг Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьж авсан шүү
Хөтлөгч И.Буянжаргал: -Өнөөдрийн нэг том сэдэв бол улс орныхоо нэр төрөөр дэнчин тавьж Монгол Улсаа барьцаалж байгаад Чингис бонд гээд 1.5 сая ам. доллар босгосон. Тэгтэл тэр мөнгө янз бүрийн зүйлд зарцуулагдаад шавхагдаад дуусч байгаа гэх юм. Та тэр үед нь хэлж байсан. Энэ мөнгө орж ирсэн өдрөөс Монгол Улс хариуцлагатай улс боллоо шүү гэж. Монгол Улсын нэг иргэнээс авхуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хариуцлагатай улс байна шүү гэж. Дээр нь бүтээн байгуулалтын ажилд бондын мөнгөнөөс гуравны нэг хувийг л гаргана шүү. Хурдан үр ашгаа өгдөг мөнгө олох төсөлд зарцуулна шүү гэж хэлж байсан. Тэр өдрийг өнөөдөр эргээд харахад ямар нөхцөл байдалтай байна, та юу гэж харж байна?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь бид нар ард түмэндээ баярлаж байх ёстой.Ийм асуулт асууж байгаа,хэвлэлээр ч бичиж хэлж байна. Янз бүрийн байгууллагууд ч ярьж хэлж, шаардаж байгаа. Энэ бол маш зөв алхам гэж би хувьдаа бодож байна. Би сайн санаж байна. 2013 оны 12 дугаар сарын 3-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан шүү дээ. Хэвлэлийнхэн цуглаад би тэнд хэлж байсан. “Бид олон улсын түвшинд хариуцлагатай улс боллоо. Өмнө нь төсвийнхээ хэдэн төгрөгт эргэлдээд, түүнийгээ энд тэнд хуваагаад суудаг байсан. Одоо бол хүний мөнгөөр хийх гэж байна.
Нөгөө талд нь бидэнд итгэж мөнгөө өгсөн хүмүүс дэлхий нийтэд өдөр бүр даралт нь ихсээд, улс төр нь тэгж буруу хийж байна. Нөгөө бондын мөнгө төлөгдөхгүй буруу зүйлд зарцуулагдаж байна гээд судалгаатай сууж байгаа. Нөгөө тэтгэвэрийнхээ хэдэн төгрөгийг олон улсын сангуудад худалдсан хүмүүс компьютер дээр хараад зүрх нь зөв бурууг дэнслээд сууж байгаа шүү дээ. Тэр хүмүүст Монголын тухай муу мэдээ сонсогдох тусам бидний нэр хүнд улам доошоо унана.
Монголын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд унадаг. Энэ мөнгийгМонголын 22 жилийн нэр хүндээр дэнчин тавьж авсан шүү. Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьсан шүү” гэж хэлж байсан.
УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг бол харуулд, эх орны манаанд, ард түмний нийтлэг эрх ашгийн манаанд л гарч байгаа байхгүй юу.
Тэр сайд дарга нарын мөнгө цуглуулаад явж байхдаа ярьж байсан үгийг сонсоорой. Монголын баялгийн тухай яриад, Монголын ардчиллын тухай яриад, Монголын хоёр том хөрш, зах зээлийн тухай яриад энэ мөнгө ингэж ороод ингэж буцааж өгнө гээд л. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг болгоомжлох л хэрэгтэй. Мэдээж Ерөнхийлөгч ч болгоомжлох ёстой. Тэр мөнгө дансанд орж ирээгүй байсан тэр үед ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан юм.
Тэр зөвлөмжинд юу гэж байсан гэхээр
Нэгдүгээр заалтад: Чингис бондтой холбоотой орж ирсэн мөнгөтэй холбоотой хуулиа хурдан гарга, тэр ондоо багтаж гарга гэсэн. Зарцуулалт нь ямар байх юм. Тайлагнах хэлбэр нь ямар байх юм. Зээлийн эргэн төлөгдөх график нь ямар байх юм гарга гэсэн. Тэгтэл Засгийн газар одоо болтол тэр хуулийг оруулж ирээгүй. Одоо болтол бондын мөнгийг хувийн мөнгөө зарж байгаа юм шиг этгээдүүд хараад, бас бариад л сууж байгаа.
Хоёрдугаар заалтад: Бондын нэг төгрөг зарвал нөгөө талд нь арван төгрөг босгох хэрэгтэй гэж хармаар байгаа юм гэж. Тэр үед Засгийн газар мөнгө муу байна. Засгаас гаргах мөнгө их хэрэгтэй байна гэж ярьсаар байгаад гуравны нэг болгож, түүн дээр гарын үсэг зурсан байгаа юм. Уг нь тэр бондыг ингэе гэж байсан юм. Жишээлбэл, чи одоо нэг зуун сая төгрөгний зээл авах гэж байна гэж бодъё. Банкин дээр очлоо, банк чамд зээл өгье гэлээ, Тэгвэл 100 саяын 10 хувийг төр даая, чи зээлээ аваад чиний байгууллага ажиллаад босоод ирнэ гэж.
Уг нь энэ мөнгийг тарааж цацая гэсэн зорилго байгаагүй. Хэрэв тэгж байсан бол нэг төсөл биш 15 төсөл зээл аваад босох боломжтой. Гуравны нэгээр авч үзэх юм бол таван тэрбумын үйлдвэрлэл Монголд бий болох боломжтой гэсэн үг тэр заалтад байдаг шүү дээ. Улсын аюлгүй байдал, бие даасан байдлыг хангахад чиглэсэн дэд бүтэц, цахилгаан станц, шатахуунаа өөрсдөө хийдэг болъё гэж байгаа юм. Тэр төмөр замаа хурдан барья. Дээр нь ашиг олдог үйлдвэрт оруулна гээд маш тодорхой зааж өгсөн шүү дээ. Тэгтэл тэр бондын мөнгө одоо хаана явна юу, болж байна. Тэр үед хариуцсан сайдууд амлаж байсан.
Саяхан нэг сонин дээр гарсан байсан. Бондын мөнгөний төгрөг болгоны зарцуулалт та бүхний гар утсан дээр мөн e-mail-ээр, цахим хуудсаар, цахим шуудангаар та бүхний ширээн дээр байж байна, эрхэм гишүүд ээ, иргэдээ гээд л байсан. Тэгтэл одоо та нарын гар утсанд ирж байна уу, тэр мэдээлэл?
Хөтлөгч И.Буянжаргал: -Миний утас лав эвдэрхий биш, холбоо бариад болоод л байдаг. Тийм мэдээлэл ирдэггүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Миний утсанд ч ирэхгүй байгаа.
Хөтлөгч И.Буянжаргал:-Үүнтэй холбоотой миний нэг айж байгаа зүйл байгаа. Жишээлбэл, хүнээс хэдэн төгрөг зээлээд, тэр мөнгөө идэж уугаад, найрлаад дуусчихвал тэр хүн байтугай өөр хүн чамд дахиж мөнгө зээлдүүлэхгүй. Дээр нь мөнгөө өгөхгүй гүрийвэл нэр нүүрээ бардаг шүү дээ. Яг үүн шиг Монгол Улсын хувьд тийм зүйл болох вий гэж айж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Дэлхий нийт Монголыг эхлээд харахдаа авлигатайгаа тэмцэж байгаа юм байна. Ардчилсан орон юм байна, Баялагтай юм байна. бас үйлдвэрлэлтэй юм байна. Буцааж өгөх чадвартай юм байна л гэж өгсөн мөнгө шүү дээ. Монголыг тухайн үед харахдаа B+ гэсэн дүнтэй юм байна гээд өгсөн. Одоо юу болов гэхээр B, бүр B- болсон байна. Сурагчаар бол тийм хэмжээнд сурлага нь доошиллоо шүү дээ. Энэ дээр хариуцлага тооцвол зөв болно гээд оруулж ирэх хэрэгтэй байгаа юм.
Миний санааг зовоож байгаа хоёр гол зүйл байна. Өнөөдөр 2014 он, цаг хугацаа биднийг хүлээхгүй. 2017 онд 500 сая ам.долларыг нэг өдөр шууд төлнө. Тэгтэл одоо төсөв нь бүрдэхгүй, татвар төлөгч хэдэн ААН-үүдээ мөлжөөд мөлжөөд юм гарахгүй байгаа. Ханшаас болоод хүмүүсийн худалдан авах чадвар буурсан. Өмнө нь 40000 төгрөгтэй гараад хүнсээ аваад хөргөгчөө дүүргэдэг байсан айл одоо 100000 мянган төгрөгтэй гарч байж хөргөгч нь дүүрдэг болсон. Бондын төлбөрийг нөгөө айл, нөгөө бүтээгчдээсээ татна шүү дээ.
Тэгтэл нөгөө сүрхий сайд дарга нь аль хэдийн сонгуульд ялагдаад яваад өгсөн бол яах вэ. Хөөрхий, тэр хөгжлийн банкинд сууж алба хашиж байгаа ганц нэг захирлууд аягүй бол хэрэгт орно. Манайд чинь сайд, Ерөнхий сайд нь шоронд суугаад хариуцлага хүлээсэн түүх байхгүй шүү дээ. Тийм хуулийг нь хийж өгөөгүй, тийм хуулийг нь хийлгэхгүй байна шүү дээ эд. Тийм болохоор би шаардаад байгаа юм. Та нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу биелүүлсэн тайлангаа оруулж ир гээд шаардаад байгаа. Би бүтэн зургаан сар шаардаж байна. Өчигдөр ч би Ерөнхий сайдтай уулзахдаахэлсэн. Дараа нь төлөх графикаа гаргая, 2015 онд хэдийг нь төлөх юм. 2016 онд хэдийг нь төлөх вэ гээд. Энэ бондын мөнгө төсвөөс төлөгдөх юм.
Өнөөдөр төсөв алдагдалтай, төсвийн мөнгө төвлөрөхгүй байна гээд байна шүү дээ. Тэгэхээр төсөв ашигтай болж байж төлнө. Жишээлбэл, 2015 оныг 170 сая ам.доллар, 2016 оныг 170 сая ам.доллар, 2017 оныг 170 сая ам.долларын ашигтай болгох юм бол тэр бондын мөнгийг төлөх боломжтой. Төсөв гэдэг хэний мөнгө юм. Татвар төлөгчдийн мөнгө. Ямар учраас би тэр үйдвэрт өг гээд байгаа юм. Банкинд очоод зээл авахад нь танайх 30 хувиа гаргачих, бондоос 30-ийг гаргая. Гадна дотнын хамтарч байгаа хөрөнгө оруулагчаасаа 30 хувийг гаргуулчих.
Монголын банк, төр 30 хувийг гаргая. Энэ нь хамтарсан хариуцлага. Мөн арилжааны банкнаас хямд өртөгтэй зээл гараад монголчууд бүтээн байгуулагч болж босох учиртай. Тэгтэл энд тэнд гудамж бариад, бүр сүүлдээ аймагт гудамж барина ч гэх шиг, ингэж ерөөсөө болохгүй. Энэ бол буруу зам. Иймээс буруу замаар явуулж байгаа зүйлээ зогсоох ёстой. Одоо дахиад зээл авах тухай ярьж байна. Одоо бол хоёр төрлийн л зээл орж ирэх боломжтой. Нэгдүгээрт, улстөрийн зорилготой, тэр зээл өгөх орон бол маш цөөхөн. Нөгөөх нь зээлжих зэрэглэл одоо B- болсон юм чинь өмнөх гурав болон таван хувийн хүүтэй зээл байхгүй. Тэр дайн хийгээд байгаа дэнсэлж байгаа орнууд шиг 10 хэдэн хувийн хүүтэй, маш хүнд зээл болж эхэлнэ, хэн хохирох вэ?
Хөтлөгч Д.Сайнбаяр: -Таны хэлээд байгаа шүүмжлэлтэй хандсан зүйлүүдийг салбараар нь авч үзэхэд улс орны эдийн засгийн байдалтай холбоотой байна. Ерөнхий сайдад хэлсэн хүмүүст дээрх эдийн засгийн салбарыг толгойлж байгаа хүн байгаа юу?
Хөтлөгч И.Буянжаргал: -Дээр нь нэмээд асуухад Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдахад энэ салбарын бүх асуудлыг цэгцэлнэ хөгжиж дэвшинэ гэсэн хүлээлттэй байсан. Дээр доргүй хүмүүс ярьсан, энэ яам бий болж эдийн засаг хөгжинө гэж ?
Дөнгөж эхний аяганд цай хийгээд, өргөөд барихад л “За энэ чинь биш юм байна аа” гээд л эхэлж байна. Ард нь халуун савтай орж ирэх гээд байгаа юмыг яах гээд байгаа улс вэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хүмүүс ер нь онож хэлдэг, таадаг болсон байгаа биз. Ер нь эдийн засгийн хөгжлийн яам байгууллаа гээд энэ эдийн засаг хөгжихгүй байна. Би маш тодохой байр суурийг Ерөнхий сайдад бүр оны өмнөөс л хэлж байсан. За Ерөнхий сайдаа, Эдийн засгийнхаа хөгжлийг гартаа ав. Ерөнхий сайд гэдэг бол Парламентын засаглалтай улс орны хамгийн том улстөрийн манлайлагч,хамгийн том удирдлага нь байдаг. Хамгийн том бүрэн эрх мэдэлтэй хүн нь байдаг.
Монголын өнөөдрийн хамгийн том чухал асуудал юу юм гээд ярихад эдийн засгийн хөгжил шүү дээ. Монгол үндэстний эрх ашиг бол хөгжил. Монгол Улс хөгжих хэрэгтэй, Монгол иргэн, монгол айл гэр чөмөгжиж хөгжих, бэхжих хэрэгтэй. Эдийн засаг нь нэмэгдэж орлого нь нэмэгдэх ёстой. Энэ бүхэн юунаас хамаарах вэ. Эдийн засгаас хамаарна. Өнөөдрийн Ерөнхий сайдын номер нэг асуудал бол эдийн засаг.
Оросоор бол “Политика-это совокупность экономических интересов”, ер нь Улс төр бол эдийн засийн сонирхлуудын нийлбэр юм гээд. Тэгэхээр улстөрөө атгаж, хариуцлагаа барьж л байгаа бол эдийн засгаа гартаа барь гэж. Эдийн засгийн хөгжлийн яам нь эдийн засгийн хямралын яам болж байгаа юм бол энэ асуудлаа Ерөнхий сайд гартаа ав. Энэ асуудлаа Ерөнхий сайдтайгаа ярьдаг болъё. Эдийн засгийн хөгжлийн яамаа зүгээр л Засгийн газрын бүтэцээс нь гаргачих. Тэр яамны зарим нэг үүргийг Сангийн яаманд өгнө л биз. Зарим үүргийг нь өөр газарт өг гэж би маш тодорхой санал хэлж байгаа. Ардчиллын хувьд улстөр гэдэг бол хариуцлага, улстөр гэдэг бол ёсзүй, улстөр гэдэг үйлчилгээ.
Эдийн засаг гээд аваад үзэхээр зохицуулалт, дэмжлэг байх нь байна. Яагаад тэр бондын мөнгийг үйлдвэрт өг гээд хэлээд байна гэхээр бас их учиртай. Явж явж тэр мөнгийг татвар төлөгчид төлнө, үйлдвэрлэгчид төлнө. Тэгэхээр үнээгээр бол саадаг үнээгээ олон болго гэсэн үг. Үнээг авч маллах, сааж баялаг бүтээх хүнд дэмжлэг үзүүл, буцаагаад татвараар төсвөө бүрдүүлчих. Бид ингээд мөнгөө эргүүлээд төлчихөөр бидэнд мөнгөө итгэж зээлдүүлсэн улсын даралт тогтвортой байна. Арай итгэлтэй л болъё. Ингэж л явах хэрэгтэй. Түүгээр ч барахгүй сан байгуулаад, дотоодын эх үүсвэрээ ашиглаад явах бүрэн боломжтой.
Хөтлөгч Д.Сайнбаяр: -Уучлаарай, Ерөнхийлөгч өө, ингээд асуучихвал болох байх гэж бодож байна. Яагаад гэвэл би сэтгүүлч учраас. Улс орны эдийн засгийн бодлогыг буруу тийш нь явуулж байна. Туслая, дэмжие гэж байгаа, наашаа гэсэн хэдийн урдаас буруу харилцаж байна гэж таны ярианд дурдагдаж байгаа хүнд та хоёр жилийн өмнө гавъят эдийн засагч цол хэргэм өгч байсан шиг санагдах юм ?
Хөтлөгч И.Буянжаргал: -Нэмээд асуухад энэ шагналыг эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн л авдаг байх гэж бодсон, үгүй юм уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Н.Батбаярыг хэлж байх шиг байна. Эдийн засагт мундаг зүйл хийсэн хүн л авдаг байх ёстой л доо. Төрийн албан хаагч, төрд алба хашиж байсан хүмүүсийг шагнадаг гавъяатын тэмдэг байдаггүй юм. Гэтэл хуучин Ерөнхий сайд байсан хүмүүс, эдийн засагч байсан, эдийн засагч биш байсан хүмүүс ч энэ тэмдгийг авдаг тохиолдол байдаг. Гавъяат Их Хурлын гишүүн, гавъяат төрийн албан хаагч гэж цол тэмдэг байхгүй.
Хүмүүс үүнийг шүүмжилж л байсан. Энэ нь тэр эдийн засаг энэ тэртэй ямар ч холбоогүй зүйл. Манай Батбаяр сайд ардчилсан Үндсэн хууль батлах үед Ардын Их Хурлын дэд дарга байсан хүн. бид хоёрын зам 1990 оноос хойш хамт юм л даа. Би нэгдүгээр хороололд амьдарч байсан. Тэр үед тэр дүүрэгт нэр дэвших гэж байхад манай намын нөхөд ирээд “Монгол түлхүүр”-ийн Батбаяр гээд МҮДН-ээс нэг нөхөр байна, түүнийг энд дэвшүүлэе. Та бол хаанаас ч дэвшээд гарна. Таны өмнөөс дэвшүүлье гэсэн.
Элбэгдоржид санал өгөх хүмүүс Батбаярт саналаа өгөөрөй гээд, тэгээд л сонгогдож Ардын Их Хурлын депутат болж, Үндсэн хуулийг батлалцахад Ардын Их Хурлын орлогч дарга байсан юм. Тэр гавъяат цол тэмдэг өгөх зарлигт юу гэж бичсэн бэ гэхээр “Ардчилсан Үндсэн хуулийг батлалцахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж” гэж бичсэн. Би мартаагүй бол ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойгоор хэдэн хүнд цол тэмдэг өгсөн. Тэгэхэд л өгсөн юм байгаа юм.
Хөтлөгч И.Буянжаргал: -Давхар дээлийн хуулийг Ерөнхийлөгч татах болов уу, үгүй болов уу гээд өрөөндөө бүгчихээд, байнгын хорооны хурлын ирц бүрдүүлэхгүй хүлээгээд суугаад байгаа нөхөд бий шүү дээ. Та хуулиа татах уу, үгүй юү, тэдэнд хандаад та түс тас хэлээч?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Татахгүй. Дахиад цаг алдах хэрэггүй. Шийдэх юмаа одоо л шийдчихье. Тэгээд 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье. 2016 оны долдугаар сарын 1 гэхэд УИХ-д нэр дэвших нь өөрсдийгөө тодорхойлчих. Засагт байх нь засгаа тодорхойлчих.
Сонгуулийн хуульдаа, намуудын хуульдаа тодорхой өөрчлөлтүүдийг хийчихье. Намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт, бизнес, улс төрийг салгасан хуулиуд гээд маш тодрхой заалтууд орж ирэх юм. Энэ бүхнээрээ бид асуудлаа засна. Энэ бүхнийг би түлхсэн шиг түлхэнэ. Зүгээр ганц өгүүлбэрээр өөрчлөлт оруулах гэхэд л ямар хүндрэл байдаг билээ.
Би өмнө нь Ухаалаг төрийг ярихдаа хэлж байсан. “Энэ дээр эсэргүүцэлтэй тулна. Гуравны нэгд нь би ард түмнийхээ дэмжлэгт итгэж байна. Гуравны нэгд нь улс төрийн хүчнүүдийг нийлүүлж зүтгүүлнэ” гэж хэлж байсан.
Уг нь улс төрийн хүчнүүд бүгдээрээ нийлээд, сөрөг хүчинтэйгээ ч хамтарч нийлээд ухаалаг төрийг дэмжинэ гэж тунхагласан биз дээ. Дөнгөж эхний аяганд цай хийгээд, өргөөд барихад л “За энэ чинь биш юм байна аа” гээд л эхэлж байна. Ард нь халуун савтай орж ирэх гээд байгаа юмыг яах гээд байгаа улс вэ.
Хөтлөгч И.Буянжаргал: -Таныг хуулиа татахгүй гэхээр нэг хэсэг нь баярлана. Нөгөө хэсэг нь 2016 оны долдугаар сарын 1-нээс биш 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжээд бид балрах нь гээд байна шүү дээ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Наадуулд чинь зөндөө арга байгаа. Ажлаа л хийх хэрэгтэй. Ирцээ хүргэхгүй долдугаар сар хүргэнэ ч гэж зарим нь бодож байгаа. Зарим нь аягүй бол хуулиа батлах уу гэнгүүт батлахгүй гэсэн хэсэг нь олонхи болоод нөгөө хууль чинь бантан ч биш, жонхуу ч биш, гарахгүй ч байж магадгүй. Би буурныхаа занг андахгүй.
Монголыг тухайн үед харахдаа B+ гэсэн дүнтэй юм байна гээд өгсөн. Одоо юу болов гэхээр B, бүр B- болсон байна.
Би хоёр намын бүлэг дээр хоёуланд нь орж ийм учиртай хууль, ингэж оруулъя, бид ийм алдаа хийж байсан гэдгийг тайлбарлаж байсан. Ард иргэддээ тайлбарлаж байсан. Энэ миний л хийж байсан алдаанууд. Тийм учраас би алдаагаа ойлгосон. Тэгээд хууль санаачилсан. Үүнийг цааш үргэлжлүүлж болохгүй. Нэг хүн муу юм хийсэн. Нэг муу нэртэй хүн байгаа гэдгээр улс орныхоо тогтолцоог муугаар нь байлгаад байж болохгүй.
Хөтлөгч Д.Сайнбаяр: -Буурныхаа занг андахгүй гэснээс одоо яг нэг зорилготой, нэг угшлын хүмүүс төрийн гурван өндөрлөгт ажиллаж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бие биеэ үгүйсгэх шаардлага байхгүй. Гэтэл нөгөө талаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн эргээд намдаа их хатуурхдаг гэсэн яриа байдаг. Танд ажил хийхэд хэр хялбар байна?
Хөтлөгч И.Буянжаргал: -Сонгуулийн үед тулгын гурван чулуу шиг ажиллана гэж байсан, тэгж чадаж байна уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Өмнө нь би өөр намын УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ажиллаж байсан. Гурван тийшээ харчихсан. Монгол хүмүүс мөртлөө өөр өөр юм яриад байгаа ч юм шиг. Нэг байшинд байтугай, нэг улсад багтахгүй, тийм болчихсон байсан. Бид одоо бол нэг механизмтай.
Долоо хоног бүр уулздаг. Хоёр дахь өдөр болгон ҮАБЗ-ийн уулзалт хийдэг. Тэгж цуглаад энэ долоо хоногт ямар ажил байна. Өнгөрсөн долоо хоногт ямар асуудал байв гэдэг болсон. Ганцхан гэдийж байгаа юм бол хариуцлагын асуудал. Энэ Засгийн газар өөрөө их хэврэг Засгийн газар л даа. Энэ Засгийн газрыг огцруулах, бүтнээр нь солих тухай ямар ч асуудал байхгүй. Хариуцлага тооцох асуудал дээрээ тооцоод л явах хэрэгтэй.
Би ойрхны жишээ хэлье. Сая Япон яваад ирлээ шүү дээ. Японд жилдээ Засгийн газрынхаа 70-80 хувь, зарим үед 90 хувийг сольдог. Ш.Абэ Ерөнхий сайд гарч ирээд ямар мундаг ажиллаж байгаа билээ. Японы эдийн засгийг нэлээд босгоод, өсөлт бий болсон . Ш.Абэ Ерөнхий сайдын рейтинг өнөөдөр 70 хувьтай байгаа шүү дээ. Одоо манай сайд, дарга нарын рейтинг хэд байна аа, мэдэхгүй. 50-иас дээш байна уу, аль эсвэл 10-20 болсон уу.
Ш.Абэ Ерөнхий сайд кабинетийнхаа нэлээд олон сайдын жагсаалт гаргачихсан, ингэж өөрчилнө. Сайд хийх дахиад 20 хүн байна гээд байж байна. Ингэж байж хүн итгэдэг. Дахиад нэг шинэ хүн гараад ирлээ. Нэг дэвшилтэт зүйл гараад ирлээ гэж явдаг. Тэнд хийж болж байгаа юмыг заавал хүнээр хэлүүлээд байлтгүй эндээ хийж болно шүү дээ. Бид парламентын засаглалтай улс. Улс төрийн хувьд саад болоод байгаа юм ерөөсөө байхгүй. Гурван дарга саад болоод байгаа юм байхгүй. Гурвуулаа аль болохоор ойлголцож ажлаа хийх гэж үзэж байгаа. Гадаад, дотоод янз бүрийн хүндрэл бол байна. Түүнийг давахын төлөө л ажилладаг.
Монголыг ойлгох хэрэгтэй
Хөтлөгч И.Буянжаргал: -Нэг зүйлийг асуухгүй байж болохгүй нь. Оюутолгой, Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулчихвал бид хөгжөөд цаашаа мундаг сайхан болно гээд хүн болгон их сайхан итгэлтэй байсан. Оюутолгойн ил уурхай ашиглалтад ороод, анхны олборлолтоо хийгээд, анхны хөрөнгө оруулалтын буянаар эдийн засаг 17 хувьд хүрч өсөөд, баахан халамж тараагаад мундаг байлаа шүү дээ. Гэтэл одоо байдал жаахан таагүй сонсогдох юм. Оюутолгойн дараагийн хөрөнгө оруулалт зогсчихсон чинь ам.долларын ханш өслөө ч гэдэг юм уу. Оюутолгой дахиад орон тоогоо 30 хувиар цомхотгох гэж байна ч гэдэг юм уу. Далд уурхай ашиглах хугацаа хойшиллоо гэх мэт. Үүнийг дагаад гадаад дахь манай үнэлэмж буураад байна. Анхнаасаа үүнийг яаж шийдэх байсан бэ. Одоо бидний гарц юу вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Анхнаасаа миний байр суурь маш тодорхой байсан. 34 хувийг ерөөсөө авах шаардлагагүй. Хөрөнгө оруулалтаа хийгээд л авдаг татвараа авъя. Хоёр татвар байдаг. Юмаа гаргаад ашигтай орлоготой болоод ирвэл аж ахуйн нэгж,бусад татвараа бүгдийг нь авъя. Бид хосгүй үнэт баялгаа ашиглуулж байгаа. Тийм учраас Роялти гэж нэрлэдэг татвараа авъя. Тэгээд л боллоо.
Нөгөө тал 100 хувь хөрөнгөө оруулаад, тэр ус, цахилгаан, аюулгүй байдал, бүх юмаа өөрсдөө хариуц гээд хаяъя гэдгийг би бүр АН-ын дарга байхдаа 2008 оны хавар АН-ын гүйцэтгэх зөвлөл дээр шийдвэр гаргуулж байсан. Ганц хоёрхон хүн эсрэг байсан. Бусад нь бүгд 100 хувь, энд төрийн өмчийн ямар нэг оролцоо байх шаардлагагүй гэж байсан. Уг нь 34 хувь гэдэг юм хийх хэрэггүй л байсан юм. Эрсдэл л дээ.
Оюутолгой дээр нэг юм хэлэх хэрэгтэй. Бид хуулиа, гэрээгээ хэрэгжүүлээд явна. Монголын төр, засаг “За” гээд гэрээгээ хийсэн бол ёогүй хэрэгжүүлнэ. Одоо Оюутолгойд саад болж байгаа зүйл байхгүй. Үүнийг би хэлсэн шиг хэлчихье. Энэ компани ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Заавал Монголын нэр хүндийг унагаж, гадаад зах зээл дээр өөрсдийнхөө хийж чадахгүй байгаа юмаа, бизнес нь болохгүй байгаа юмыг Монголтой холбож тайлбарлах шаардлагагүй. Монголын хуулийг хэрэгжүүлээд л яв.
Гэрээгээ хэрэгжүүлээд л яв. Оюутолгой анх гэрээ нь орж ирэхдээ тусгай татвараар зохицуулагдана. Монголын татвар хамаарахгүй гэж байсан юм шүү дээ.Тэгэхэд нь бид нар “Монголын татвараар явна аа хө” гэж татвар бий болгож өгч, хайлуулах үйлдвэр байгуулна гэж хайлуулах үйлдвэрийн заалт оруулж өгсөн. Сая шахсаар байгаад лаборатори хажууд нь байгуулна гэлээ. Цаашдаа цахилгаан станц байгуулбал манай цахилгааныг аваад л яваг. Төмөр зам байгуулбал манай төмөр замаар ачаагаа зөө.
Эрдэнэт гэж гаднын хамтарсан үйлдвэр ажиллаж болоод байна. Одоо ч бидэнд гаднын хамтарсан үйлдвэрүүд ажиллаж байна. Ажлаа л хий. Та бүхэнд саад болж байгаа юм нэг ч байхгүй. Харин Монголын хөгжил, дэвшилд саад болох хэрэггүй. Монголын нэр хүндэд хор болж болохгүй шүү. Монголын ард түмнийг ойлгох хэрэгтэй. Монголын ард түмэн хуультай ард түмэн шүү гэдгийг би жилийн өмнө хэлж байсан. Монгол Улс нээлттэй.
Бид ганцхан юм шаардаж байгаа. Та нар нээлттэй байгаач, ил тод байгаач ээ л гэж шаардаж байгаа. Мөнгөө оруулж ирээд юунд зарсан бэ. Ямар зардал нь хэтэрсэн юм. Юу нь болохгүй байсан юм. Бид олон улсад байдаг ил тод байдлыг л өөрсдөөс нь шаардлаа шүү дээ. Байгаль орчинд ээлтэй байх ёстой гэдгийг өөрсдөөс нь шаардаж байна. Хариуцлагатай компани гэж байгаа юм бол ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдээд л яв л даа. Үнэхээр сайн соёл оруулж ирж байгаа юм бол. Үүнийг л бид байнгын хэлж, ийм л байр суурьтай байгаа. Бүх юм Оюутолгойгоос өөрөөс нь болж байгаа.
Хөтлөгч И.Буянжаргал: -Тавантолгой нүүрсний баян нөөцтэй. Гэтэл сүүлийн үед нүүрсний үнэ их унаж байна. Тавантолгойд ОХУ, Хятад, Япон, Солонгостой хамтраад нэмүү өртөг шингээгээд харилцан ашигтай ажиллана гэж олон жил ярьсан. Яг өнөөдөр өөрсдөө л нүүрсээ ухаад түүхийгээр нь гаргаж байна л даа. Гаргасан нь Чалкод тавьсан өрөнд яваад дуусч байгаа. Ирээдүйгээ яаж харах ёстой юм бол. Бидэнтэй хамтарна гэсэн нөхдийн чимээ сураг юу болж байгаа юм бол. Япон гэхэд л хуурай сүү, цэнхэр автобус, сургуулиас авахуулаад тусламж их үзүүлсэн атлаа оруулсан хөрөнгө гэхээр 180 гаруй л сая ам.доллар байх юм. Сая байнгын хороон дээр Элчин сайд мэдээлэл хийсэн л дээ. Тэгээд бодохоор тэд бидэнд нэг л итгэж өгөхгүй байна уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ерөөсөө биднээс л болж байгаа юм. Манайхан юм шүүмжлэхээр төрөөс болж байна гэж шүүмжлэх юм байна шүү дээ. Уг нь надаас өөрөөс болж байна гэх ёстой. Үнэхээр надаас, чамаас, сайдаас, төрд бодлого тодорхойлж байгаа биднээс яг болж байгаа.
Засгийн газраас, асуудал хариуцаж байгаа хүнээс болж байгаа. Мянган хөрөнгө оруулалтын хууль гаргасан ч гэсэн ийм хүн сууж байхад яаж Монгол руу хөрөнгө чиглэх вэ гэсэн хандлага дэлхий нийтээр байж л байгаа. Дэлхий нээлттэй болчихсон шүү дээ. Дэлхий хавтгай гэдэг чинь хүн бүхэн бүх юмаа мэддэг болсон л гэсэн үг юм.
Би Тавантолгой дээр маш тодорхой байр суурь хэлдэг юм. Тавантолгой дээр нэг захирал бий болоод, хэдэн хүн суугаад нүүрс зөөх хэрэггүй. Төр, төрийн компани нүүрс зөөж яах юм бэ. Төрийн компани бол цаасны, гэрээний, хуулийн компани л байх ёстой. Хуулиа биелүүлэхийг шаарддаг, ашигтай ажиллаж байгаа бол татварыг нь татварынхан авдаг. Ингээд боллоо. Өмнөх хүн нь бараа, дугуй дутуу шахсан юу юу ч гэлээ.
Дараагийн хүн нь юу болох юм байгаа юм. Үнэхээр энэ дээр санаа зовдог юм. Сайд дарга нар сонгуульд ялагдаад нүүдлийн шувуу шиг алга болоод өгдөг. Ард нь ажил хариуцаж байсан хэдэн хүн хэрэг төвөгт орлоо барилаа гээд ингэх вий дээ. Энэ дээр санаа зовж байна. Ингэхээр төрийг бизнесээс хурдан салгаж өгөх хэрэгтэй. Ялангуяа төрөөр дамжуулж бизнес хийдэг сэтгэхүйгээс салгах хэрэгтэй. Сайд гаднын компанитай очоод бизнес ярих гэхээр өөдөөс нь улс төр, геополитик, танай, манай улс гээд яриад байгаа байхгүй юу. Бизнес хүн очоод ярихаар худалдаа, бизнесээ ярьдаг. Сайд очоод ярихаараа надад ямар ашиг байна гэж хараад байдаг.
Хувийн компани очоод ярихаар манай компанид ямар ашигтай байна гэж яриад байна аа даа. Энэ хоёр ялгаатай. Тэгэхээр улс төр, бизнес хоёрыг салгаж өгөх хэрэгтэй. Зарим хүн төрийн ийм юм, тийм юм муу байна л гэдэг. Бизнесийн амьдрал, ард түмний амьдралыг муу төртэй улам хольж болохгүй. Болж өгвөл хөндийрүүлэх хэрэгтэй. Ийм хууль оруулах гэхэд бараг нэрийг нь сонсоод л наад улсууд чинь зугтаад байна л даа.
Гэхдээ шахна аа. Хэвлэл, мэдээлэл шахна. Олон нийт шахна. Зүтгүүлнэ. Болно. Бид нарт чинь бас нэг мундаг ёс зүйн цагдаа гараад ирсэн шүү. Би боддог юм. Жиргээ гээд л байна. Тэнд олон янзын санаа орж ирж байгаа. Тэнд оролцоод харж байхад буруу юм гарвал тэр хүмүүс яаж реакцалж байна. Яг л ард түмний дохиолол шиг л байгаа шүү дээ. Фейсбүүк рүү ороход хүүхдүүд голдуу л ордог байх л даа. Учраа мэдэхгүй гэмээр тийм хүүхдүүд орж ирээд яаж асуудал тавьж байна. Би жишээ нь, ард түмнээр дамжуулсан тийм ёс зүйн цагдаатай.
Намайг жаахан буруу алхам хийхэд тэр хүмүүс яаж шүүмжилж байна. Тэнд нэг төрийн албан хаагч байлаа гэхэд “Ерөнхийлөгч өө, та юу харж байна аа” гээд л анхааруулж байна шүү дээ. Энэ бол их том юм. Ер нь албан тушаалтнууд нэг л юмнаас санаа нь зовно. Юунаас санаа зовох вэ гэхээр ард түмний харж байгаа байдлаас, ард түмнээс жаахан ичих байх даа. Ялангуяа үүн дээр хэвлэл үүргээ биелүүлмээр байгаа юм.
Миний нэг үнэлдэг зүйл бол Х.Тэмүүжин өөрөө үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн. Тийм улстөрч их цөөхөн байдаг. Сайн улстөрч болох гэвэл есөн шид нь бүрдэх ёстой гээд би хэлдэг. Түүний хамгийн түрүүчийн нэг шид бол явж явж үнэлэмж.
Ойрын өдрүүдэд баахан маргаан гараад, давхар дээл огцорно, огцрохгүй гээд ороод ирэхээр хэвлэлийнхэнд баахан мөнгө ирдэг шүү дээ. Баахан мөнгө яриад л, түүнийг нь хариуцсан улсууд,дарга, цэрэг, эзэд нь аваад л хэвлэлийнхэн бол их л сүрхий мөнгөжиж байгаа байх. За яах вэ, тийм байдаг л байж.
Нөгөө талд мөнгө өгөөгүй юм уу, орж амжаагүй тал нь хамгийн их шүүмжлүүлж суугаа. Хэвлэл рүү мөнгө хаяж байгаа, тэр ямар ч их мөнгө юм. Ямар ч их хахууль юм. Аль эх үүсвэрээсээ ч гарч байгаа юм. Хэнээр дамжиж хэнд очиж байгаа юм. Жаахан цаашаа хөшиг нээгээд л харахад бүгд л цаган дотор эргэлдэж байгаа механизм шиг ил харагдаж л байгаа.
Миний нэг үнэлдэг зүйл бол Х.Тэмүүжин өөрөө үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн
Хөтлөгч Д.Сайнбаяр: -Өчигдөр таны твиттер хуудсандаа бичсэн нэг өгүүлбэр олон нийтийн анхаарлыг татсан л даа. Тэр нь нэг тийм салаа утгатай байсан. Таны санаачилсан шүүхийн салбарын шинэчлэлийг гардан хийж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой жиргээ байсан. “Х.Тэмүүжин сайд ноцтой алдаа хийх нь хийсэн. Гэхдээ энэ засгаас хамгийн түрүүнд огцрох сайд лав биш” гэсэн нь салаа утгатай болоод байгаа юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Гурав дахь өгүүлбэрийг нь бас бүтэн унших хэрэгтэй. “Х.Тэмүүжин сайд бол алдаагаа засах чадвартай гэдэгт итгэж байна” гэсэн өгүүлбэр байгаа. Хуулийн шинэчлэл хийнэ гэдэг амаргүй. Х.Тэмүүжин 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Би 2009 онд Ерөнхийлөгч болсон. УИХ-ын гишүүн байхдаа л бид хамтарсан. Бүр 2003 онд би эргэж ирээд улс төр рүү орж, “Нүүх үү, үлдэх үү” гэдэг лекцээ уншаад л явж байхдаа бид нар хамтарч ажиллаж байсан юм.
Тэр үед “Азийн санаачилга” гэсэн ТББ байгуулчихаад, Монгол Улсын Үндсэн хуульд ямар асуудал байна. Бусад хуульд, шүүхэд ямар асуудал байна гэдэгт тэр үед бид нар судалгаа хийж байсан. Энэ чинь арваад жилийн өмнөх болж байна шүү дээ. Тэр л ажлаа өнөөдөр үргэжлүүлээд л явж байна. Гишүүн болоод бид гурван жил хамтраад л ажилласан. Одоо сайд болоод хоёр жил хамтраад ажиллаж байна.
Шинэчлэл дээр алдаа гарна. Ажил хийж байгаа хүн алдана. Хэрэв алдаагаа засчих юм бол улам илүү шинэчлэл хийх боломж гарна. Миний нэг үнэлдэг зүйл бол Х.Тэмүүжин өөрөө үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн. Тийм улстөрч их цөөхөн байдаг. Сайн улстөрч болох гэвэл есөн шид нь бүрдэх ёстой гээд би хэлдэг. Түүний хамгийн түрүүчийн нэг шид бол явж явж үнэлэмж. Дараагийнх нь хүнтэй харилцах харилцаа.
Нийгэм чинь хүнээс бүрддэг шүү дээ. Тэгэхээр тэр цагдаагийн байгууллагатайгаа яаж харилцах вэ. Явж явж цагдаагийн байгууллага бол Х.Тэмүүжин сайдын өөрийнх нь удирдсан агентлаг. Хэрэв Х.Тэмүүжин сайдыг жанжин гэж үзэх юм бол тэнд байгаа хүмүүс цэрэг нь. Тэр хүмүүстэйгээ хэл амаа ололцоод, зарим нэг зүйл дээр ухрахаар бол ухарч болно. Ухрах зүйл гэж байна. Дандаа юмыг 100 хувь хийнэ гэж байхгүй. Хууль оруулж ирэхэд хүртэл “За энэ гурав дээр зөвшилцье.
Энэ нь хүмүүсийн хэлээд байгаагаар цаг хугацаа нь болоогүй юм шиг байна. Гэхдээ энэ 60 хувийг нь ёстой аваад гарна шүү” гэдэг хэлбэр хэрэгтэй байдаг. Тэр “ноцтой” гэдэг дээр хүмүүс айхтар анхаарал хандуулсан байх. Миний “ноцтой” гэж хэлж байгаа нь бол алдааг нэг удаа хэллээ. Хоёр удаа хэллээ. Түүнийгээ засахгүй л байгаа бол, алдаагаа давтаж байгаа бол тэр нь ноцтой алдаа л даа. Хэрэв алдаагаа засч байгаа бол энэ бол том сургамж. Алдаагаа засна гэдэг бол зориг.
Алдаагаа ойлгоно гэдэг бол ухаан. Алдаагаа давтахгүй байна гэдэг бол сургамж. Тэр сургамжийг авсан хүн ямар ч алдаа гаргасан байсан, алдаагаа ухаарсан хүнийг миний бодлоор өршөөх ёстой. Уучлах ёстой гэж боддог. Х.Тэмүүжин өнөөдөр Монголын хөгжилд гай болж байгаа юм байхгүй. Х.Тэмүүжин өнөөдөр Монголын хууль зүйн шинэчлэлийн үйл ажиллагаанд гамшиг тарьж байгаа юм байхгүй. Залуу хүн, анх удаа сайд хийх гээд ажиллаж байна. Бид нар ч алдаж байсан. Гэхдээ алдаагаа зохицуулаад, олон түмэнтэйгээ зөв харьцаад явахад ажил хийх бүрэн боломжтой.
Х.Тэмүүжинг өргөн барилаа гэдгийг сонсоод л би хэлж байсан. Х.Тэмүүжинг огцруулахгүй ээ. Хамгаална аа. Энэ хамгаална гэдэг нь бид хууль, шүүхийнхээ шинэчлэлийг хийе гэж байгаа юм. Зарим нь хэлдэг юм. “Х.Тэмүүжин ганцаараа хийдэг юм уу” гэж. Х.Тэмүүжин ганцаараа хийхгүй л дээ. Хууль, шүүхийншинэчлэлийг хийе гэхэд маш олон хүний хүчин зүтгэл орж байгаа.
Яахав, наад зах нь хүнтэй зөв харилцах ёстой. “Аа, энэ тушаал биелүүлдэг цагдаа. Энэ муу цагдааг сайн цагдаа болгоно” ч гэдэг юм уу. Чи нэг хамт олон дээр ирчихээд л, “Та нар муу. Одоо би сайн болгоно” гэвэл биш л дээ. “Та нар Монголын төрийн тавьсан даалгавар, өгсөн үүргийг биелүүлж өдий хүртэл зүтгэлээ, хөөрхий. Одоо бидний өмнө ийм асуудал гарч ирж байна. Та нартайгаа хамтраад энэ юмыг ингэж шийднэ. Нийгмийн ийм шаардлага байна" гэх хэрэгтэй.
Наад зах нь яриа, хэллэгийн асуудал. Багш байж шүүмжилдэг байдал улстөрч болоход өөрчлөгдөх ёстой. Энэ хүн бол сурч байгаа. Уулзаад ярьж байхад алдсан алдаагаа ойлгож, ухамсарлаж байгаа байдалтай байгаа. Одоо улам л цаашаа ажиллана. Нэг ийм юм хүнд маш их сургамж өгдөг. Би өөрт нь хэлээд л загнаж байсан. “Тэмүүжин чи огцорно гэдэг асуудлыг нэг ч удаа өмнөө тавиулж үзээгүй хүн шүү. Огцорч үзээгүй хүн. Чи миний амьдралыг хар даа. Би Ерөнхий сайдаас хоёр удаа өшиглүүлээд, хөөгдөөд бууж л байсан. Авлигатай тэмцлээ, нөгөө талтай нийллээ гээд л хашгираад л. Гадаа цуглаан болоод л. Байшин сав дотор туг хүртэл шатааж байсан даа, зарим үед. Ард түмэн огцруулахгүй гэж хашгиралдаад л. Би тийм юм үзсэн. Би цагдаа дээр, тагнуулын байгууллага дээр дуудагдаад, чамд долоон жилийн ял өгнө.
Дөрвөн жилийн ял өгнө гээд яллах дүгнэлт өгөөд шүүхийн танхимд, хаалттай хуралдаанаар би яллуулаад сууж байсан. Чи бол ийм юм хараагүй. Тэр бол надад маш их сургамж өгсөн. Надад дахиад арай өөрөөр энэ харилцааг хараад, шинэчлэлийг хийгээд, амьдраад, юм хийх боломж өгсөн. Тэгэхээр энэ бол чамд зүгээр сургамж болно” гэсэн. Саяын давхар дээлийн хэлэлцүүлэг ч гэсэн, Х.Тэмүүжингийн эргэн тойрон хийж байгаа хэлэлцүүлэг ч гэсэн нэг гайхамшигтай юм нь монголчууд бид хэлэлцэж л байна шүү дээ.
Би өөрийнхөө байр суурин дээр байна. Одоо би үүнийгээ зөв л гэж үзэж байгаа. Өмнө гаргаж байсан алдаа гэж харж байгаа. Үүнийг хийлгэхийн төлөө явна. Араас нь батлуулах хуулиудаа батлуулах л гэж зүтгэнэ. Тэр хүмүүс зөв бурууг нь шүүг л дээ. Би сонсохоос айгаагүй байхад тэр хүмүүс шүүмжлэхээс юунд айдаг юм бэ. Тэд шүүмжилж л байг. Монголын нэг онцлог нь энэ байгаа юм.
Манай хоёр хөрш гээд харьцуулаад яривал манай хөгжлийн онцлог, хоёр хөршийн онцлог, бидний явж байгаа, сонгож авсан зам гэдэг өөр зүйл.
Хөтлөгч И.Буянжаргал: -Яг энэ асуудлын өмнөхөн олон нийтийн сүлжээгээр Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга хоёр хоорондоо таарахгүй байна. Зөрчилдөөд байна гэсэн үг явж байсан. Нэг нь тантай мөр зэрэгцэж ардчиллын төлөө явж байсан партизан. Нөгөө нь шинэчлэл хийж байгаа эрч хүчтэй залуу сайн хуульч. Энэ хоёрын аль альтай нь ойр явдгийн хувьд “Та хоёр нэг зорилгын төлөө эв зүйгээ олоод явчих аа. Ойлголц оо” гэж та хэлсэн үү?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хэлэлгүй яах вэ. Бид зөндөө уулзаж байгаа шүү дээ. Ерөнхий сайд ч хамт уулзаад л ярьдаг. Ер нь ойлголцлууд байгаа. Үнэхээр хийж болохгүй, сайдын нүдээр харахад өөрчлөх шаардлагатай хүний тухай асуудал байж магадгүй. Гэхдээ хүний өөрчлөлт, хуулийн өөрчлөлт дээр бодмоор юм байгаа юм. Нэг газар их муу соёл байна.
Нэг бол нэг муу хүн хүрээд иржээ гээд, тэр хүнийг өөрийн хүнээр тавина гэдэг бол дахиад нэг хүнийг нэг муу хүнээр ч юм уу, сольж л байгаа юм. Тэнд хүний л өөрчлөлт явж байгаа болохоос биш яг үнэндээ чанарын өөчлөлт гарахгүй байгаа юм л даа. Тэр бол буруу. Дээрээс хууль хяналтын байгууллагыг ч юм уу, энэ дээр чи ийм дүгнэлт гаргаад ир. Үүнийг хууль зөрчсөн гээд гаргаад ир. Гаргахгүй бол чамайг халлаа гээд тэр хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд оролцох ч юм уу, тиймэрхүү зарим албан тушаалтны зүгээс гардаг маш бүдүүлэг алдаанууд байгаа. Өөрөө хуулиар хориотой алдаа шүү дээ, энэ бол. Тиймэрхүү алдааг ерөөсөө гаргаж болохгүй.
Би түрүүн хэлсэн. Ухамсарласан, ойлгосон алдааг бол өршөөж болно. Өршөөж байх ёстой. Багш хүн хүртэл алдаанаас сурдаг биз дээ. Алдаа бол хамгийн сайн багш. Алдаа, шүүмжлэл гэдэг надад хамгийн сайн багш байсан. Багш хүн хүртэл алдаад, цаашаа ойлгодог гэж боддог. Эд нар ойлголцоод, хамтраад явчих боломжтой. Би Билэгтийг орж ирэхэд толгой түрүүгүй ч загнаж байсан. “Чи өргөдлөө өг. Чи яв. Чи үнэхээр энэ Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол яв. Боллоо. Тэмүүжингийн асуудал орж ирээд юм уу, чиний асуудал ороод ирэхэд би чамайг явуулна шүү. Чи наад цагдаагийнхаа удирдлагыг хийгээд ажилласан шиг ажилла” гэж. Бидний хооронд тийм юм байдаг юм.
Тийм үгийг даадаг, тийм итгэлийг хүлээдэг. Ер нь бол би улс төрийн амьдралаас нэг л юм харсан. Үнэхээр боломжтой, итгэдэг хүндээ бол хүн чанга, хатуу үгийг нүүрэн дээр нь хэлдэг. Итгэдэггүй, тэрийг авдаг ч үгүй, эргээд доромжилсон, харьцсан тийм хүнд үг хэлээд хэрэггүй шүү дээ. Бараг магтаад гаргасан нь дээр. Бараг энгэрт нь Хөдөлмөрийн хүндэт медалийг нь зүүж өгөөд гаргасан нь дээр. Тэгж яваад л энэ нийгэм дотор тэр хүн өөрийнхөө байдлыг таниулна шүү дээ.
Хамгийн итгэж байгаа тэр хүндээ хатуу, үнэн үгээ хэлж л байх ёстой. Энэ үгийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид нар сууж байгаад, яг нүүр нүүрэн дээрээ яриад л гардаг. Бүх юман дээр бидний байр суурь нийлнэ гэж байхгүй. Бид өнөөдөр Тавантолгой ярихгүй, Татварын хууль ярина гэж. Татварын шинэчлэл маш их чухал болж байна.
Манайд нэг үг байдаг. “Төр байгаа учраас татвар байгаа” гэж. Энийг буруу ойлголт гэж би боддог. “Төр байгаа учраас ард түмэн байгаа” гэж хэлж болохгүй. Ард түмэн байгаа учраастөр байгаа. Нөгөө талдаа ард түмэн дотор татвар төлөгч орно. Тиймээс татвар төлөгч байгаа учраас төр байгаа.Татвар төлөгч байгаа учраас надад цалин өгч байгаа. Татвар төлөгч байгаа учраас өнөөдөр би машин унаад явж байгаа. Тийм учраас татвар төлөгчид рүүгээ хандъя.
Өнөөдөр манай баялгийн 80 хувь нь төрөөс хамаарахгүй байна. Тэгвэл 80 хувийн хайр халамжаа тэр татвар төлөгчид рүүгээ явуулъя. 20 хувь нь төрдөө байг. Манай төрийн зардал 20 хувь байх ёстой, одоо 50 хувь болчихоод байна. Хэтэрчихээд байна гэдэг үүнийг л хэлж байгаа. НӨАТ-ыг харж байхад, олон нийтээс сонсоход зарим нь 50 сая төгрөгөөс чөлөөлж өгнө.
100 сая төгрөг болгоно гэж. Олон түмний амыг хараад байхад асуудлыг шийдэхгүй юм шиг байна. Харин жигд тавьчих. 10 хувиа магадгүй таван хувь болгочих. Томоос нь ч тэр таван хувиа ав. Жижгээс нь ч тэр таван хувиа ав гэдэг маягаар явбал НӨАТ-ын шийдэл зөв юм шиг байна лээ. Би бол одоо сайд, дарга нар гэхээс илүү яг ажлаа хийгээд зүтгэж яваа тэр хүмүүсээ сонсох хэрэгтэй.
Шүүхийн салбарын өөрчлөлт, шүүхийн өөрчлөлт хийхэд хамгийн түрүүнд хөөрхий, 20 жил загнуулж адлуулсан хүмүүс чинь шүүгчид байдаг юм шүү дээ. Тэр сайд дарга нар гэхээс илүү яг ажлаа хийгээд явж байгаа хүмүүсээс сонсох хэрэгтэй.
Шүүгчид хоёр талын аль нэгийг хохироож шийдэх тохиолдол бий. Зовлон үзсэн чавганц гэдэг шиг шүүхийн шинэчлэлийг хамгийн сайн хүлээж авч байгаа бүлэг бол шүүгчид юм. Харин одоо манай цагдаа нар ингэж хүлээж авах ёстой. Энд болохгүй байгаа зүйлээ засаад явна. Харин хууль, шүүхийн шинэчлэлээсээ алхам ч ухрахгүй ээ. Чадахгүй байгаа зарим хүмүүстэй хариуцлага тооцоод л цааш явна.