Ц.Даваасүрэн: УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт "булган шубтэй" сайдуудыг үлдээе гэсэн
“Ийгл” телевизийн Бадарчийн Жаргалмаатай ярилцахаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцлоо.
- УИХ-аар хэлэлцэгдэж байгаа “Давхар дээл”-ийн асуудлаар энэ удаад УИХ-д суугаа бие даагч гишүүд ямар байр суурьтай байгаа юм бэ гэдгийг сонирхож таныг төлөөлөл болгож урьсан гэхэд болно. Энэ хуулийн төсөлд бие даагчид ямар байр суурь баримталж байна вэ?
Тэгэхээр бие даагчдын хувьд ард түмний төлөөлөл, ямар нэгэн намын бүлэгт харъяалагддаггүйгээрээ онцлогтой. Тийм учраас намын бүлэг шиг багцлаад ийм зүйлийг л хайрцаглаж ярина шүү. Үүнээс гажих юм бол хариуцлага тооцно шүү гэдэг зүйл байдаггүй. Тиймээс бид аль болох үнэн зөв, бодит мэдээллийг иргэдэд хүргэе гэдэг зорилготойгоор ажилладаг.
Ялангуяа засгийн газрын тухай хууль бол сонгуулийн дараа яамдын тоо өөрчлөгдөхөөр байнга өөрчлөгддөг хууль шүү дээ.
Бид ямар асуудал үүсээд байна, юу болоод байна гэдэг тэр өнцгөөс нь иргэдэд мэдээлэл хүргэхийг оролдож байна. Давхар дээлийг тайлах ёстой гэдэг дээр ч нэгдмэл байр суурьтай байгаа. Миний хувьд давхар дээлийг тайлахын тулд долоо дордуулсан өөрчлөлтийн дотор байгаа 29.1-д заасан УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болно гэдэг заалтыг авч хаяж байж энэ асуудал шийдэгдэнэ. Түүнээс биш одоогийн яригдаад байгаа давхар дээлийг тайлах асуудал бол биш. Үүнийг шийдэж чадахгүй.
Өнөөдөр Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд Ерөнхий сайд нь байж болно, харин засгийн газрын гишүүд нь давхар дээлгүй байж гэж заасан. Энэ бол өөрөө Үндсэн хуулийн асуудалтай. Яагаад гэвэл Үндсэн хуулиа орхиод орж ирж байгаа юм. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд байж болно гээд заачихсан. Их хурал ямар асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлчихээд байна вэ гэвэл гол гол сайд нар буюу давхар дээлтэй, үүн дотроо булган шубтэйг нь үлдээе гэсэн.
Өөрөөр хэлбэл сан хөмрөг, санхүү дээр гарын үсэг зурдаг сайдаас эхлээд гол гол яамдын сайд нар булган шубтэйгээ үлдэнэ гэдэг ийм байдал эцсийн хэлэлцүүлэг рүү шилжчихээд байна.
Долоо дордуулсан өөрчлөлтийн дотор байгаа 29.1-д заасан УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болно гэдэг заалтыг авч хаяж байж энэ асуудал шийдэгдэнэ.
Би бол тэгж үзэхгүй байгаа. Ер нь засгийн газрын гишүүний албыг их хурлын гишүүн хашиж болохгүй. Нэг ч бай, гурав ч бай, 50 хувь ч бай, гуравны нэг ч бай хассанаар төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог сулруулдаг. Өөрөөр хэлбэл их хурал өөрөө бодлогоо гаргаж засгийн газарт өгдөг, засгийн газар нь тэрийг нь ажил хэрэг болгож хэрэгжүүлдэг, хэрэгжүүлсэн ажил дээр нь хяналт тавиад хариуцлага ярьдаг байх ёстой.
Гэтэл төрийн энэ функц алдагдчихсан байгаа. Иргэд тэгж шүүмжилж байгаа шүү дээ. Иргэдийн хүсч байгаа зүйл бол үндсэн хуулийн долоо дордуулсан өөрчлөлтийг л арилга гэж байгаа. Өнөөдөр тэр булган шубтэй хүмүүсийг үлдээгээд шийдчихвэл нөгөө үндсэн хуулийн асуудал бүрмөсөн хаагдана. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн долоо дордуулсан нэг өөрчлөлт болж байгаа энэ давхар дээлийн асуудлыг засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар хаах гээд байгаа юм.
УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хууль бол өөрчлөлт оруулахад хялбархан хууль. Ялангуяа засгийн газрын тухай хууль бол сонгуулийн дараа яамдын тоо өөрчлөгдөхөөр байнга өөрчлөгддөг хууль шүү дээ. Өнөөдрийн тухайд засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар давхар дээлийн асуудал шийдэгдэхгүй. Тэр тусмаа булган шубтэй хүмүүс цаашдаа үндсэн хуульд байгаа заалтыг хаагаад үлдэхээр нөхцөл байдал руу орж байна.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...