Л.Ариунаа: Манайхан бүтээлээ баталгаажуулахдаа хугацаа алдсанаас давхарддаг
ОӨГ-ын Төлөвлөлт, Бодлого, Хамтын Ажиллагааны хэлтсийн дарга Л. Ариунаа
2014.04.16

Л.Ариунаа: Манайхан бүтээлээ баталгаажуулахдаа хугацаа алдсанаас давхарддаг

ОӨГ-ын Төлөвлөлт, Бодлого, Хамтын Ажиллагааны хэлтсийн дарга Л. Ариунаатай ярилцлаа.

- Зохиогчийн эрхийг хэрхэн баталгаажуулж, хамгаалдаг вэ?

Манайхан бүтээлээ баталгаажуулахдаа их хугацаа алддаг. Бүртгүүлснээсээ хойш олон хоногийн хойна бүтээлээ хамгаалуулсан гэсэн батламж авахаар ирдэг. Өөрөөр хэлбэл баталгаажуулж амжаагүй байхад нь өөр хүн тэр зүйлийг хийчихсэн байдаг учраас давхарддаг. Угтаа бүртгүүлснээс хойш 3-9 цагийн дотор нарийн мэргэжлийн хайлт шүүлт хийж өөр хэн нэгэн адилхан бүтээл баталгаажуулсан эсэхийг шалгуулах ёстой. Оюуны өмчийн газар тухайн бүтээлийг баталгаажуулахдаа Монголын оюуны өмчийн сангаар зогсохгүй дэлхийн оюуны өмчийн байгууллагуудтай хамтарсан хайлтыг хийдэг.

- Аж үйлдвэрийн салбарт хийгддэг шинэ бүтээлүүд амьдралд нэвтэргүйн үндсэн шалтгаан нь юу вэ?

Төрийн зүгээс дэмждэггүй гэж хэлэхэд хэцүү. Зохион бүтээгчид маань өөрсдөө хийсэн зүйлээ олон түмэнд, үйлдвэрлэгчдэд сайн таниулж чаддаггүй. Мэдээж бизнесийнхэн ашгийн төлөө ажилладаг учраас эрсдэлд орохоос зайлсхийдэг. Тэдний хувьд ямар нэг шинэ зүйл туршихаас илүү нэгэнт сайн хийгдсэн бэлэн тоног, төхөөрөмжийг гаднаас авах нь хялбар.

- Залуу зохион бүтээгчдийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хэрэгжүүлж байна вэ?

Хууль эрх зүйн хүрээнд залуу зохион бүтээгчидтэй оюуны өмчийн газар хамтран ажиллах бүрэн боломжтой, бүх зүйл нээлттэй. Олон ажлыг манай байгууллагаас зохион байгуулдаг. Үндэсний Телевизээр залуу зохион бүтээгчдийн уралдаант нэвтрүүлэг гардгийг та бүхэн мэднэ. Бид монгол брендийг бий болгох, монгол инновацийг нэвтрүүлэх зорилготой ажилладаг. Мөн Дэлхийн оюуны өмчийн газраас манай инженерүүдийн ур чадварыг өндрөөр үнэлсэн гэдэг маань сайныг хэлээд байна.

Нэг зүйлийг онцлоход манайхан олон салбарт патент авдаг ч патентаа амьдралд хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байдаг. Оюуны өмчийг хамгаалах байгууллагуудтайгаа хамтарч ажиллах дадал суугаагүй гэсэн үг. Түүнчлэн зохион бүтээгчдийн хийсэн зүйлийг аж үйлдвэрийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах орчин, тогтолцоо байхгүй, тэдгээрийн хооронд ямар ч холбоо алга. Тиймээс бид дөрөвдүгээр сарын 26 нд Чингисийн талбай дээр “Шинийг Санаачлагчдын бүтээлийн Яармаг” гэсэн томоохон арга хэмжээг зохион байгуулна.

- Сүүлийн үед мэдээллийн технологийн салбарт зохиогчийн эрхийн асуудал тулгамдаад байна. Энэ чиглэлээр танай байгууллага ямар бодлого, төлөвлөгөөтэй ажилладаг вэ?

Хоёр чиглэлээр ажилладаг. Юуны түрүүнд дэлхийн оюуны өмчийн байгууллагуудтай хамтран асуудлыг шийдэх бодлоготой. Хоёрдугаарт мэдээллийн технологийг хөгжүүлэх, өөрсдөө суралцах, бүтээлийг хурдан баталгаажуулахад уг салбарт ажилладаг хүмүүстэй хамтран ажиллах чиглэлтэй.