АН-ын бүлгээс Засгийн газарт өгсөн даалгавар
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн юм. Уг хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул Ерөнхий сайд Н.Алтанхуяг, төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар бүлэгт мэдээлэл хийсэн юм байна. Үүнтэй холбоотойгоор тус бүлэг Засгийн газар, төв банкинд чиглэл өгчээ. Үүнд нэгдүгээрт, Концессийн гэрээгээр хийх ажлын жасгаалтыг Засгийн газар оруулж ирж, УИХ-аар батлуулах ёстой хэмээн үзсэн байна.
Тэр дундаа Алтанбулаг, Замын-Үүдийг олон улстай холбосон транзит авто замын хөрөнгө оруулалтын ажлыг энэ хавартаа багтаан эхлүүлэх. Хоёрдугаарт, Боомтын төмөр замын асуудлыг яаралтай оруулж ирж шийдвэрлүүлэх. Гуравт нь, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг хэлэлцээрийн төвшинд шийдэх шаардлагатай хэмээн үзжээ. Мөн Оюутолгой төслийг шуурхайлуулах чиглэлээр Засгийн газрыг санаачлагатай ажиллахыг үүрэг болгосон байна.
Эдийн засгийг тэтгэх нэг арга нь хөрөнгө оруулалтыг татах явдал хэмээн үзэж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд геологи, хайгуулын зөвшөөрлийг шинэчилж олгох, гадаад, дотоодын хайгуултай холбоотой хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх. Уул уурхайн компаниудыг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг бий болгох бараа үйлчилгээг үндэсний компаниудаар эрхлүүлэхийг зөв хэмээн үзсэн байна. Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Засгийн газар яаралтай боловсруулж, УИХ-д өргөн барих.
БНХАУ, ОХУ-тай хамтын ажиллагаагаа идвэхижүүлэх, хил орчмын худалдааг дэмжих, хил орчимд визийн хөнгөвчлөлийг яаралтай шийдэх. Эхний хагас жилд багтаан нэг тэрбум ам.доллартай тэнцэх валютын урсгалыг хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж ирэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх.
Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбоотойгоор импорт эрхэлдэг компаниудын үйл ажиллагааг найдвартай жигд хангах, валютын ханшийг тогтвортой байдлыг хангаж ажиллах үүргийг төв банкинд мөн үүрэг болгожээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын тайлбараар бол нэг компани есөн газар барилга барихаар болж тендэрт шалгарсан ч барилгаа цаг хугацаанд нь барьж ашиглалтад оруулаагүй, зарим ажил нь цалгардсан байгаа аж.
Сүүлийн 10 жилийн статистик мэдээгээр төрөлт нэмэгдэж, 2004 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт гарч буй аж. Тодруулбал, 2004 онд 40 орчим эх төрж байсан бол өнөө жил 80 мянгад хүрэх тооцоо бий гэнэ. Тиймээс хүн ам хамгийн ихээр төвлөрч байгаа Улаанбаатар хотод төрөх эмнэлгийг шинээр барих, баригдаж дуусаагүй төрөх эмнэлгийн барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар 2014 оны төсвийн тодотголыг өргөн барих үеэрээ тодорхой болгон оруулж ирэх даалгавар мөн авчээ.
Түүнчлэн эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор жижиг аж ахуйн нэгжүүд хамгийн их эрсдэл хүлээж байгаа тул Төрийн зээлийн даатгалын тухай хуулийн төсөл, Экспортын эрсдлийн даатгалын тухай хуулийн төсөл, Лизингийн төлбөрийн даатгалын тухай хуулийн төслийг Засгийн газрын төвшинд яаралтай боловсруулж, УИХ-дөргөн мэдүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь чухал асуудал нь УИХ-ын төвшинд хөрөнгө оруулалтыг нь царцаасан 243 төсөл арга хэмжээтэй холбогджээ. Эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон юм байна.
Улмаар дээрх царцаасан хөрөнгө оруулалтын ажлуудыг хэд, хэдэн ангилж зайлшгүй энэ онд хийгдэх ёстойг нь 2014 оны төсвийн тодотголд хөрөнгийг суулгаж өгөх, зураг төсөл нь бэлэн болсон ч гүйцэтгэгч компани нь шалгараагүй ажлыг 2015 онд шилжүүлэх, ажил эхлээд зогсчихсон, барилга барьж байгаад компани нь олдохгүй болчихсон, гүйцэтгэл нь чанаргүй, стандартыг зөрчсөн, тэр байтугай мөнгийг нь аваад алга болсон "Найдваргүй түнш"-үүдийн жагсаалтыг гаргах ёстой хэмээн үзсэн байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын тайлбараар бол нэг компани есөн газар барилга барихаар болж тендэрт шалгарсан ч барилгаа цаг хугацаанд нь барьж ашиглалтад оруулаагүй, зарим ажил нь цалгардсан байгаа аж.
Түүнчлэн хариуцлагагүй компаниудыг өөгшүүлж ирсэн төсөвчдийн жагсаалтыг гаргах юм байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын тодорхойлсноор төсвийн хөрөнгө оруулалт авлигажсан уу, үгүй юу гэдгийг улстөрийн нам юм уу, УИХ тогтоохгүй. Аудитын байгууллага ч тогтоохгүй. Аудитын байгууллага харин энэ нь зөрчилтэй байна, энэ нь зөрчилгүй байна гэдгийг тодорхойлсон.
УИХ-аар дээрх царцаагдсан төсөвтэй холбоотой тогтоолын төсөл батлагдвал Засгийн газар өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулаад хариуцлага тооцох эсэх, зөв буруутай эсэхийг хуулийн байгууллагаар нягтлан шалгуулна. Түүнээс урьтаж УИХ энэ нь зөв, буруу гэдэг шүүмжлэл хэлэх эрх байхгүй хэмээн тодотгосон юм.
УИХ-ын хаврын чуулганы эхний өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шинэчлэлийн Засгийн газарт дээрх даалгаврыг өгөөд байна. Харин хэр хурдан хугацаанд даалгаврыг гүйцэтгэж, эдийн засгийг аварч чадах эсэхээ ирэх өдрүүдэд харуулах учиртай