Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл өргөн барив
Хуулийн төсөл өргөн барив
2014.03.25

Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл өргөн барив

Засгийн газраас санаачлан боловсруулсан “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх өнөөдөр /2014.03.25/ Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Өргөн уудам нутагтай, эрс тэс уур амьсгалтай, хүн амын нягтаршил бага, тархан суурьшсан манай улсын нийгэм, эдийн засагт авто замын тээвэр чухал үүрэгтэй. Манай улс 1999 онд Авто тээврийн тухай хууль баталж, энэхүү салбарын эрх зүйн орчинг зохицуулж иржээ. Тэр үеэс хойш улс орны нийгэм, эдийн засаг өргөжин тэлэхийн хэрээр авто замын тээврийн үйлчилгээ улам бүр нэмэгдэж, 2013 оны байдлаар улсын хэмжээний нийт ачаа тээвэрлэлтийн 57, зорчигч тээвэрлэлтийн 98.7 хувийг гүйцэтгэжээ. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нийт 673106 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэний 431938 нь суудлын автомашин байгаа аж. Харин нийт автомашины 76 хувь нь арваас дээш жил ашиглагдаж байгаа бөгөөд сүүлийн таван жилийн статистик мэдээгээр жилд дунджаар 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл импортлогдож улсын бүртгэлд бүртгэгддэг байна.

Сүүлийн үед авто замын тээврийн салбар дахь зохицуулалтгүй тээвэр далд эдийн засгийг дэмжих механизм болж хувирсан, жолооч нарын ур чадвар, хариуцлага, сахилга, техникийн мэдлэг, хөдөлгөөний соёл дутмагаас зам тээврийн осол буурахгүй байгаа, түүнчлэн авто замын тээврийн үйлчилгээний стандартыг шинэчилж боловсронгуй болгох зэрэг шаардлагын үүднээс энэхүү бодлогын баримт бичгийг санаачлан боловсруулжээ.

Бодлогын баримт бичигт авто замын тээврийн эрх зүйн орчин, авто замын тээврийн бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, боловсон хүчин, бүх төрлийн зорчигч тээвэр, суурин газрын нийтийн зорчигч тээвэр, улс, хот хооронд болон дамжин өнгөрөх ачаа тээврийн бодлого, тээврийн аюулгүй байдал, техник, технологийн бодлого зэргийг тусгажээ