Залуучуудын хөгжлийн төлөө хамтарч ажиллана
“Дэлхийн зөн” ОУБ-аас 2013-2017 онд хэрэгжүүлэх таван жилийн стратеги төлөвлөгөөндөө өсвөр залуу үеийнхнийг чадваржуулах зорилт дэвшүүлсэн байна.
Энэ зорилтын хүрээнд энэ сарын 17-19-нд Монгол орны 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл бүхий 230 гаруй залуусыг хамруулан “Хөгжлийн төлөөх залуусын оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү чуулга уулзалтанд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат урилгаар оролцож, “Хөгжлийн төлөөх залуусын оролцоо” сэдвээр илтгэл тавьлаа.
Чуулга уулзалтын зорилго нь Монгол улсад залуучуудад зориулсан бодлогыг боловсруулах, санал санаачилгыг бий болгох, хөгжлийн төлөөх залуучуудын санал санаачилгыг дэмжиж, тогтвортой үйл ажиллагаа явуулах, залуучуудын мэдлэг туршлагад үндэслэн тэдэнд тулгарч буй бодит асуудал болон амжилтуудыг тодорхойлон гаргах юм байна.
МЗХ болон “Дэлхийн Зөн” ОУБ-ын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт уулзаж хүүхэд залуучууд, нийгмийн хөгжлийн төлөө хамтран ямар үйл ажиллагаа явуулж, аян өрнүүлэн, хөтөлбөр хэрэгжүүлж болох талаар санал солилцсон юм. Дээрх гурван өдрийн арга хэмжээ нь МЗХ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдаж байгаа тул цаашид залуучуудын хөгжлийн чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллахаар болжээ.