“Хүүхдийн төлөөх төсөв” гарын авлагыг олон нийтэд танилцууллаа
Өнөөдөр Төрийн ордны Б танхимд “Хүүхдийн төлөөх төсөв” гарын авлагыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Христофер Стюарт, Японы хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Мицуаки Тоёода, УИХ-ийн гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван нар оролцлооо.
“Хүүхдийн төлөөх төсөв” нэртэй гарын авлагыг Хүүхдийг Ивээх Сангаас “Улс, орон нутгийн төсөвт хүүхдүүд дүн шинжилгээ хийх нь” төслийнхөө хүрээнд боловсруулан нийтэлсэн юм. Монгол Улсын болон орон нутгийн төсвийн талаарх ойлголтыг хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр өгч буй энэ номонд төсвийн талаарх мэдээллийг хаанаас хэрхэн авах, төсвийг хэрхэн бүрдүүлж, хуваарилдагийг тайлбарлажээ.
“Хүүхдийн төлөөх төсөв” гарын авлагыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ
Мөн хүүхдэд чиглэсэн төсвийн хуваарилалтад шинжилгээ хийх энгийн аргуудыг жишээ дасгалуудын хамт анх удаа танилцуулсан нь энэ гарын авлагын онцлог болж байна. Арга хэмжээнд цугласан 70 гаруй төлөөлөгч хүүхдүүд тэдэнд тулгамдсан асуудлаар улсын төсөвд оруулах өөрсдийн саналаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХТҮГ-ын дэд дарга Т.Энхтайван нарт гардуулж өглөө.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцогч хүүхдүүдэд хандан засгийн газрын гишүүд хүүхдэд хандсан төсөвт харамч ханддаг, хүүхэд байгаагүй, хүүхэдгүй юм шиг онцын шаардлаггүй барилга, хөшөө барихад хөрөнгө оруулалт хийдэг, хүүхдийн хөгжил, оролцоонд бараг зарцуулдаггүй гэж хэлээд, цаашид УИХ-дахь эмэгтэй гишүүдийн хувь нэмрийг хүүхдийн төлөө хөрөнгө оруулалт төсөвт, анхаарах шаардлагатай гэж хэллээ.