Ерөнхийлөгч нурууны мэс засалд орно гэв
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг хүлээн авч уулзах үеэр өөрийгөө эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тухайгаа ярьсан билээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн биеийн байдал одоо ямар байгаа вэ. Хагалгаанд орох шаардлагатай гэж байсан. Юуны хагалгаанд орох юм бол?
-Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа. Намар НҮБ-ын хуралд оролцох үедээ нарийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээгээр Ерөнхийлөгч нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн онош гарсан юм. Монголын уламжлалт цагаан сар, Сочигийн өвлийн олимпийн нээлт, мөн улс орны цаг алдалгүй шийдвэрлэх бусад асуудлууд давхцаж байсан учир мэс засал хийлгэх хугацааг хойшлуулах шаардлага гарсан.
-Ерөнхийлөгч хаана мэс засал хийлгэх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь хоёр ч удаа Монголдоо мэс засал хийлгэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ удаад Япон улсад мэс засал хийлгэхээр төлөвлөж байна.
-Энэ нь хүнд хагалгаа юу. Хэзээ Японыг зорих вэ?
-Нуруу нугасны мэс засал нь дотроо олон төрөл, хүнд мэс заслуудын тоонд ордог. Ерөнхийлөгчийн онош бол гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг. Заавал мэс заслын аргаар эмчлэгддэг өвчин. Хүнд хагалгаа гэж ойлгож болно. Ирэх долоо хоногоос Япон руу явахаар төлөвлөсөн байгаа.