Халх голын дайны ялалт 75 жилийн ойдоо хүрлээ
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.03.03

Халх голын дайны ялалт 75 жилийн ойдоо хүрлээ

Монголын дорнод хил Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан.

1939 оны Халх голын дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож буй. Уг дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр ойн арга хэмжээг ирэх наймдугаар сард тэмдэглэхээр Засгийн газар шийдвэрлэв.

Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Шадар сайд Д.Тэрбишдагва ахлах бөгөөд бүх шатны Засаг дарга нар дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажил зохион байгуулна. Энэ хоёрдугаар сарын байдлаар Халх голын дайнд оролцсон 45 ахмад дайчин амьд сэрүүн байдаг аж. Ойн хүрээнд шат шатны уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн зохион байгуулах юм. Мөн Монгол- Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлана.

Дайнд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар, БНМАУ- ын баатар Ц.Олзвой нарын мэндэлсний 100 жилийн ойг тус тус орон нутагт нь тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2014" цэргийн хээрийн сургуулийн төгсгөлийн ажиллагааг ойн баярын арга хэмжээтэй давхцуулан Дорнод аймагт хийхээр шийдвэрлэсэн.

Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад манай ард түмэн хэрхэн тэмцэж ирснийг өнөө үеийнхэн ойлгох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын оюун санааны дархлаа болох аж.