Ц.Оюунгэрэл: Бид уугуул иргэдийн эрхийг л хамгаалах гэсэн юм
Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар санаачилсан нь шуугиан тариад байна. Өнгөрсөн сард УИХ-д барьсан уг төслийн талаар УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс тайлбар авлаа.
-Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг яагаад санаачлах болсон бэ?
-Зайсангийн тусгай хамгаалалттай газраас зарим айлын газрыг чөлөөлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг бид боловсруулсан. Зайсанд амьдардаг 600 гаруй өрх газрын зөвшөөрөлгүйгээс болж, хөөгдөөд байгаа. “Та нар тусгай хамгаалалттай газарт амьдарч байгаа учраас газраа чөлөөлөх ёстой” гэсэн улаан канттай мэдэгдэх хуудас авсан айлууд өнгөрсөн өвөл нэлээд олноороо хөөгдсөн. Тэдгээр иргэд Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүддээ хандсан л даа. Тэр үед УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёр хамтарч иргэддээ өмгөөлөгч хөлсөлж авч өгөөд, өмгөөлөгчдийн тусламжтайгаар иргэд хашаандаа үлдэж, амьдрах эрхээ түр баталгаажуулж авсан. Улаанбаатарын аль нэг хэсэгт амьдарч байгаа иргэд газраа чөлөөлөх боллоо гэхэд нөхөн олговор авдаг. Гэтэл Зайсанд болохоор нөхөн олговор олгохгүй. Яагаад гэвэл тэд тусгай хамгаалалттай газарт амьдарч байгаа учраас газар өмчлөх зөвшөөрөл аваагүй. Тэдэнд зөвшөөрлийг нь өгдөггүй. Хэдийгээр аав, ээжийнхээ амьдарч байсан газарт амьдарч байгаа ч тэдэнд газрын зөвшөөрөл авах эрхийг нь анхнаасаа өгөөгүй. Тэр хүмүүс газраасаа хөөгдөөд явахад эрхээ хамгаалах боломжгүй, амьдралын баталгаагүй хоцрох болж байна. Тиймээс иргэд бидэнд хандаж, эрхийг минь баталгаажуулж өгөөч гэж хүсээд байгаа юм.
-Тэгэхээр энэ асуудлыг шийдэх гарц нь дээрх тогтоолын төсөл санаачлах явдал байв уу?
-Бид Монголд ийм байдалд орсон айлууд байдаг болов уу, байвал хэрхэн шийддэг юм бол гэж судалж үзлээ. Тэгсэн Хөвсгөл аймгийн Ханх суманд айлууд яг тийм байдалд орсон байжээ. Хатгал, Ханхыг аялал жуулчлалын бүс болгож, газрыг дархан цаазтай хэвээр нь үлдээнэ. Зөвхөн аялал жуулчлалын компани барилга барьж болно, айл гэр бол байж болохгүй гээд хөөсөн тохиолдол гарсан юм билээ. Тэр үед энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцээд тухайн хүний амьдарч байсан орон нутгийг тусгай хамгаалалттай газар нутгаас бүрмөсөн чөлөөлсөн байна. Оршин суугчид энэ газар нутагтаа олон жилээр амьдарснаа нотолбол тусгай хамгаалалтаас нь чөлөөлөх ийм жишиг байсан. Бид яг тэр жишгээр Зайсангийн айлуудын асуудлыг шийдэхийн тулд уг тогтоолын төслийг боловсруулсан.
-Зайсангийн айлууд заавал тэр газартаа амьдарна гэсэн хэрэг үү. Газраа байраар сольдог жишиг тогтоод байх шиг байна?
-Иргэд газраа л өмчлөх туйлын хүсэлтэй. Бид айл болгоноор орж судалгаа хийн, зургийг нь авч, хүмүүстэй уулзаж явахад бүгд “Энд манай аав, ээж амьдарч байсан” гэдэг. Тэр айлуудын эргэн тойронд аль эрт газар өгөөд том том байшингууд барьчихсан байхад, тэд эрх мэдэлгүйгээсээ хөөгдөөд сууж байна.
-Энэ тогтоолын төслийг УИХ-д хэзээ өргөн барьсан бэ?
-Есдүгээр сарын эхний долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх байх. Дээрх төсөлд хамруулсан 600 гаруй айл байнга хөөгдөж байдаг айлууд. Газраа чөлөөлүүлсэн хүмүүс тэндээ орон байраа барих, амьдрах эрхтэй болдог нь дэлхий нийтэд байдаг түгээмэл эрх юм байна. Энэ нь ганцхан Улаанбаатарт, Зайсанд тохиолдсон хэрэг биш. Жишээлбэл, АНУ-ын үндэсний 20 парк дотор ийм чөлөөлөгдсөн хэсгүүд байдаг юм билээ. 1000 га ойг хамгаалалтад авахад тэр ой дотор ганц айл үе удмаараа амьдарч байж л дээ. Тиймээс тэр айлыг ойгоос нь хөөхгүйгээр газартай нь үлдээсэн. Үүнийг Grand fathers low буюу Өвөг эцгийн хууль гэж нэрлэдэг. Таны өвөө энд амьдарч байсан бол та энд амьдрах эрхтэй гэсэн утгатай хууль. Харин хувьчилж өгсний дараа тэр газрыг улс худалдаад авч болно шүү дээ. Зайсангийн газрыг улс худалдаж авахгүй, нөхөн олговор олгохгүй хэр нь хөөгөөд байгаа нь Өвөг эцгийн хуулийг зөрчөөд байна. Тиймээс иргэд бидэнд хандсан юм.
-УИХ-ын сонгуулиар Л.Болд сайд та хоёр иргэдэд газрыг нь өмчлүүлнэ гэж амласан байх аа?
-Тийм ээ. Бидний нэр дэвшиж сурталчилсан гол асуудал энэ шүү дээ. Бид иргэдийн газрын маргааныг шийдэж өгнө гэж амласан. Зайсангийн газрын маргаан 1995 оноос хойш яригдсан юм билээ. Улсын тусгай хамгаалалттай газрыг тогтоох үеэс эхлээд тэнд амьдарч байсан хүмүүс “Газраа булаалгамааргүй байна, бидний газрыг өмчлүүлж өгөөч” гэсэн хүсэлт тавьсаар өдийг хүрч. Түүнээс хойш УИХ-ын таван сонгууль дараалан гишүүддээ ханджээ. “Олон удаагийн сонгуулиар шийдэж чадаагүй асуудлыг чинь бид шийдэж өгье. Тиймээс та нар биднийг дэмжээч ээ” гэж ил хэлээд өрсөлдөж, сонгогдсон шүү дээ. Тэгээд үүнийг соёлтой орнууд яаж шийддэг, манай улс яаж шийдсэн, тэр аргаар нь л шийдвэрлэхээр төсөл боловсруулсан хэрэг.
-Тусгай хамгаалалттай газар нутагт өндөр үнэтэй орон сууцны олон хороолол баригдсан. Зайсангийн иргэдийн газар тийм замаар орох вий гэсэн хардлага байна?
-Зайсанд баригдсан сүүлийн үеийн барилгуудын газраас нэг ч хэсэг газрыг бид тогтоолынхоо төсөлд оруулаагүй. Өөрөөр хэлбэл, тэр хүмүүс тусгай хамгаалалттай газар дээр маш өндөр татвар төлөөд амьдарч байгаа. Улаанбаатар хотод тусгай хамгаалалтын бүсэд газар авсан хүмүүс бүгд тусгай хамгаалалттай газрын ханшаар татвараа төлдөг юм билээ. Тэр асуудалд бид огт оролцохгүй. Зөвхөн Зайсангийн уугуул иргэдийн эрхийг хамгаалаад өгөөч гэсэн тогтоолын төсөл юм. Уугуул иргэдийн амьдарч байгаа газар нь тэндхийн барилгажсан талбайтай харьцуулахад маш бага. Энэ хүмүүст оршин суух газар нь л хэрэгтэй байгаа. Тэнд олон хүүхэдтэй өрхүүд, нэг хашаандаа олон өрхтэй айлууд ч бий. Ямартай ч бид иргэддээ газар эзэмших эрхийг нь өгөх ёстой. Үүний дараа зохих хязгаарлалтыг нийслэл тавьж болно.
-УИХ-ын сонгуулийн дараа Яармагийн газрыг хувьчлах гэж байна гэсэн дуулианаар иргэд баахан үймээн дэгдээснийг Л.Болд сайд Та хоёртой холбон тайлбарлах хүн ч байсан?
-Тэр бол өдөөн хатгалга байсан шүү дээ. Долдугаар сарын 1-нийх шиг үйл явдлыг долдугаар сарын 2-нд хийх гэж оролдсон гэж би үзэж байгаа. Бүх хүнд “Оюунгэрэл, Болд хоёр Яармагт газар өгч байна.Очиж газраа аваарай” гэсэн мессеж ирсэн. Тэр худал цуу тараасан мессеж нь надад хүртэл ирсэн. Тэгэхээр зориудаар эмх замбараагүй байдал бий болгох гэсэн явуургүй арга байсан.