Л.Энх-Амгалан: Засгийн газар ач холбогдлоо эрэмбэлэхгүй, аар саархан зүйлээр оролдоод байна
УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалантай эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Валютын ханш өсч, бараг 1800 төгрөгтэй тэнцэх гэж байна. Эдийн засагч хүний хувьд та энэ байдалд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Манай улс экспортын бүтээгдэхүүн, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж болон алтнаас валютын нөөцөө бүрдүүлдэг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын экспортыг дэмжих бодлого нь тодорхой бус байна. “Оюутолгой” болон Таван толгой”-гоо хөдөлгөж чадсангүй. МАН-ыг эрх барьж байхад нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар нийлүүлэх муу гэрээг “Чалко"-той хийлээ гэж шүүмжилдэг байсан. Гэтэл өнөөдөр түүнээсээ ч дор, ердөө 40 ам.доллараар нүүрсээ гуйж өгч байна, тэдэнд.
Үүнээс гадна манай экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр буюу Австрали, Орос болон Индонез улстай өрсөлдөх чадваргүй болчихлоо. Тээвэрлэлтийн зардал нь нэг тонн нүүрсний 30,40 хувьтай тэнцэж байна. Өрсөлдөх чадвартай болохын тулд тээвэр ложистикийн асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл яагаад төмөр замын царигийн асуудлыг УИХ- ын чуулганаар хэлэлцэхгүй байгаа юм бэ. Хувийн хэвшлийн барьж байсан төмөр замыг төр хурааж авсан. Гэтэл өнөөдөр өөрсдөө юу хийж байна вэ гэдэг нь харагдахгүй байна шүү дээ.
-Намрын чуулганаар хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Энэ хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ, түүнийгээ дагаад валютын нөөц ч бүрдэнэ гэж байсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль үр дүнгээ өгөхгүй байна уу даа?
Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж, алтны татварыг 2.5 хувь болгож буурууллаа.
-Санал нэг байна. Уг нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийг баталсан. Хууль батлагдаад долоон сарын нүүр үзэж байхад өнгөрсөн долоо хоногт л дагаж мөрдөх журам нь гарлаа. Энэ байдлаас харахад Засгийн газар маш удаан ажиллаж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж, алтны татварыг 2.5 хувь болгож буурууллаа.
Өмнө нь таван хувь байсан татвар шүү дээ. Хууль батлагдаад алт тушаах нь нэмэгдэж, валютын нөөц нэмэгдэнэ гэж ярьж байсан ч, тийм зүйл огт болсонгүй. Өөрөөр хэлбэл валютын өсөлтийг хязгаарлах бодит арга хэмжээнүүдийг Засгийн газар авсангүй.
-УИХ-ын даргын захирамжаар эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байсан. Та тэр ажлын хэсгийн нэг гишүүн. Та бүхэн дүгнэлтээ гаргаж, УИХ-д төслөө танилцуулсан уу?
-Ажлын хэсэг өнөөдрийн энэ нөхцөл байдлаас гарах арга замыг нь тодорхойлсон. Авах арга хэмжээг тодорхой болгоод Засгийн газарт даалгавар өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тэд юу ч хийсэнгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард байгуулагдсан манай ажлын хэсэг валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийг идэвхижүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан.
Гэтэл Засгийн газар түүнийг эргүүлэн УИХ- д оруулж ирсэнгүй. Засгийн газар эхлээд юунд анхаарлаа хандуулах ёстойгоо мэдэхгүй байна. Ач холбогдлоор нь эрэмбэлэх юм бол эдийн засгийн өсөлтөө хадгалах, валютын ханшаа тогтвортой байлгах гээд чухал асуудлууд байхад аар саархан зүйлээр оролдоод байх юм.
-Удахгүй хуралдах ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Энэ үеэр эдийн засгийн энэ байдлын талаар ярилцах болов уу. Эсвэл зөвхөн царцаасан барилгуудын асуудлыг л хэлэлцэх үү?
-Бид 2013 оны төсөвтөө тодотгол хийсэн. Анх долоон их наядын орлого олно гэж төлөвлөсөн ч тодотголоор таван их наяд болгож бууруулсан. Гэтэл тэр таван их наядаас нь дахиад 300 тэрбум төгрөг тасарчихлаа. Ингэснээр өнгөрсөн онд төсвийн тодотголоор хийгдэх гэж байсан хөрөнгө оруулалтын их үүсвэрүүд дутна. 2013 оны төсвийн гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт нь 17-18 хувьтай байна гэсэн бол эцэстээ 12 хувьтай гарчихлаа.
Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт найман хувьтай байна гэсэн бол 12.5 хувьтай гарлаа. Гадаад худалдааны бланс алдагдалтай, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихсан. Эдийн засаг өөрөө агшчихлаа шүү дээ. Энэ бол олон хүмүүс ажлын байргүй болно гэсэн үг. Иймд цаг алдалгүйгээр УИХ- ын ээлжит чуулганыг зарлах ёстой. Өнгөрсөн намар ээлжит бус чуулган зарлаад тодорхой үнэлэлт дүгнэлтүүд өгөөд, гадаадын хөрөнгө оруулалт буурсан учир эрх зүйн орчныг сайжруулахаар хуулийг нь баталсан. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг боомилоод байсан тодорхой салбаруудын хязгаарлалтыг хүчингүй болгосон. Энэ мэтчилэнгээр цаг алдалгүйгээр арга хэмжээ авах ёстой. Гэвч Засгийн газар бодлогын алдаагаа удаан засч байна.
-Хөрөнгө оруулалтыг нь царцаагаад байгаа 240 гаруй обьект дээр хийсэн аудитын дүгнэлт та нарын гар дээр ирсэн үү?
Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт найман хувьтай байна гэсэн бол 12.5 хувьтай гарлаа.
-Ирээгүй байгаа. Намрын чуулган завсарлахаас өмнө УИХ- д өргөн барих ёстой байсан. Гэвч 240 обьектын асуудлыг яаж шийдэхээ Засгийн газар тодорхой болгоогүй байна. Тиймээс манай намын бүлэг ээлжит бус чуулганыг цаг алдахгүй хуралдуулж, төсвийн тодотголоо яръя гэж байгаа юм.
-Валютын өсөлтөөс болоод 300-аад аж ахуйн нэгж хаалга барилаа. Энэ бүхнээс гарах ямар арга зам байна вэ?
-Төсвийн орлого татвар төлөгчдөөс бүрддэг. Арилжааны банкууд дээр аж ахуйн нэгжүүдийн зургаан их наяд төгрөгийн зээл байна. Үүний 30 хувь нь ам.доллараар авсан зээл. Гэтэл ам.долларын өсөлтөөс болоод муу зээлийн тоо нэмэгдсэн. Энэ нь эргээд эдийн засагт сөрөг нөлөө авчирч, олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүргэсэн. Тиймээс энэ байдлыг даван туулах арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.