Л.Гантөмөр: Оюутнуудын төлдөг сургалтын төлбөр юунд зарцуулагдаж байгааг хянана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгын дор зарим төрийн байгууллага, яамд, агентлагууд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа өөрчилж, “ухаалаг төр рүү” тэмүүлэх болсон.
Энэ аянд ч гэсэн БШУЯ нэгдээд байгаа бөгөөд боловсролын салбарт тодорхой өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Тэгвэл гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар салбарын сайд Л.Гантөмөр чамгүй олон зүйлийг ярьжээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн ухаалаг төрийн талаархи энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө манай салбар тодорхой хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Хамгийн эхэнд ил тод, нээлттэй байдлыг хангах ёстой бөгөөд үүнд онлайн системийг нэлээд хөгжүүлэх нь чухал. Ил тод байдалд удирдлагын гаргаж буй шийдвэр, олон нийтийн санаа бодлыг хүлээж авах нь нөлөөлнө.
Ингээд шилэн данс гэдэг шиг шилэн түрийвчний системийг нэвтрүүлэх юм.
Ингэснээр их, дээд сургуулиудын орлого, зарлагыг тодорхой болох, оюутнуудын төлдөг сургалтын төлбөр юунд зарцуулагдаж байгааг хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, засаглалын шинэчлэл их тодорхой болно. Яваандаа аливаа чухал шийдвэрийг ганц, хоёрхон хүн гаргачихдаг биш, нийтээрээ хэлэлцэн шийдэх боломж нээгдэх юм.
Мөн хамгийн чухал асуудал бол Ерөнхийлөгчийн хэлдгээр ухаалаг төрийн анхаарал зүйл нь боловсролын салбарыг удирдаж байгаагийн хувьд, эрх мэдлийг доош нь шилжүүлэхэд анхаарах юм.
Үүнд багш, сургуульд боловсролын салбарын эрх мэдлийг олгох талаар ойлгож болно. Бидний хамгийн гол хийсэн ажил бол багшийн хийсэн ажлыг цаасаар биш, хүүхэд бүрийн хөгжлөөр дүгнэдэг боллоо. Мөн боловсролын салбарын эерэг мэдээллийн сан бий болгохыг зорьж байна.
Хүүхдийг зэмэлдэг, хасдаг хандлагыг халж, хүүхдийн амжилтыг дэмждэг, магтдаг болсноор боловсролын салбарт хамгийн чухал сургалтын арга зүйн хандлага нь өөрчлөгдөж байна.
Ухаалаг байх ийм л шийдэлд тэмүүлж, алсыг харах юм. Хамгийн гол анхаарах цэг нь бол манай салбарт шинжлэх ухаан гэж тодорхойлж байгаа. Жил бүр Нобелийн шагналтан төрдөг шүү дээ. Одоо бэлтгэгдэж байгаа хүүхдүүд ийм л технологийн дэвшилтэй, амьдрахад таатай орчинд байх ёстой. Үүний зэрэгцээ бид Нобелийн шагнал хүртэх хүүхэд болгохын төлөө зорьж ажиллана. Бид шинжлэх ухаанаа яавал дэлхийн тэргүүлэгч болох вэ гэдэг бодлого дээр сууж байна” хэмээн ярьсан байна.