О. Баасанхүү: Өршөөлийн хуулийг АН-ын бүлэг гацаагаад байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.01.14

О. Баасанхүү: Өршөөлийн хуулийг АН-ын бүлэг гацаагаад байна

УИХ-ын гишүүн О. Баасанхүүгээс Өршөөлийн хуулиийн талаар санаа бодлыг нь сонслоо.

 -Өршөөлийн хуулийг батлах хэрэгтэй гэж үздэг хууль тогтоогчдын нэг бол та. Нийгэмд ч хүлээлт байх шиг байна. Яагаад хойшлоод байгаа юм бол?

 -АН-ын бүлэг л хойшлуулаад байна шүү дээ. Нэгдсэн  том шорон бариад түүнийгээ дүүргэх шаардлагатай болоод тэр юм байлгүй дээ. Ер нь бол Гэмт хэргийн тухай хууль гарсны дараа  Өршөөлийн хуулийг гаргах нь оновчтой гэдэг тайлбар хэлээд байгаа. Анх энэ хуулийн төслийг санаачлахад  Н. Энхбаярт зориулсан хууль гаргах нь гэж баахан баалсан.

Бид Н. Энхбаяр гэдэг хүнд огт хамаагүй гэж  гэдгийг баталж чадсан. Одоо АН-ынхан хэлэх үггүй болсон. Ер нь бол энэ хуулийн төсөл дээр “Шударга ёс” эвслийн бүлэг санаачлагатай ажилламаар байгаа юм. Огт дуугарахгүй байгааг нь би буруушааж байгаа.

 -Хэрэг хийгээд хэдэн жил сууж байтал Өршөөлийн хууль гараад суллачихна биз гэдэг ойлголт хар масст төрөхөөс олон хүн эмзэглэж байх шиг. Ер нь Өршөөлийн хууль ойр ойрхон гарах нь хэр зөв бэ?

 -Захиалгаар хэрэг хүлээлгэж байгаа тохиолдолд ингэж бодож болно. Ер нь хэрэг хийгээд шоронд ороё гэдэг бодолтой хүн байхгүй гэж би боддог. Төрийн хүчирхэг шинж нь өршөөдөг, уучилж чаддагт оршдог гэж би боддог.

 -3000 гаруй хоригдол суллагдахаас ард нийт түгшиж байна шүү дээ?

 -Хоригдол ч гэсэн хүн. Хүн хүнээсээ айгаад яах вэ дээ.

 -Эрүүгийн нөхцөл байдал хүнд үед Өршөөлийн хууль шаардлагагүй гэж үзэх хуульчид ч байна.

 -Би эрүүгийн нөхцөл байдал дээр судалгаа хийж үзсэн. Зам тээврийн гэмт хэрэг л өссөн байна лээ. Ийм олон хүнтэй, тэгээд камержуулалтын систем муутай оронд авто тээврийн гэмт хэрэг өсөхөөс биш яах вэ дээ. Камержуулалтын системийн тендер будлиантай болсон. Түүнээс болоод чанар муутай камер тавигдсан гэж би үздэг.