Ц.Оюундарь Н.Батбаяр сайдад хамгийн муу үнэлгээг өглөө
АН-ын генсек Ц.Оюундарь шинэчлэлийн гэх тодотголтой засгийн газар, огцруулах асуудлаа арай гэж давсан сайд нарын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
2013 оны сүүлийн өдрүүдэд АН-ын хувьд хүндхэн болж өнгөрсөн. Генсекийн хувьд хэцүүхэн асуудлуудыг шийдэх, АН-ыг муухай харагдуулаад байсан тэмцэл, өлсгөлөнг зогсоох гээд хот хөдөөгийн хооронд нэлээд хэд давхив. Ямар боловч хэд хэдэн удаагийн оролдлгоор Дархан-Уул аймгийн өслгөлөн зарлаад байсан АН-ын гишүүдтэй зөвшилцөж тэмцлийг нь зогсоож чадсан.
Мөн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд огцруулахаар санал оруулаад байсан сайд нарыг авч үлдэхийн тулд АН-ынхан бүхий л аргаа хэрэглэж авч үлдэж чадсан. Энэ бүгдэд намынхаа гол тогоог барьж байгаа генсекийн үүрэг оролцоо чухал. Эмэгтэй генсекийн хувьд энэ бүгдэд шунтрахгүй, бүдрэхгүй байхын төлөө ажиллана гэж ярьж байна.
Сөрөг хүчнийхэн байн байн сайд нарыг огцруулах, Засгийн газрыг огцруулах саналыг тавих болно. тэр бүгдийг эсэргүүцэх чадвартай, бэлтгэлтэй байх ёстой. 1,8 -хан сар ажиллах чадвартай Засгийн газрыг тогтвортой ажиллуулж урт хугацааны томоохон төслүүдийг эхлүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал АН дараагийн сонгуулийн салхинд хийчихгүй гэсэн бодолтой явгаа ч нуугаагүй байна.
Харин огцруулах асуудалтай нүүр тулсан хоёр сайдын хувьд түүний бодол нэлээд хатуу байгаа бололтой. Тэрээр "Засгийн газар төгс сайн ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй. Эдийн засгийн хүндрэлүүд байна. Дээр нь шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам яаж ажиллах арга хэлбэрээ одоо хүртэл сонгоогүй. Энэ нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд таагүй санагдаж байгаа нь үнэн.
Гэхдээ өнөөдөр хамгийн чухал нь улс орны тогтвортой байдал. Тиймээс болохгүй байгаа сайд нарыг болж байна гэж хамгаалаад байгаа юм биш, тогтвортой байх гэдэг ерөнхий эрх ашгийнхаа үүднээс хамгаалж үлдсэн. Харин энэ нь том сануулга. Тухайн сайд, яам нь үүнээс том сургамж авч ажлаа сайжруулах хэрэгтэй. Н.Батбаяр сайд багаар ажиллаж чадахгүй, харилцаа холбоо муутай, шинжлэх ухаан ч бус байгаа нь таатай сайхан харагдахгүй байгаа нь үнэн. Гэвч гар нь бохир заваан байна гээд тайрч хаяж болохгүйтэй адил алдаа дутагдлыг нь засаад аваад явах ёстой" гэжээ.
Тэгэхээр АН-ын генсекийн хувьд шинэчлэлийн Засгийн газарт тааруу дүн тавьсан нь тодорхой. Тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хангалтгүй үнэлгээ өгөөд байна. 2014 онд Эдийн засаг хөгжлийн яам үр дүнтэй ажиллахгүй бол сөрөг хүчний бус өөрийн нөхдийн шүүмжлэлийн салхинд хийчих бололтой.