Засгийн Газрын буруу бодлогоос болж Монголын эдийн засаг хүндэрлээ
2013.12.24

Л.Энх-Амгалан: Монголын нэр хүнд унасны улмаас гадаадын хөрөнгө оруулалт багассан

Эдийн засаг хүндэрсэн нь дотоодын хүчин зүйлээс илүүтэй гадаад зах зээлийн нөхцлөөс үүдсэн гэсэн тайлбарыг Засгийн Газар өгсөн билээ. Харин  энэ нь бодлогын алдаатай холбоотой гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үзэж байна.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс өөр эдийн засгийн олигтой арга хэмжээ аваагүй. Хятадын нүүрсний хэрэгцээ буураагүй байтал манай нүүрсний экспорт эрс багасч, дөнгөж 15 сая тонныг борлуулсан нь Монголын Засгийн Газрын алдаа хэмээн эрхэм гишүүн ярьж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Монгол Улсын зээлжих зэрэглэл +В байснаа – В болчихлоо. Олон улсын байгууллагуудын Монгол улсын эдийн засагт тавьж байгаа бодит дүн ийм л байна.

Гадаадын зах зээлээс болж Монголын эдийн засаг хүндрээгүйг нотлох олон баримт бий. Харин Монголын төр буруу бодлогоосоо болж нэр хүндээ алдаж байна.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Экспортын гол таван бүтээгдэхүүний үнэ буурснаас болж орлого буурсан гэж байгаа ч үнэн хэрэгтээ Монголын уул уурхайн бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй болчихоод байна. Энэ бол зөвхөн бодлогын алдаатай л холбоотой.

Монголын нэр хүнд буурахын хэрээр гадаадын хөрөнгө оруулалт улам л багасана. Зарим судлаачид гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болсоноос болж монголын эдийн засаг нэг тэрбум долларын алдагдалд орсон гэж үзэж байна. Үүнийг засах бодлогыг Засгийн Газар хэрэгжүүлэхгүй байгаа нь шүүмжлэлд ихээр өртөж байна.