Н.Удвал сайд төрөх газраар зочлов
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн II амаржих газарт тус тус очин, шинэ оны эхний өдөр төрсөн эх, үрсдээ баяр хүргэж, бэлэг өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “өнгөрсөн жил хүн амын өсөлтийн хувьд хамгийн оргил цэг байлаа. Нийт төрөлтийн хэмжээ 1990-ээд оны түвшиндээ очсон, өндөр үзүүлэлттэй гарсан байна. Хүн амын өсөлт юун түрүүнд төрөлтөөс шалтгаална, мөн төрсөн хүмүүсээ эрүүл саруул байлгах нь хүн амын өсөлтөд хамгийн чухал нөлөөтэй.
Монгол улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрч чадаж байгаа ч үүнээс илүү бууруулах нөөц, бололцоо бий. Энэ жилийг Эрүүл мэндийн яамнаас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байгаа” хэмээн хэлсэн юм.
Нийслэлийн II төрөх эмнэлэгт 00 цагаас хойш 10 эх төрсөн ба 7 хүү, 3 охин мэндэлжээ. Клиникийн нэгдүгээр амаржих газарт 10.00 цагийн байдлаар долоон эх амаржиж, 3 хүү, 4 охин мэндэлсэн байна. Харин аймаг, нийслэлийн хэмжээнд урьдчилсан мэдээгээр 75 хүүхэд төрсөн байна. Мөн нэгдүгээр сарын нэгний 10.00 цагийн байдлаар Клиникийн III төрөхөд 18 хүүхэд, Орхон аймагт 9 хүүхэд төрсөн нь хамгийн олон төрөлттэй эмнэлгүүд болсон юм.