Эрүүл мэндийн сайд Н.Удвал дөрвөн ихэр төрүүлсэн эхэд баяр хүргэлээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар энэ сарын 22-23-нд шилжих шөнө дөрвөн ихэр хүүхдийг эсэн мэнд эх барилаа.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс тэднийг эргэн очиж, баяр хүргэлээ.
Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн нь манай улсын хувьд анхны тохиолдол гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Дөрвөн ихэр хүүхдийн гурав нь хүү, нэг нь охин. Одоогоор дутуу төрөлттэй байгаа учраас эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа юм байна.
Нялхсын биеийн байдал нэгээс бусад нь харьцангуй хэвийн, төрсөн эхийн биеийн байдал ч бас сайн байгаа гэнэ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар дөрвөн ихэр хүүхдийг амжилттай эх барьж авсан нь нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын хийж буй ажил үр дүнгээ өгч буйн томоохон нотолгоо боллоо гэдгийг салбарын сайд онцлов.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал дөрвөн ихрийн ээж дээр сагс дүүрэн цэцэг, төрсний дараах иж бүрдэл хэрэглэл зэргийг бэлэглэж, эрүүл энхийг хүсээд салбарын яамны зүгээс онцгойлон анхаарлаа хандуулахаа илэрхийлэв. Түүнчлэн үндэсний зарим компани дөрвөн ихэр хүүхдийн бүтэн зургаан сарын живхний хэрэглээг үнэгүй хангах эрхийн бичиг ч гардууллаа.
Харин Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн зүгээс эдгээр дөрвөн ихэр нярайд тус бүрд нь карт нээж өгч байна. Ингэснээр хүүхдүүд 18 нас хүртлээ тус төвөөр ямар нэгэн оочер дараалалгүй үйлчлүүлэх боломжтой болсон. Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаагийн хувьд одоо 23 настай. Хоёр дахь удаагаа төрж буй бөгөөд өмнөх хүүхэд нь одоо ой есөн сартай, охинтой юм байна.
Харин түүний нөхөр Ч.Баттулга энэ хавар Хууль сахиулах их сургуулийг дүүргэж, ажил амьдралын гараагаа дөнгөж эхлүүлээд байгаа аж. Амьдралаа дөнгөж эхлүүлж буй залуу гэр бүл ийнхүү дөрвөн ихэр хүүхэд, нэг охины хамт таван хүүхдийн ээж аав боллоо.
Дөрвөн ихэр хүүхдийн аав Ч.Баттулга
Ч.Баттулга: Баярын нулимс өөрийн эрхгүй унагасан
Бид Э.Хандаагийн нөхөр Ч.Баттулгатай цөөн хором ярилцсан юм.
-Энэ таны эхнэрийн хоёр дахь төрөлт гэсэн. Том хүүхэд нь одоо хэдэн сартай вэ, хүү юу охин уу?
-Том хүүхэд маань охин. Одоо ой есөн сартай. Эмээ дээрээ байдаг.
-Эхнэрийн чинь биеийн байдал сайн байна уу?
-Эхнэрийн биеийн байдал сайн байгаа. Эмч нар бүгд хараа хяналт, анхаарлаа сайн хандуулж байгаа.
-Дөрвөн ихэр хүүхдийн аав боллоо, сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Маш их догдолж байна. Үнэхээр баяртай байна.
-Хүүхдүүдийн биеийн байдал хэр байна вэ?
-Хүүхдүүдийн биеийн байдал дажгүй ээ, сайн байгаа. Эмч нар бүгд чадлаараа үйлчилж, анхаарал хандуулж байгаа. Эмч нартаа бас баярлалаа гэж хэлье.
-Анх суманд үзүүлэхэд хоёр ихэр гэж байснаа, сүүлд дөрвөн ихэр гэдэг нь мэдэгдсэн гэсэн?
-Харин тийм ээ. Эхлээд хоёр гээд. Дараа нь байж байгаад үзүүлсэн чинь гурав болоод, сарын дараа үзүүлсэн чинь дөрвөн ихэр байна гэсэн.
-Эсэн мэнд төрчихсөн байгаа дөрвөн ихэр хүүхдээ анх харсан сэтгэдлээсээ хуваалцаач?
-Өөрийн эрхгүй баярын нулимс унагасан даа. Хүүхдүүдийг маань эрүүл саруул бойжуулж, эмчилж байгаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нартаа маш их баярлаж байна.
-Та өөрөө ихрийн удамтай юу?
-Ээжийн талаасаа ихрийн удамтай.