25-р суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг
2013.12.23

Нүүрсний экспорт жилийн дотор 30 хувиар буурчээ

25-р суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт уул уурхайн яамны мэргэжилтнүүд болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож “Уул уурхайн нийгэм, эдийн засгийн нөлөөлөл” сэдвээр хэлэлцлээ..

Түүхийн нефтийн олборлолт, зах зээлийн нөхцөл байдал ямар байна?

Газрын Тосны Газрын дарга Г.Өлзийбүрэн:

Газрын тосны зах зээл сайжирсан. Энэ нь өнгөрсөн жил Монгол Улс туршилтын бус, үйлдвэрлэлийн олборлолт хийх зөвшөөрлийг өгч эхэлсэнтэй холбоотой. Үүнээ дагаад хөрөнгө оруулалт ч нэмэгдлээ. Бид 5,1 сая баррель нефть буюу 510 сая долларын борлуулалт хийх төлөвтэй байна. Улсын төсөвт ойролцоогоор 190 тэрбум төгрөгийн орлого оруулна. Мөн түүхий нефть олборлохоос гадна боловсруулах тал дээр ч ажлууд хийгдлээ. Энэ ажлын хүрээнд Хөх хотын боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллаж монгол 93 бензинийг зах зээлд нийлүүллээ.

Нүүрсний экспорт буурсаныг менежментын асуудалтай холбон тайлбарлаж болох уу?

Монголын Экспортлогчдын Холбооны тэргүүн Д.Галсандорж:

Монголын Экспортлогчдын Холбооны тэргүүн Д.Галсандорж

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уналаа. 2012 онд нэг тонн нь 95 доллар байсан бол энэ оны 11 сарын дунджаар 62 доллар хүртэл буурсан байна. Өөрөөр хэлбэл нэг жилийн дотор нүүрсний экспортын үнэ 30 хувиар буурсан гэсэн үг.  

Өнгөрсөн онд бид 20,5 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ онд экспортлох ёстой байсан 34 сая тонныхоо дөнгөж 18 саяыг экспортлох төлөвтэй байна. Энэ нь Тавантолгойн Хятадын Чалко компанитай хийх гэрээ таван сараар удааширч Зүүн Цанхиас нүүрс огт олборлоогүйтэй холбоотой. Харин Баруун Цанхиас дөнгөж 11 сараас ачилт хийгдэж эхэлсэн юм.

БНХАУ жилд хэдэн тонн нүүрс импортолдог вэ?

Уул Уурхайн Үндэсний Ассоциацын гүйцэтгэх Н.Алагаа:

Хятад улс хэдэн тонн эрчим хүчний нүүрс импортолдог гэдгийг би мэдэхгүй байна. Коксжсон нүүрсний хэрэгцээ нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж 70 орчим саяд хүрсэн. 1998 онд нэг тонн коксжсон нүүрс 40 доллар байсан бол Австралид үер болсоны дараа 290 долларт хүрсэн юм.Энэ нь зах зээлийн жам ёсны өсөлт биш байлаа. Гэтэл монголчууд угаас ийм үнэтэй гэж андуурсан. Түүнээс гадна бид Хятадын зах зээлийг нүүрсний маань нөөцийг ховх сорчих юм шиг санасан учир зөв үнэлж, өөрсдийн боломж гэж хараагүй.

Гэтэл одоо Монголын Хятадад зарах гэсэн нүүрс овоолоостой байна. Монголын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар чанар, далайд гарцгүй байдал, ложистик гэсэн гурван зүйлээс хамаардаг. Дээрх гурван хүчин зүйлийн хувьд бол Монгол хамгийн муу үзүүлэлттэй байна. Ухаа худгаас олборлодог коксжсон нүүрснээс бусад нүүрс бол эрчим хүчний нүүрс.

Эрчим хүчний нүүрсийг бидний экспортын төв болсон Хятадын Тяньшинь хүртэл тээвэрлэвэл бид алдагдалд ордог. Учир нь угаасан нүүрс 60 хувь, өндөр илчлэгтэй нүүрс 80 хувь, бага илчлэгтэй нүүрс бүр 103 хувийн зардал гаргах болно. Тиймээс бид өрсөлдөх чадваргүй болж байна. Гэтэл Австрали тээврийн зардал нь хямдын дээр нөөц ашигласны татвараа тэглэсэн учраас Хятадад экспорт нь буурахгүй байна.