2013.12.19

Аливаа бодлогын хэрэгжилтийг хуульчлах хэрэгтэй

Монголд урт хугацааны хөгжлийн бодлого байгаа эсэхэд хариулах хүн ховор байна. Гэтэл “Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэсэн маш зузаан баримт бичиг байдаг. Энэ баримт бичгийг олон нийтэд ойлгомжтой, тодорхой болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна.

УИХ дахь ардчилсан нам, МАН, “Шударга ёс” эвслийн бүлэг, бие даагчдын төлөөлөл орсон  нэр бүхий гишүүд хөгжлийн бодлогоо тодорхой болгож, цэгцлэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байна. Одоогийн баримт бичиг нь хэтэрхий дэлгэрэнгүй, тунхагийн шинжтэй заалтуудтай, мөн хэрэгжилтийг хэмжих хэмжүүр нь тодорхой биш гээд олон сул талтай байгааг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрсөн билээ. УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэх явцад хөгжлийн бодлогын бичиг баримтыг өөрчлөх асуудлыг хөндөнө гэж төсөл санаачлагчид хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

 Бид тодорхой, тогтвортой бодлоготой байх ёстой. Ийм бодлогыг үндэсний зөвшилцлийн хэмжээнд ярилцаж, нэг нэгнийхээ санаа бодлыг тусгаж батлах хэрэгтэй. Энэ бодлого урт, дунд, богино хугацаандаа харилцан уялдаатай баймаар. Зургаан сард бид Засгийн Газраас санал авч, ийм тогтоолыг санаачлаад УИХ-д өргөн барилаа.

Урт хугацааны хөгжлийн бодлоготой байх нь хэд хэдэн давуу талтайг судлаачид ярьдаг. Тухайлбал, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн Газар намын харъяаллаас үл хамаараад хөгжлийн бодлого тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бүрддэг. Хамгийн гол нь хаанаас хаа хүрэх гэж байгаагаа нийтээрээ мэдэж байх нь чухал гэж тогтоолыг санаачлагчид үзэж байна.

Манайхан сайхан бодлого гаргачихаад хэрэгжилтийг нь хянадаггүй дутагдалтай. Тиймээс бодлогын хэрэгжилтийг хуульчлах ёстой гэсэн саналыг Ерөнхийлөгч гаргасан билээ. Үүнийг ч бас УИХ-аар хэлэлцүүлнэ гэж төсөл санаачлагчид хэллээ.