2013.12.13

"Өрийн тухай хууль" УИХ-аар дэмжигдэхгүй бол Засгийн газар бонд гаргана

Хууль тогтоогчид улсын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьд хүргэхийг дэмжээгүй. Тиймээс Засгийн Газар ирэх жил бүтээн байгуулалтын хөрөнгөгүй болж, Монгол Банк долларт дөрлүүлж, төгрөгийн ханш улам унах болно. Харин Засгийн Газар “Өрийн тухай хууль”-аар энэ асуудлыг шийднэ гэж үзэж байна.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр манай улсын өрийн хэмжээ 4 тэрбум ам доллар буюу 17 их наяд хүрсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байна. Тиймээс бүтээн байгуулалт хийж чадахгүй, зээл авах боломжгүй болохоор доллар улам л чангарна гэсэн үг. Засгийн Газар энэ бүх эрсдлийг давж өрийн бичиг гаргахын тулд “Өрийн тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар ярилцаж эхэлжээ. Төлж барахгүй мөнгөн дүнг өр гэнэ, түүнээс биш зээл гэдэг бол өр биш гэсэн санаатай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Манай улс авсан бүх зээлээ хугацаанд нь төлж байгаа учраас өргүй улс мөн. Гэхдээ хуулийн өөрчлөлтийг сөрөг хүчин дэмжих эсэх нь тун эргэлзээтэй.

Ерөнхий Сайд Н.Алтанхуяг:

Би анх бизнесийн гараагаа эхлэхдээ 2500 доллартай байлаа. Энэ мөнгөөр би ашиг олоод эцэст өрөө төлсөн юм. Улс орны эдийн засгийг ч гэсэн үүнтэй адилтгаж болно. Ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгтэй.

УИХ-аас өр нэмэхийг хориглосон учраас Засгийн Газар хуулинд өөрчлөлт оруулах замаар өр тавих арга зам хайж байна. Бонд гэдэг бол монголоор “Засгийн Газрын өрийн бичиг” гэдэг болохоос “Засгийн Газрын зээлийн бичиг” гэсэн үг биш юм. Өрийн хуулийг аж ахуй нэгжүүдээр дэмжүүлэхийн тулд тэдэнд зориулсан заалтыг тус хуулинд оруулжээ.

Ерөнхий Сайд Н.Алтанхуяг:

Энэ хуулийн агуулгыг тодруулъя. Чингис бондын 1,5 тэрбум доллараас бид ноосны үйлдвэр, ноолуурын болон арьс ширний үйлдвэр гэх мэтчилэнгээр хувийн хэвшлүүдэд зээлдүүлнэ. Энэ зээлийг улсын өр гэж тооцож болохгүй. Тэд таван жилийн дараа ашгаа олоод буцаагаад төлчихнө.

Хэрэв баялаг бүтээгчдээр дэмжүүлээд ч хуулиа баталж чадахгүй бол Эдийн Засгийн Хөгжлийн сайд, Сангийн сайд нар  шууд бонд гаргахаар зэхэж байгаагаа мэдэгдлээ. Ингэвэл тэд хууль зөрчинө. Гэхдээ Сангийн сайд улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байхын оронд хоёр сайд хариуцлага үүрэх нь дээр гэж үзэж байна.